Хятадын нөлөөг хязгаарлах АНУ-ын бодлогыг зарлахдаа Майк Помпео Монголд хийж буй хөрөнгө оруулалтыг дурдлаа

access_time 2018-07-31

Азид өсөн нэмэгдэж буй Хятадын эдийн засгийн нөлөөг хязгаарлахын тулд АНУ энэ бүс нутагт хөрөнгө оруулалтын санаачилгаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг тус улсын гадаад бодлогын тэргүүн Майк Помпео өчигдөр зарлажээ.

Вашингтон эрх чөлөөт, нээлттэй Азийг хүсэж байгаа, энэ бүс нутагт аль нэг улс орон дангаар ноёрхох ёсгүй гэж Помпео хэлсэн нь үнэн хэрэгтээ Хятад улсыг нэрлэсэн хэрэг байв.

АНУ-ын худалдааны танхим дээр хэлсэн үгэндээ тэр “Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хэзээ ч ноёрхохыг хүсэхгүй. Бас өөр улс орон ингэхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хуучин Ази-Номхон Далайн бүс нутаг гэж нэрлэдэг байсан орон зайг Энэтхэг-Номхон Далайн бүс гэж нэрлэх болсон нь Хятадын нөлөөг холдуулж, Энэтхэгийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн бодлого байв.

Помпео энэ зорилгынхоо хүрээнд удахгүй Малайз, Сингапур, Индонезид айлчилж, тэдгээр орнуудад үзүүлэх батлан хамгаалахын шинэ тусламж дэмжлэгийн тухай зарлахаар болсон байна.

Азийн улс орнуудын шинэ технологи, эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах санаачилгад зориулж Вашингтон $113 саяын хөрөнгөтэй сан байгуулж байгаа аж.

Помпео энэ үеэр Монголын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн $350 саяын компакт гэрээ байгуулснаа жишээ болгон дурдсан байна. АНУ-ын засгийн газрын Мянганы Сорилын Сан үүнээс гадна Шри Ланка улсын зам тээврийг хөгжүүлэхэд зориулж хөрөнгө оруулалт хийх гэрээг эцэслэж байгааг тэр бас мэдээлжээ.

Засгийн газрын өөр нэг сан болох Overseas Private Investment Corporation энэ бүс нутагт одоогийн хийгээд байгаа $4 тэрбумын хөрөнгө оруулалтыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг тус сангийн тэргүүн Рай Уошбурн мэдэгдсэн байна.

Помпеогийн бодлогын зөвлөх Брайан Хүүк хэлэхдээ төрийн оролцоотой хийгддэг Хятадын хөрөнгө оруулалттай Вашингтон шууд зөрчилдөхгүйн тулд хувийн салбарт бодлогоо чиглүүлнэ гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Манай бодлого бол засгийн газрын оролцоог аль болох бага байлгаж, хувийн бизнесүүдийн үйл ажиллагааг дээд зэргээр дэмжих юм” гэж тэр тайлбарласан байна.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549