МУ-ын зөвлөх инженер Ц.Алтангадас: Багануурын цахилгаан станц бол хамгийн сүүлийн үеийн технологи

access_time 2018-05-15
remove_red_eye 553

 

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд хэдэн хувиар өсч байгаа вэ? Цахилгаан станцууд эрчим хүчний хэрэглээ өсөлттэй байгаа жилүүдэд ачааллаа дааж чадах болов уу?

Эдийн засгийн үзүүлэлт өндөр үед эрчим хүчний өсөлт жилд 10 хувиар өсч байдаг. Үүнийг Азийн хөгжлийн банк 2028 он хүртэлх прогноз дээр тооцоолоод гаргасан байгаа. Энийг доод хурд, дунд хурд, дээд хурд гэж тооцож гаргадаг. Азийн хөгжлийн банкнаас өгсөн прогнозоор бол өнөөдөр 2018 оны байдлаар 5,9 тэрбум Кв цаг үйлдвэрлэх тооцоо байгаа. Энэ бол дээд хурдаараа ажиллах үзүүлэлт юм. Гэтэл 2017 онд төвийн эрчим хүчний системийн хэмжээнд 6,1 тэрбум Кв цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байдаг.

 2017 оны байдлаар манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ 7 тэрбум Кв цаг болсон тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос статистик гаргасан байдаг. Үүнээс 1,5 тэрбум Кв цаг буюу 20 хувийг импортын эрчим хүчээр хангаж байгаа. Эрчим хүчний хэрэглээ жил бүр өссөөр байгаа энэ цаг үед бид импортоор эрчим хүчээ авсаар байх уу?

Бид эрчим хүчний хэрэглээг бий болгодог ОХУ-аас импортоор эрчим хүчээ авч байна. ОХУ-аас бид эрчим хүчний хэрэглээгээ авахдаа чадлаа хэтрүүлж авбал торгууль төлнө. Дутуу авбал бас л торгууль төлнө. Импортын цахилгаандаа Монголчууд маш их хэмжээний мөнгө төлж байна.
Багануурт баригдах гэж буй 700 мегаваттын цахилгаан станцын технологи бол хамгийн сүүлийн үеийн өндөр технологи юм. Үүнийг супер кредит гэж ярьж байгаа. Энэ бол хамгийн өндөр параметртэй зуух гэсэн үг. Параметр өндөр байна гэдэг нь цахилгаан станцын ашигт үйлийн коэффициент өндөр байна гэсэн үг юм. Багануурт баригдах цахилгаан станцын ашигт үйлийн коэффициент бол 41 хувь энэ нь европын өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрч буйг илтгэж байгаа хэрэг. Манай улсад ийм технологи урьд өмнө нь байгаагүй. Манай 4-р цахилгаан станц гэхэд ашигт үйлийн коэффициент нь 29 хувь байдаг. Багануурын цахилгаан станц бол үүгээрээ давуу талтай. Энэ технологи өөрөө нүүрс голдоггүй. Хамгийн бага илчлэгтэй нүүрсийг түлэх чадвартай технологи байгаа. Энэ технологио бид нар буцламтгай үед шаталтат гэж орчуулж байгаа. Технологи маань өөрөө нам температурынх 850 градусаас 950 градусын хооронд шаталт явагддаг. Энэ шаталт явагдахад агаарт азотын давхар ислийг үүсгэдэггүй. Тэгэхээр энэ технологийг ашиглахад агаарт азотын давхар исэл үүсэхгүйгээс гадна агаарын бохирдол үүсэхгүй нээ. Шаталт явагдаж дууссаны дараа үнс гэж том асуудал үүсдэг. Үнсийг уутат филтер гэх хамгийн сүүлийн үеийн үнс баригч технологи ашиглаж 99.99 хувь шүүж авдаг. Ингэхээр агаарт 0.01 хувийн хаягдал үлдэнэ гэсэн үг. Энэ бол үнс биш уур байдаг л даа. АНУ-ын эрчим хүчний хүрээлэнгээс үүнийг ногоон технологи гэж зарласан байдаг. Энэ технологи нь Герман улсаас гаралтай бөгөөд өнөөдөр дэлхийд АНУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй улсууд өөрсдийн хөрсөнд нэвтрүүлээд 32-60 төрөл болтол нь хөгжүүлээд явж байна.

Манай улсын эрчим хүчний инженерүүд өнөөдөр энэхүү технологийн 32 төрөлтэй танилцсан байгаа. Багануурт 350 мегаваттын 2 блок суурилагдах юм. Үүнийг бол суурилагдсан хүчин чадал гэж нэрлэдэг. Жилийн ажиллах цагийг бол дунджаар 5000 цагаар авсан байгаа. Энэ нь нийт хүчин чадлын 60-65 хувиар ажиллана гэсэн үг. Цахилгаан станц өөрөө 20-25 хувийн нөөцтэй байж ажилладаг. Шаардлагатай гэвэл 100 хувь ажиллаж болно.

Багануурын цахилгаан станцын онцлог давуу тал нь юу юм бэ?

Буцламтгай шаталтад технологийн маань онцлог нь нүүрсэн дээр ажилладаг хэдий ч маш хурдан маневартай байдаг. 70 хүртэлх хувийн маневар хийх чадалтай. Ачааллыг 30-100 хувь хүртэл нэмж хасах боломжтой технологи юм. Бид нар 350 мегаваттыг 30 хувийн ачаалалтай явууллаа гэхэд 105 мегаватт хэвийн ажиллуулаад явна гэсэн үг. Богино хугацаанд шаардлагатай хэрэгцээ үүсвэл 350 мегаваттыг бүрэн ажиллуулаад явах чадалтай. Хэвийн ажиллагаатай үед бол 2 блок нийлээд 440 мегаваттыг үйлдвэрлээд явах бололцоотой станц юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549