Нийслэлийн МАН-ын даргад санаархагч Су.Батболдын үнэн төрх

access_time 2018-05-17

 

Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга болоод нар үзэлгүй элэг доог болсон шийдвэрүүдээрээ ард түмнээ баясган суугаа Су.Батболд Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхөөр албан бусаар нэр нь тодроод буй. 60 тэрбумын гэх аалзны сүлжээнд хутгалдсан Ц.Сандуй хариуцлагаа хүлээн намын даргаа өгөхдөө л МАН-ын дүрмээ зөрчин хэзээ, хэдэн хүн, хаана хуралдсан нь тодорхойгүйгээр “үүрэг гүйцэтгэгчээр” гэсэн тодотголтойгоор суудлаа Су.Батболдод хүлээлгэн өгсөн байдаг. МАН-ын дүрмэнд үүрэг гүйцэтгэгч даргатай байх тухай ямар зүйл заалт байхгүйг сонирхсон хүн бүр харчих боломжтой. Анхнаасаа л намынхаа үндсэн хууль болсон дүрмээ зөрчин тамга тэмдэг авсан Су.Батболд өнгөрсөн таван сарын хугацаанд нийслэлийнхээ МАН-ын 152 үүрийн дарга, жирийн гишүүдтэй уулзалгүй зайгаа барьж бултсаар ирсэн байна. Өөрөөр хэлбэл тэр дарга шиг дарга байж намынхаа мянга мянган гишүүдийн төлөө ажиллаагүй, тэдэнтэй нүүр тулаагүй тул нэгэнт дэмжлэгээ алдсан байна. Үүнийг улс төрд, намд “хөлөө алдах” хэмээн нэрлэдэг.

Дарга төвтэй болон дээш тасарсан нийслэлийн намынхаа өнөөдрийн байдлыг жирийн гишүүд нь хурлаараа цэгцэлж авна хэмээн горьдон хүлээсэн. Су.Батболд даргатайгаа нүүр тулан уулзах боломж хэмээн харсан байгаа юм. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр хурлын төлөөлөгч сонгох журмаа хараад ихээхэн бухимдалтай байна. Учир нь Су.Батболд үүрийн жирийн гишүүдээ төлөөлөгчөөр оруулбал дарга болж чадахгүй гэдгээ мэдрэн 69 хүнийг үзэмжээрээ оруулахаар шийджээ. Тэрхүү 69 гишүүнийг квотоор хэмээн оруулахдаа “намын дэд дарга нар, намын ажилтан, ажилчид, хурал зохион байгуулагчид” гэсэн хөгийн заалтуудыг оруулсан байна. Ингэхээр намынхаа жирийн гишүүдийг төлөөлөгчөөр сонгон хуралдуулаад амжилт олохгүйгээ мэдэрсэн Су.Батболд туслах, жолоочоо оруулан өөрийнхөө төлөө санал өгүүлэн хүчээр дарга болохоор ичиж зоволгүй зүтгэж эхэлсэн, түүнийгээ ч журамдаа тодорхой заагаад оруулчихсан байгаа юм.

Иймээс л жирийн гишүүдээсээ айдаг дарга бидэнд хэрэггүй хэмээн үзэж Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдээс нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдэд шаардлага хүргүүлээд байгаа бөгөөд ахиад хоёр дүүрэг тэдний энэхүү шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэн нэгдээд байгаа ажээ. Ингэхээр хотын дарга болоод хотын иргэдийнхээ эсрэг шийдвэрүүдийг гаргасаар ирсэн Су.Батболд нийслэлийн МАН-ын дарга болохоор мөн МАН-ын жирийн гишүүдээ гадуурхан түлхэж улайран зүтгэж эхэлжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549