Хойд Солонгосын сайд АНУ-ын дэд ерөнхийлөгчийг “бүдүүлэг, тэнэг этгээд” гэж нэрлэжээ

access_time 2018-05-24

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнсийг хийсэн мэдэгдлийнх нь төлөө Хойд Солонгосын тал “бүдүүлэг, тэнэг этгээд” гэж нэрлэжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Пэнс хэвлэлд ярихдаа Ким Жон Уныг Трампаар тоглохгүй байхыг анхааруулж, хэрвээ ингэвэл “том алдаа” болно гэж сануулсан юм.

Тэр бас хэрвээ Хойд Солонгосын тал хэлэлцээр хийхгүй бол Ливийн удирдагч Муаммар Каддафигийн хувь заяа Ким Жон Уныг хүлээж байгаа гэж сүрдүүлжээ.

Тэгвэл Хойд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй өнөөдөр тус улсын төв мэдээллийн агентлагт ярихдаа “АНУ-ын дэд ерөнхийлөгчийн амнаас ийм бүдүүлэг, тэнэг үг гарсанд үнэхээр гайхаж байна” гэсэн юм.

Хатагтай Чой цааш нь “Бид АНУ-ын талыг уулзая гэж гуйгаагүй, бас хүсэхгүй байхад нь ширээний ард суулгах гэж хүчлээгүй” гээд хэрвээ Вашингтоны талаас иймэрхүү сүрдүүлэг үргэлжилсээр байвал тэр Ким Жон Унд Трамптай уулзахгүй байхыг зөвлөнө гэж ярьжээ.

Ливийг Хойд Солонгостой харьцуулсан үгийг Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хэлсний дараа Пёньяны эрх баригчид ирэх сард Сингапурт болох дээд хэмжээний уулзалтыг цуцлах тухай анх мэдэгдэж эхэлсэн юм.

“Бидэнтэй цуг уулзалтын ширээний ард суух уу, эсвэл цөмийн зэвсгээр харилцан дайсагналцах уу гэдэг нь зөвхөн АНУ-ын зан авир, шийдвэрээс хамаарна” гэж Чой Сон Хуй хэлжээ.

Гэвч Трампын засаг захиргааны хувьд энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулах нь улс төрийн чухал ач холбогдолтой учраас Хойд Солонгосын мэдэгдлүүдийг харгалзалгүйгээр ирэх сарын 12-нд болох уулзалтад бэлдсээр байгаа юм.

Вашингтоны төлөөлөгчид уулзалтын бэлтгэлийг хангахаар Сингапурт ажиллаж байгааг албаныхан мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060