Цэцийн шинэ гишүүдийн нэрс тодорч эхэллээ

access_time 2018-05-21

 

Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрийн эрхийн хугацаа дуусгавар болсон. Хугацаа нь дуусгавар болсон цэцийн гишүүдийн нөхөн томилгоо хэзээ хийгдэх, хэнээр солигдох нь улс төрийн хүрээний анхааралд байгаа. Шинээр томилох цэцийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч, нэгийг нь УИХ-ын дарга өргөн мэдүүлэх ёстой. Тэгвэл Ерөнхийлөгч болон УИХ-ын даргаас цэцэд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан бөгөөд өнөөдөр /2018.05.21/ МАН-ын бүлгээр хэлэлцүүлэх гэнэ. УИХ-ын даргын зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Сугарыг 2012 онд санал болгож томилсон юм. Түүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 9-ний өдөр дуусгавар болсон. Түүний хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлаа өгмөөр байна гэж саяхан хэвлэлд ярилцлага өгсөн байсан юм. Харин УИХ-ын дарга М.Энхболд түүнийг орлох хүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ. Ш.Солонго нь 1984 оноос хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан, хуульч мэргэжилтэй юм. Өнгөрсөн хугацаанд бүх Ерөнхий сайд нартай хамтран ажиллаж байсан бөгөөд нэг удаа ажлаасаа халагдсан ч хууль бусаар ажлаасаа халагдсанаа шүүхээр тогтоолгож, эргэн ажилдаа орж байсан юм. Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр зургаан жил ажиллуулахаар нэрийг дэвшүүлж байна. Хэрэв Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонгыг УИХ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилбол түүний орны хүнийг томилох шаардлага гарах юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ Ш.СОЛОНГО

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1979-1984 ондМосква хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй.
1994-2000 ондЯпон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зvйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1984-1992 ондСайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,
1992-1996Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
1996-2000 ондЗасгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт,
2000-2008 ондЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
2008 оноосЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна

ЕРӨНХИЙЛӨГЧ ГУРВАН НЭР ДЭВШИГЧЭЭ ТОДРУУЛЖЭЭ

Ерөнхийлөгч гурван хүнийг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр болсон байна. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва нарын хугацаа дуусгавар болж, тэдний оронд Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хүмүүсийг Цэцийн гишүүнээр томилохоор ярилцаж байгаа гэнэ. Нэр дэвшихээр яригдаж буй Ц.Нанзаддоржийн хувьд Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан бол Г.Туулхүү нь эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Харин Б.Буяндэлгэрийн хувьд ардын их хурлын депутатаар ажиллаж байсан гэсэн албан бус мэдээлэл байна.

Хуулиараа Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав, гурваар нь томилгоо хийдэг. Мөн тухайн гишүүнийг томилсон институц нь нөхөн томилгоо хийдэг.Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдаг учраас цэцийн гишүүд шинээр томилогдох хүртэл одоогийн гишүүд үүрэгт ажлаа хийх юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549