Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна

access_time 2018-06-22
note Мэдээ

 

Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 19-ний өдөр эхэллээ. Энэхүү хамтарсан хяналт, шалгалтын ажил энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм байна.

Энэ удаагийн хяналт, шалгалтад Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үндсэн болон хот орчмын чиглэлүүд хамрагдаж байна. Тодруулбал, “Автобус нэгдэл” ХХК-ийн Ч:З чиглэл ,“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч:2 чиглэл, “Блюбус” ХХК-ийн Ч:40, “Эрдэм транс” ХХК-ийн Ч:6 чиглэл, “Эрдэм транс” ХХК-ийн ХО:5 чиглэл, “ГБус” ХХК-ийн Ч:45 гэсэн чиглэлүүд багтжээ.

Энэ удаагийн хамтарсан шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

Шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, “ Ситибаз консалтинг” ХХК болон Зорчигч тээврийн нэгтгэлийн хяналтын ажилчид, шалгагч нар хамтран явуулж байна.

Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалтын эхний өдөр буюу өчигдрийн байдлаар бэлэн мөнгөөр зорчих 2211, хөлс төлөөгүй 417, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 407, өндөр настны картын зөрчил 16, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 15, оюутны 3, хүүхдийн 198 зөрчил тус тус илэрсэн байна.

Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчилт хийж байхыг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549