“Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансааг В.Путин тэргүүлсэнгүй

access_time 2018-05-10

 

Зүүнээс баруун тийш, Дональд Трамп, Ши Жиньпин

Оросын Ерөнхийлөгч Forbes cэтгүүлээс гаргадаг энэ чансааг дөрвөн жил дараалан толгойлж ирсэн юм. Харин 2018 оны чансаагаа тэрээр Хятадын лидерт алджээ. Гэхдээ Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн өмнө хоёрдугаарт бичигдлээ.

Оросын Ерөнхийлөгч 65 настай Владимир Путин таван жилийн дотор анх удаагаа Forbes сэтгүүлийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын нэгдүгээр байрнаас ухран хоёрт бичигдэв. Чансааны нэгдүгээр байрыг одоо БНХАУ-ын дарга 64 настай Ши Жиньпин толгойлж эхэллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч, 71 настай Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт буюу тавдугаар сарын 8-нд америкийн Forbes сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн шинэ чансааны хоёрдугаар байрнаас ухран гуравт оржээ.

Энэ жилийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий 75 хүмүүсийн жагсаалтын эхний тавд мөн түүнчлэн Германы канцлер, 63 настай Ангела Меркель, дэлхийн хамгийн баян хүн бөгөөд Amazon.com-ыг үндэслэгч Жефф Безос бичигджээ. Forbes нэгдүгээр байрыг Ши Жиньпинд өгснөө тайлбарлахдаа Хятадын лидер энэ жилийн гуравдугаар сард улс орныг нэг хүн хоёроос дээш бүрэн эрхийн хугацаар удирдаж болохгүй гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасуулж чадсаныг онцлов.

Путин дөрөв дэх удаагаа Оросын Ерөнхийлөгч болж чадсан ба тэрбээр сонгогчдын 77 хувийн хамгийн өндөр дэмжлэгийг авсан байв. Оросын Ерөнхийлөгч Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг анх 2013 онд толгойлон нэгээс Америкийн Ерөнхийлөгч Барак Обамаг шахаж чаджээ.

Трамп Цагаан ордонд сууснаас хойш, буруутгал, дуулианаас салж чадахгүй байгаа мөн өөрийн шийдвэрээ бүгд найрамдахчууд давамгайлсан Конгрессаар батлуулж чадахгүй байгааг сэтгүүл тэмдэглэв.

Ангела Меркель

Меркелийн зүтгэлээр түүнийг дөрөв дэх удаагаа Германы канцлер болсныг тооцлоо. Чансааны топ-10-т мөн Ромын хамба Франциск (81 нас), Micrаsoft компанийг үндэслэгч бөгөөд тэрбумтан Билл Гейтс (62 нас), Саудын Арабын хаан ширээг залгамжлагч жонон Мухаммед ибн Салман Аль Сауд (32 нас), Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди (67 нас), Google компанийг үндэслэгч тэрбумтан Ларри Пейж (45 нас) нар орлоо.

Google компанийг үндэслэгч нарын нэг, орос гаралтай 44 настай Сергей Брин чансааны 35-д бичигдлээ. Чансааг сэтгүүлийн америк редакци субъектив сонголын үндсэн дээр гаргадаг. Нөлөөний ангиллыг нь чансаанд бичигдэгчийн шийдвэрийн нөлөөлөх улс орны хүн амын тоо, чансааны оролцогчийн зохион байгуулагч эсвэл менежер буюу эзний төвшинд удирдах санхүүгийн урсгал, оролцогчийн өөрийн эрх мэдлийг хэрхэн ашиглаж байгаа зэргийн үзүүлэлтүүдээс тогтоодог ажээ.

Forbes сэтгүүлийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн шинэ жагсаалтад нийт 75 нэр бичигдэв. Дэлхийн хүн амыг 7,5 тэрбум гэдэг учраас 100 сая хүн амаас нэг нь хамгийн нөлөөтэй болж таарлаа.

Жагсаалтад хамгаас олон АНУ-ын 40 иргэн байна. Тэдний тав нь улстөрч бөгөөд үүний тоонд Ерөнхийлөгч Дональд Трамп, Холбооны нөөцийн системийн тэргүүн Жером Пауэлл (№11), Дээд шүүхийн тэргүүн Жон Робертс (№63), дэд ерөнхийлөгч Майк Пенс (№67), Ерөнхий прокурор Роберт Мюллер (№72) нар багтлаа. Өдгөө 62 настай Кристин Лагард ОУВС-г толгойлж байна. Жагсаалтын үлдсэн 34 хүн нь тэрбумтнууд бөгөөд үндэстэн дамжсан корпорацийн тэргүүн нар байна. Тэдний дунд Марк Цукерберг (33 нас, №13), Уоррен Баффет (87 нас, №16), Тим Кук (57 нас, №24), Илон Маск (46 нас, №25), Майкл Блумберг (76 нас, №51), Майкл Делл (56 нас, №53) нарын хүмүүс нэрлэгдэв.

Эммануэль Макрон

Чансаанд хоёр энэтхэг (Ерөнхий сайд Нарандра Моди, Reliance Industries гэдэг нефть, хийн компанийн эзэн 61 настай тэрбумтан Мукеш Андани), хоёр япон (Ерөнхий сайд Шинзо Абэ, Softbank-ын тэргүүн тэрбумтан Масайоши Сон), хоёр мексик (тэрбумтан Карлос Слим, Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето), хоёр франц (Ерөнхийлөгч 40 настай Эммануэль Макрон (№12), тэрбумтан Бернар Арно) тус тус багтжээ.

Бусад хэдэн орноос Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн чансаанд нэг нэг хүн бичигдэв. Тэдний тоонд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй (чансааны №14), Ираны шашин төрийн тэргүүн аятолла Али Хаменеи (№17), Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху (№26), НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга португаль Антониу Гутерреш (№31), Европын холбооны тэргүүн люксембургийн Жан-Клод Юнкер (№33), Умард Солонгосын тэргүүн 34 настай Ким Чен Ун (№36), Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган (№48), Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер (№50), Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин (№54), Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо (№57), Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад (№62), FIFA-гийн тэргүүн швейцарь Жанни Инфантино (№75) нарын хүмүүс байна.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 75 хүмүүсийн жагсаалтад дөнгөж таван эмэгтэй багтлаа. Меркелиэс гадна Британийн Ерөнхий сайд Мэй, ОУВС-гийн тэргүүн Лагард, General Motors компанийн тэргүүн Мэри Барра, Fidelity Investments компанийн тэргүүн Эбидгейл Жонсон тэнд нэрлэгджээ.

Мухаммед ибн Салман Аль Сауд

Чансааны жагсаалтын хамгийн залуу нь Саудын хаан ширээг залгамжлагч, 32 настай Мухаммед ибн Салман Аль Сауд болов. Хамгийн өндөр настай нь Гонконгийн хамгийн баян тэрбумтан бөгөөд CK Hutchison Holdings компанийн тэргүүн, 89 настай Ли Кашин байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549