Их наран хутагт, гэгээнтэн М.Базарсад гэгч хэн бэ

access_time 2018-07-03

-БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУРАВ УУ-

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Чингисийн ач хүү” Арго, Давааням, агуу философич Бат-Отгон, “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл гээд энд тэндэхийн сүм хийдийн хамба лам пасторууд, ихийг мэдэгч бөө нар Монгол Улсад мухар сүсгийг түгээн дэлгэрүүлж халаасаа түнтийлгэдэг. Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг л их том том ярьсан хүмүүс эгэл ардыг худал хуурмаг үгээрээ мунхруулдаг байсан бол аргачлал нь улам нарийсч хууль хяналтынхны тархийг атгачихсан бололтой.

Өнгөрсөн амралтын өдрөөр Майдар гэгээний хийдийн 17 дугаар хамба лам Монгол Улсын Их наран хутагт гэгээнтэн Мягмарын Базарсад гэгч баруун аймгуудаар явж ган чиг тайлсан юм байх. Түүний Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн  цагдаагийн хэсэг ёслол төгөлдөр хүлээн авч буй зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдаж, Монгол Улсын хууль хяналт ямар түвшинд байгааг харууллаа хэмээн иргэд шүүмжилж байна.

Энэ талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газартай холбогдож тайлбар хийхийг хүсэхэд “Бид хэвлэл мэдээлэлд ямар ч тайлбар өгөхгүй. Асуудаг газраасаа асуу” гэж ууртай нь аргагүй хэлээд утсаа тасалчихав.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн цахим хуудастаа “Нэг лам хүн баруун аймгуудаар явж лекц зохион байгуулсан юм байна. Нэг зүйл хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэ арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулаагүй болно. Ямар учиртайг нь тодруулж эргэн мэдээлнэ. Та бүхэн түр хүлээнэ үү” гэж бичжээ.

Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө Үндсэн хуулиараа хамгаалагдсан байдаг. Гэтэл Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8.2-т зааснаар “Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн цагдаагийн дарга нар алба хаагчидтайгаа хамт Их наран хутагт гэгээнтэн Мягмарын Базарсад гэх эрхмийг дагаж салбаганав гэдэг дээр Батлан хамгаалах яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам даруй тайлбар хийхийг шаардаж байна.

-АЙМГУУДЫН ЦАГДААГИЙН ДАРГА НАРЫГ МУНХРУУЛАГЧ
ИХ НАРАН ХУТАГТ ГЭЖ ХЭН БЭ-

Фэйсбүүк, твиттерт “Монгол Улсын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн” гэж өргөмжлөгдсөн Их Наран хутагт хэмээх энэ эр өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгуудаар явж, Монгол улсын зэвсэгт хүчний салбар цагдаа цэргийн байгууллагуудаар парад тахилга хийлгэж, соён гэгээрүүлэх хүрээнд тусгай лекц номлол айлдсан аж. Тэрбээр зарим аймагт онгоцоор газардаж, цэрэг, цагдаагийнхныг дарга, цэрэггүй бөхөлзүүлжээ.

Хурмаст тэнгэр рүү нум сумаар харваж хур бороо оруулдаг Их наран хутагт гэж хэн бэ. Өөрийгөө Наран хутагтын хойд дүрээр өргөмжлөгдсөн М.Базарсад хэмээх эр 1974 оны арванхоёрдугаар сарын 5-нд төржээ. Тэрбээр Увс аймгийн Наранбулаг сумын харьяат бөгөөд Ховд аймгийн Дөргөн суманд амьдарч байгаад сүүлд Улаанбаатар хотод суурьшчээ. Түүний талаар буддын гүн ухаан судалдаг хүмүүсээс сураглахад  “Гэгээнтэн, хутагт хүн биш, энгийн л лам хүн” гэх тайлбарыг хэллээ. М.Базарсад гэх иргэн ямар шалгуураар, хэзээ хаана Их Наран хутагтын хойд дүрээр тодорсон нь одоогоор тодорхойгүй байна.

Богд хаант Монгол Улсын олноо өргөгдсөний I оноос хойшхи Сайн Ноён Хан аймгийн тамгатай хутагтын шавь Наран хутагт нь түүхэн бодит хүнийхээ хувьд огт судлагдаагүй юм. Гэвч түүнийг Монголын бурхан шашинд оруулсан гавьяа их аж. Тодруулбал, 1994 онд Их Наран хутагтын санаачилгаар Түвдийн Лхас хотод захиалгаар алтан гарчигтай, нэг ширхэг нь таван кг нийтдээ 100 ширхэг “Алтан ганжуур” судар бүтээлгэжээ.

Наран хутагтын дүр хоёр удаа төрсөн бөгөөд сүүлчийн дүр нь 1937 оны үед 16 настай хүүхэд байж байгаад аавтайгаа цуг хэлмэгдэлд өртсөн байна. Наран хутагт бол Монголын 13 тамгатай хутагтын нэг юм. Буддын гүн ухаанд хорвоогийн тодотгол бол зовлон юм. Зовлонгоос гэтэлж чадсан хүмүүнийг л хутагт гэж нэрлэдэг.

Хутагтын нэгэн шинж нь амар амгалангийн үүдийг нээсэн тайван хүмүүнийг хэлнэ. Хутагт хүн нь эгэл бидний мунхаг харанхуйг наран, саран мэт гийгүүлж, оюун ухааны их санг нэмэгдүүлж, тэтгэн өршөөгч. Мөн бурхан багшид итгэж сүсэглэж яваа ямар ч хүнийг ялгалгүй өөрийн хүч чадал, эрдэм, ид шидийг үзүүлж авран нигүүлсэнэ гэж Бурханы сургаал номлолд заасан байдаг.

Өнөөдөр Монгол Улсад төрсөн хутагт хувилгаад эгэл ардын мэлмийг нээж оюун ухааныг мэдлэг мэдээллээр тэтгэж байсныг санахгүй юм. Тэд Их наран хутагт гэгээнтэн Мягмарын Базарсад лугаа адил ард иргэдийг худал хуурмаг үгэндээ автуулж гэгээнтэн, хутагт хувилгаад гэх нэршлийг хувийн амьдралаа дээшлүүлэх нэгэн арга хэлбэр болгоод удаж байна. Монголын хутагт хувилгаад үнэтэй, тансаг гэсэн бүхнийг хэрэглэж, өндөр зэд барьдаг баячуудаа нохой шиг уралцаж булаацалддаг гэдэгтэй маргахгүй болов уу.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060