33 жил төр барьсан Хун Сен өрсөлдөгчгүй сонгуульд ялж, Камбожийг үргэлжлүүлэн захирахаар боллоо

access_time 2018-07-31

Өнгөрсөн амралтын өдөр болсон Камбожийн парламентын сонгуульд эрх баригч нам ялах нь тодорхой болж, 33 жил төр барьсан ерөнхий сайд Хун Сен дахин төрийн жолоог атгахаар болжээ.

Ажиглагчид Камбожийн сонгуулийг чөлөөт бус, шударга бус, Хун Сений дэглэмтэй өрсөлдөх сөрөг хүчингүй болж өнгөрснийг дүгнэсэн байна.

Сонгогчдын 70.41 хувийн ирцтэй болж өнгөрсөн сонгууль нь 1993 оноос хойшх тус улсын зургаа дахь сонгууль юм. Пол Потын цуст дэглэмийн дараа олон жил дайн самууны хөлд нэрвэгдэж байсан Камбожийн иргэд 1993 оноос эхлэн ардчилсан сонгуулиар засгийн газраа сонгодог болсон байна.

Гэвч ерөнхий сайд Хун Сен өнгөрсөн онд гол сөрөг хүчин болох Камбожийн Үндэсний Аврах Намыг (КҮАН) тарааж, эрх баригч Камбожийн Ардын Намыг өрсөлдөгчгүй болгосон юм.

2013 оны сонгуульд бага саналын зөрүүгээр ялагдаж байсан КҮАН 123 суудалтай парламентын 55 суудлыг эзэлж байжээ.

Өнгөрсөн есдүгээр сард эрх баригчид КҮАН-ын дарга Кем Сохаг эх орноосоо урвасан, засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэргээр баривчилж, намыг нь тараасан байна.

Сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө Камбожийн эрх баригчид зарим чөлөөт хэвлэлүүдийг хаасан юм.

Гэсэн хэдий ч Хун Сений талынхан сонгуулийг чөлөөт, шударга хэмээн нэрлэж, үр дүнг нь “Камбожийн ард түмний хүсэл сонирхол” хэмээн зарлажээ.

Хун Сений тэргүүлдэг Камбожийн Ардын Намтай 19 нам өрсөлдсөн гэж байгаа ч тэдний хэн нь ч засгийн газрын эсрэг шүүмжлэл хэлээгүй юм.

Өрнөдийнхөн, АНУ-тай харилцаа нь муудсан Камбож улсын эрх баригчид сүүлийн жилүүдэд Хятадтай илүү ойртож, их хэмжээний хөрөнгө оруулалт авах болсон.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын төлөөлөгчдийн танхим Хун Сений тойрон хүрээлэгчдийн эсрэг хориг тавих “Камбожийн Ардчиллын Акт” хэмээх хуулийн төслийг дэмжсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн Камбожийн эрх баригчдад хандан ардчилсан дэг ёсыг баталгаажуулахыг уриалжээ.

Сонгуулийн урьдчилсан дүн ойрын үед зарлагдах бол албан ёсны дүнг наймдугаар сарын дундуур зарлах гэнэ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549