Тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна

access_time 2018-05-16

 

Энэ сарын 2-ноос 7-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Баруун тайгад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг ажиллажээ. Энэ нь Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/104 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшнийг сайжруулах” хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын 2 дахь хэсэг, “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын хэрэгжилттэй танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах зорилготой аж.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байгаагаас 148 нь 0-18 насны хүүхдүүд, 48 нь ахмад настан, 22 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ес нь байнгын асаргаа шаардлагатай иргэн, хоёр нь бүтэн өнчин хүүхэд юм байна. Цаатан иргэдийн 0-18 насны бүх хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагддаг ба 65-аас дээш насны есөн ахмад настан Ахмад настны тухай хуулийн 12.3-т зааснаар насны хишиг авдаг ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийг хэрэгжүүлэх талаар гарсан Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын дагуу цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор сар бүр олгох мөнгөн тэтгэмжид 2013 онд 343 иргэн 2014 онд 345 иргэн, 2015 онд 334 иргэн, 2016 онд 368 иргэн 2017 онд 382 иргэн, 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 369 иргэн тус тус хамрагдсан байна. Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах арга хэмжээнд 2016, 2017 онд нийт 164 иргэн хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас нийт 36 иргэн тэтгэвэр авдаг байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цагааннуур сумын Баруун тайгын цаатан иргэдтэй уулзаж, тэдний амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцан санал бодлоо солилцжээ. Тайгад амьдардаг цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулан орлого олох боломжгүй байдаг тул төрөөс сар бүр олгож буй тэтгэмж цаачдын амьдралын түвшнийг сайжруулахад маш чухал үүрэгтэй байгаа аж.

Цаатан иргэд тэтгэмжтэй болсноос хойш цаа бугыг хүнсэндээ хэрэглэх явдал эрс буурсан тул цааны тоо толгой даруй 56 хувиар өсөж, 2016 оны жилийн эцсийн байдлаар 2116 болсноос үзэхэд тус хөтөлбөр цаа бугын аж ахуйг сэргээхэд ихээхэн ач холбогдлоо өгчээ.

Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах болсноор тэд нийгмийн даатгалын үйлчилгээнд бүрэн хамрагдаж өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах, хүүхэд төрүүлэх зэрэг тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг авах боломжтой болсон байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаатан иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдалд дүгнэлт хийн, нийгмийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж эхэлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060