САЙД Д.СУМЪЯАБАЗАР “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙГ ОРОН НУТАГТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

access_time 2018-05-08

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараар ахлуулсан ажлын хэсгийнхэн  зүүн бүсийн уурхайнуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан билээ. Энэ сарын 5-ны өдөр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-нд ажилласнаар үргэлжлэв.

Монгол Улсын газрын тосны хамгийн том хөрөнгө оруулалт хийж буй тус компани Дорнод аймгийн  Чойбалсан хотоос зүүн тийш 220 км-т орших Тосон-Уулын XIXталбайд 179 сая, Тамсагийн XXIталбайд 127.5 сая тоннын газрын тосны батлагдсан нөөцтэй. 2017 оны эцсийн байдлаар нийт 3.16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэнээс хайгуулд 616 сая ам.доллар зарцуулжээ. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Тамсагийг сав газраас түүхий газрын тос олборлох хугацаа нь 20 жил бөгөөд үүнээс одоо 14 жил үлдээд буй аж. Нийт 306 сая геологийн баталгаат нөөц батлуулснаас 113 сая тонн буюу 34 хувийг ашиглаад буй аж. Олборлох хүчин чадлын хэмжээ жилд нэг сая тонн давсан бөгөөд 2005-2017 онд нийтдээ 5.8 сая гаруй тонн түүхий тос олборлоод байна. Харин үүнээс улсын төсөвт 2.9 тэрбум ам.долларын түүхий тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтын орлогоос улсын төсөвт 654 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Салбарын сайдыг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК дээр очих үеэр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мөн ирж, компанийн ерөнхий захирал Зян Вейдун нартай гурван талт уулзалт хийв. Засаг дарга М.Бадамсүрэн юун түрүүнд Дорнодын залуус ажилтай болох ёстой ч газрын тосны олборлолт болон техникийн мэргэжлээр Дорнодын политехникийн коллежийг төгссөн 200-300 боловсон хүчин бий атал ажилд авахгүй байгааг хэлэв. Мөн туслан гүйцэтгэгч компанийн тендерийг ил тод нээлттэй явуулах зэрэг асуудлуудыг хөндөв.

Сайд Д.Сумъяабазар энэ үеэр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгаварыг өгсөн юм.  Тухайлбал, олборлолтын операторыг заавал орон нутгаас авах, туслан гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах болон худалдан авалтаа ил тод нээлттэй болгох, байгаль орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж, замын бүтээн байгуулалтаа дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих, Монгол Улсын хууль, дүрэм журмын дагуу явуулахыг үүрэг болгов.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олборлогч компани орон нутагтай харилцан ойлголцож, цаашид нэгнээ дэмжиж ажиллах нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чухал нэмэр болохыг хэллээ.

Харин ноён Зян Вейдун өнөөдөр ажиллаж байгаа 630 монгол ажилтны 75 хувь нь Дорнодын иргэд болохыг хэлээд, цаашид нэмж ажилтан авах шаардлагатай бол нутгийн иргэдийг ажилд авахаа хэлсэн юм. Түүнчлэн эхний ээлжинд түүхий газрын тос тээвэрлэж буй замын асуудлыг шийдвэрлэх, орон нутагтай хамтран ажиллахаа хэлээд Монгол Улсын хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэв.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийтдээ хоёр сая гаруй ам.долларыг хандив тусламжийг орон нутгийн эмнэлэг, сургууль, малчдад үзүүлсэн байна. Матад сум, хилийн отряд, Баянхошуу боомтод ард иргэдийн ундны усны нөхцлийг сайжруулахад 323 мянган ам.доллар зарцуулж, байгаль орчны нөхөн сэргээлт, хамгааллын ажилд 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс өрмийн шингэн хаягдлын сан, уг хаягдлыг саармагжуулах 1198 байгууламж барьж, зам дагуух 600 км-т байгаль хамгаалах ажил хийсэн аж.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тос олборлолт болон тээвэрлэлт хийж буй үйл ажиллагаатай салбарын сайд танилцаны зэрэгцээ тус компанид ажиллаж байгаа монгол ажилчидтай уулзалт хийсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060