Б.АЛТАНГЭРЭЛ: Усны нөөцөө хамгаалахын тулд ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО нэн чухал

access_time 2018-05-30

Гол, ус мөрөн бохирдуулах гэмт хэргийн талаар  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Алтангэрэлтэй  ярилцлаа.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээ бодвол өссөн дүнтэй байна вэ?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар товч дурьдахад: Цагдаагийн байгууллагад жилд дунджаар 25-30 мянган гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 0.7 хувийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлдэг. Сүүлийн  таван  жилийн байдлаар авч үзэхэд 2013 онд 337 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2014, 2015, 2016 онуудад тогтмол буурч 2016 оны жилийн эцсийн байдлаар 165 болж буурсан. Харин 2017 онд 330 гэмт хэрэг бүртгэгдэн өмнөх оны мөн үеэс нэг дахин өссөн. Энэ бол зөвхөн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Бүртгэгдээгүй хэдэн гэмт хэрэг  үйлдэл байгааг хэлэхийн аргагүй юм.

-Шинэчлэгдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар ямар шинэ заалтууд тусгагдсан бэ?

-Шинэ Эрүүгийн хуулиар Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.1 дүгээр зүйл хэсэгт тусгайлан хуульчилж өгсөн.  Хуучин мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар агаар бохирдуулах, байгаль орчныг бохирдуулах, газрын хөрс, усыг бохирдуулах асуудал нь тус тусдаа бие даасан гэмт хэрэг байсан бол шинэ хуулиар эдгээр гэмт хэргийг нэгтгэснээрээ онцлогтой болсон. Мөн хуучин хуулиар материаллаг бүрэлдэхүүнтэй байсныг хэлбэрийн шинжтэй болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл хор уршиг учирсан байхыг шаардахгүйгээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсэх, үхэл мөхөлд хүргэх нөхцлийг бүрдүүлсэн бол гэмт хэрэг төгссөнд тооцно. Мөн хуулийн 24.2 дугаар зүйлд энэ гэмт хэргийн улмаас хүнд хор хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хариуцлага тооцохоор зааж өгсөн.

Шинэ хуулийн бас нэгэн онцлог нь энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдэд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, 20 саяаас 200 сая төгрөгөөр торгуулийн ял шийтгэх боломжтой болсон.

-Гэмт хэрэг өссөнд голчлон юу нөлөөлж байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлттэй холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хууль тогтоомжийг мөрдөж, хэрэгжүүлэхгүй байгаатай шууд холбоотой байна. Нөгөө талаас шинэчилсэн хуулиар хохирол учирсан байхыг шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцож бүртгэн шалгах болсон нь энэ төрлийн гэмт хэргийн тоо өссөн. Түүнчлэн чиг үүрэг нэгтэй байгууллагуудтай хамтран явуулж буй хяналт шалгалт сайжирсантай холбоотой гэж  хэлж болно.

-Сүүлийн жилүүдэд гол усны бохирдол хаа сайгүй байна? Энэ тал дээр ямар хариуцлага хүлээлгэх вэ? 

-Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг дотор усны бохирдлын асуудал тулгамдаж буй асуудлын нэг. 2017 онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн дүн гарсан нь сэтгэл эмзэглүүлэм тоо юм.

Усны бохирдлын эх үүсвэр нь ердөө хүний үйл ажиллагаа болчихоод байна.  Мөн хот суурингаас ялгарч буй бохир, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, уул уурхайн бохирдол, түүн дотроо хог хаягдал, малын сэг зэм, органик гаралтай бодисын бохирдол багагүй хувийг эзэлж байна.

2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд доорх үйлдлүүдийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан.  Жишээлбэл: Усан сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан, ашиглаж дууссан цооногоо битүүмжилж хүлээлгэн өгөөгүй, ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, шилжүүлсэн, гол мөрний голдирлыг өөрчилсөн,  зөвшөөрөлгүй ашигласан үйлдэл бүрт хуулийн хариуцлага тооцохоор болсон. Үүнд, усыг зөвшөөрөл авснаас өөр зориулалтаар ашигласан тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж,  хүнийг 150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1.500.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна.  Гол мөрний урсац, байгалийн үндсэн голдрилыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 2.000.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгохоор заасан.

Мөн усан сан бүхий газар, гол мөрний усыг бохирдуулвал Зөрчлийн тухай хуулиар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100.000 төгрөг, хуулийн этгээдийг 1.000.000 хүртэлх төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ.

-“Байгалиа хамгаалья” аяны хүрээнд иргэд олон  нийтэд мэдээлэл хэрхэн хүргэж  ажиллаж байна вэ?

-“Дэлхийн байгаль хамгаалах” өдрийг тохиолдуулан Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Хууль зүй, Дотоод хэргийн яам, БОАЖЯ, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд  “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.  Энэ хүрээнд бид олон талын мэдээ, мэдээлэл, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг ухуулан таниулах зэрэг олон нийт рүү чиглүүлсэн ажлуудыг зохион байгуулж байна. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль 2017 оны долооудгаар сарын 1-ээс хэрэгжиж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Иргэд маань хуулиа сайн судлах хэрэгтэй байна. Эрх бүхий байгууллага буюу хууль хэрэгжүүлэгч байгууллагаас хууль сурталчлах чиглэлээр иргэдэд хангалттай мэдээ,  мэдээлэл хүргэсэн байгаа. Иргэд тэр болгоныг хүлээж авахгүй, ач холбогдол өгөхгүй байх тал байна.

-Усны бохирдолтой яаж тэмцэх вэ?

-Нэгдүгээрт, уул уурхайн үйлдвэрүүдийн усны хэрэглээнд өндөр хяналт тавих, нөхөн  сэргээлтийг чанартай түвшинд хийлгэх. Хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр барьж байгуулах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх, Гуравдугаарт, алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын мөнгөн усны хэрэглээнд хатуу хяналт тогтоох арга хэмжээнүүдийн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай  байна.

Нийт ард иргэд, аж ахуй нэгж байгууллага та бүхэндээ усан сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор химийн хорт аюултай бодис,  хог хаягдлыг хаяхгүй байх, гол ус мөрнөө хайрлан хамгаалж байхыг уриалж байна.  Усны нөөцөө хамгаалахын тулд иргэн таны оролцоо хамгаас чухал юм шүү гэдгийн хэлье дээ.

Б.АЛТАНГЭРЭЛ: Усны нөөцөө хамгаалахын тулд ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО нэн чухал Хүүхдийн нулимс бус улстөрийн зорилго чухал... undefined

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060