Ц.Энгүүний цонхоор буудсан хийн буу бүртгэлгүй, бичиг баримтгүй байсан гэв

access_time 2018-05-14

 

“Voice Mongolia” шоуны хүчтэй оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан бөгөөд үүнийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Мэдээллийн дараа Ц.Энгүүний аав цахим хуудсаар дамжуулан охинтойгоо хамт уучлал гуйсан бичлэг сошиал орчинд тараад байна.

Харин эл асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ “2018 оны тавдугаар сарын 08-ны өдөр айлын цонхноос буугаар буудаж байна гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийг алба хаагчид шалгахад Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт өөрсдийн оршин суух байрныхаа цонхоор Б, Э нар нь хийн буугаар буудсан нь урьдчилсан мэдүүлгээр тогтоогдон шалгагдаж байна.

Уг буу нь ямар нэгэн бүртгэл судалгаанд бүртгэгдээгүй, бичиг баримт байхгүй гэж мэдүүлж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Галт зэвсэг болон галт зэвсэгт адилтгах зүйлсийг худалдан авах болон хадгалах болон агуулахдаа заавал цагдаагийн байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсан байх шаардлагатай аж. Тэдэнд хуулийн дагуу дараах хариуцлага хүлээлгэнэ.

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

25 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

5.6 дугаар зүйл.Хууль бусаар зэвсэг эзэмших

1.Хууль бусаар тусгай хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, агсамжийг биедээ авч явсан, хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060