Г.Тайванжаргал: Баруун нүд 25 хувийн хараатай болсон байхад хөнгөн гэмтэлд тооцсон

access_time 2018-05-29

Хэнтий аймгийн орон нутгийн удирдлагуудын санаа зовнисон асуудлын нэг бол өнгөт чулуу түүгчид болоод байна. Тэд өнөөдрийн байдлаар 130 гаруй га талбайн өнгөн хэсгийг сэндийчиж байгаль орчинд ноцтой хор хохирол учруулаад байна. Тэдэнтэй тэмцэж яваад зодуулж хүнд гэмтэл авсан Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалтай энэ хэрэг ямар шатандаа яваа талаар ярилцаж тодрууллаа.

-Өнгөт чулуу түүгчидтэй танай сумынхан хэл амаа ололцож чадахгүй байгаа. Одоогоор ямар нэгэн шийдэлд хүрсэн болов уу?

Өнгөт чулуу түүгчид засаг даргын орлогчийн гэр бүл рүү нь заналхийлснээс болж орлогч маань ажлаа өгсөн. Улаанбаатар хотод ажилладаг охиных нь ажлын газрыг, гэрийн хаягтай нь хэлж заналхийлсэн байгаа юм. Мэдээж тэр хүн эцэг хүнийхээ хувьд охиноо бодож ажлаа өгсөн байгаа. Манай байгаль орчны газрын дарга эмэгтэй хүн байдаг. Тэр хүн ч мөн адил эдгээр хүмүүсийн дарамт шахалтаас болж ажлаа өгсөн.

-Та өнгөт чулуу түүгчидтэй хэл амаа ололцож чадаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсон талаар сошиал ертөнцөд мэдээлэл цацагдсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

Манай сумын багын засаг дарга н.Бадралмаагийн аав нь бурхан болоод хамт олноороо буяны ажилд нь оролцох гээд явж байсан юм. Тэгэж явах замдаа тэдгээр хүмүүстэй тааралдсан. Буяны ажилд оролцох гээд явж байгаа учир хүмүүстэй маргаад яахав гэж бодсон. “Би Батноров сумын засаг дарга байгаа юм. Та бүгд бичиг баримтаа шалгуулаач” гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл зарим нь ирэхгүй болохоор нь улсын байцаагчаа явуултал байцаагчийг минь хэл амаар доромжлоод техник хэрэгслийнхээ хажууд бөөнөөрөө зогсчихоод, “та нар алаад аваад яваарай” гээд маргаж байсан. Тэгэхэд нь би, наадах чинь улсын байцаагч хүн ингэж харьцаж болохгүй ээ гэтэл байцаагчийг боож, улмаар мангасдаж танхайрсан. Тэр үеэр нь би салгах гэж голоор нь ортол “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Түүгээр ч зогсохгүй нэг эмэгтэй хамарнаас цус гартал цохисон.

Тэгээд зогсож байтал нөгөө хүүхэн нүүр ам маажаад дайрахаар нь түлхсэн чинь газар уначихсан. Гэтэл цаанаас нөхөр нь манай эхнэрийг зодлоо гэж орилж ирээд хөмсгийг минь сэт цохисон. Ахин цаанаас эхнэрийнх нь дүү гэж хүн ирээд чулуутай гараараа нүүрлүү цохиод авсан. Энэ явдал хэдхэн секундийн хооронд л болж өнгөрсөн. Хэргийг одоо шалгаж байгаа. Хуулийн байгууллага шийдвэрээ гаргах байх.

-Таны гэмтлийн хувьд?

Баруун нүдний ухархайн яс босоо хананаасаа эхлээд үргэлжилсэн 6 см –ын цөмрөлт өгч нүд маань доошоо унжсан. Хоёр хоног цус алдаад тогтохгүй болохоор нь Улаанбаатарт очиж “Орбита” эмнэлэгт үзүүлтэл ухархайн яс чинь цөмрөөд судас, шөрмөс нь хавчуулагдсан байна гэсэн. Тус эмнэлэгт 10-аад хоног эмчийн хяналтад байж хавангаа буулгаад мэс засалд орсон. Хагалгаа 3 цагын хугацаанд бүтэн норкозтой явагдсан байдаг.

Дөрөвдүгээр сарын эхээр Тайвань улсад сургалтад суухаар явахдаа улсын эмнэлэгт нь очиж үзүүлсэн. Дөрвөн эмч үзэж шалгасны дараа таны баруун нүд 25 хувийн хараатай болсон байна гэж хэлсэн. Эмч нарын гарын үсэгтэй дүн шинжилгээг эх хувиар нь авчирч шүүх эмнэлэгт өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэмтэл гэж гарсан. Хэнтий аймгийн шүүх эмнэлэг ч бас хөнгөн гэмтэл гэж гарсан. Прокурортоо гомдолтой байгаагаа илэрхийлж улсын шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтээ өгч шинжээчийн баг томилсон. Гэтэл дахин хөнгөн гэмтэл гэж гарсан. Өнөөдөр ОХУ, Монгол улс хоёрт л нүдний ухархайн яс цөмрөхөд хөнгөн гэмтэл гэж үздэг. Хүний нүдний ухархайн яс гэдэг бол маш нимгэн цаас шиг эд байдаг. Энэ нэг хугарах юм бол дахин хэзээ ч төлждөггүй яс юм билээ.
Би иргэн хүнийхээ хувьд яг ийм байдлаар хохирч хөнгөн гэмтэл гэж тогтоолгож байгаа олон хүний өмнөөс харамсаж байна. Шинжээчдийн баг хүний эрхийг дээдэлж үзэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060