Ё.Отгонбаяр: Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй

access_time 2018-05-04

 

АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.

-АНУ болон Монгол Улсын хооронд эхний ээлжинд аль салбарт ямар ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Гуравдугаар сарын 28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэмжлэх жуух бичгээ барьж ажилдаа орлоо. АНУ-ын бизнес, боловсрол, судалгаа, худалдааны чиглэлийн байгууллагын хүмүүстэй уулзаж албан ажлуудаа ярьж байна. Яг одоогоор Монголд энэ онд зохион байгуулагдах Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын хүрээнд эх орондоо ирчихээд байна. Хоёр орны хооронд улс төрийн харилцаанаас бусад нь сайн хөгжсөн. Хоёр талд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд аль аль талдаа хүчин чармайлт гаргах шаардлага бий гэдэг асуудлыг ярилцсан. ТИймээс энэ чиглэл юу хийх вэ гэдэг асуудлыг ярилцах юм.

-Монголын талаас оёдлын салбараа дэмжиж оёмол бүтээгдэхүүн экспортод гаргахаар квот нь 1990-ээд оныхоор байгаа гэж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж, ярилцсан зүйл бий юу?

-Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний импортын тарифыг буулгах талаар АНУ-тай ярилцаж байгаа. Ингэхийн тулд Конгрессийн гишүүдтэй уулзаж, ярилцах хэрэгтэй байгаа юм. Яагаад гэвэл хууль батлагдаж байж энэ эрх баталгаажина. Энэ тал дээр идэвхтэй ажиллаж, очсоноосоо хойш Монголтой ойр байдаг, талтай ханддаг хэд хэдэн Конгрессийн гишүүдтэй уулзаж, ярилцлаа. Хамгийн гол Конгресс дэх Америк-Монголын парламентын бүлгэмийн хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр голлон анхаарч байна. Тэр бүлгэм маань хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэх юм.

-Хоёр орны хооронд ямар айлчлалууд төлөвлөгдөж байна вэ?

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар удахгүй АНУ-д айлчилна. Энэ айлчлалын үеэр Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт хийж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн нэмэгдүүлэхэд Засгийн газрын зүгээс хэрхэн хамтарч ажиллахаа хэлэлцэх юм. Энэ айлчлалын өмнө ихээхэн бэлтгэл хангах шаардлагатай. Өнөөдөр өглөө гэхэд би Америкийн худалдааны танхимынхантай уулзсан. Бусад айлчлалын талаар одоогоор дурдах боломжгүй байна.

-АНУ-ын Мянганы сорилын сангийн хоёрдугаар гэрээнд хэзээ гарын үсэг зурж, эцэслэхээр төлөвлөгдөж байна вэ?

-Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын хүрээнд Засгийн газруудын зүгээс бодлогын ямар алхам хийх вэ гэдгээ ярилцах юм. Хэдийгээр богинохон хугацаанд ажилласан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын айлчлал зохион байгуулагдаж. Энэ айлчлалаар Мянганы сорилтын сангийн тусламжийн асуудлыг хоёр талдаа харилцан эцэслэлээ. Засгийн газрын хуралдаанаар уг сангийн хоёрдугаар асуудал дэмжигдсэн. Энэ нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж яригдаж байгаа. Ойрын үед хийгдэх өндөр дээд хэмжээний айлчлалаар гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих бодит боломжийг хэрхэн бий болгоно гэж харж байна вэ?

-Хамгийн гол нь Монгол Улстай хамтарч бизнес эрхэлдэг, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэй ярилцаад үзэхээр бидэнд хоёр том дутагдал байна гэж харагддаг. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтворгүй байгаа нь сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Хоёрдугаарт, Монголын бизнес эрхлэгчид хэр бэлэн байна вэ гэдэг асуудал. Тэнд тогтчихсон дүрэм, зарчим дээр өөрсдийн дүрмээрээ очоод хамтран ажиллана гэвэл хүлээж авахгүй байх магадлалтай байна. Амжилттай яваа бизнесүүд ч байна. Гэхдээ илүү их өргөн боломж байгаа юм. Жишээ нь, Монголоос АНУ руу сурагч цүнх, аяны үүргэвч зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй оруулах боломжтой байдаг. Гэтэл үүнийг мэддэггүй, ийм төрлийн үйлдвэрлэл явуулдаггүй, Америкийн энэ чиглэлийн худалдаа эрхлэгч компаниудтай харилцаа холбоо тогтоохоор хайхгүй байна гэж АНУ-ын талаас хэлж байгаа юм. Энэ боломжийг нь бусад улсууд ашиглаад, Хятадтай хийдэг худалдаа эргэлтээс нь давчихаад байхад Монгол юу ч хийхгүй байгааг шүүмжилж байсан. Нэгэнт татварыг нь тэглэсэн, эрэлтийн орчин нь байхад тус улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломж байна. Иймэрхүү боломжуудыг хайж ажиллана даа.

-АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2В виза хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бидний зүгээс анхаарах зүйл юу байна вэ?

-Очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох шаардлагатай юм. Хэрэв аль нэг компани таныг бүртгэж авах бол танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексик гэж улсаас 100-хан ам.доллароор ажиллах хүч оруулж ирж болж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог гаргах талаар ажиллаж байна.

Эх сурвалж: medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549