“ДАЙСАН”-АА БАЙТУГАЙ “ДАЙТАХ БАЙ”-ГАА ТАНИХГҮЙ БОЛТЛОО ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА

access_time 2018-07-31

Улс төрийн халуун үйл явдал хөшигний цаана үргэлжилсээр байна. АТГ-т “оччихоод” ирсэн С.Баяр, очуулах гэж байгаа М.Энхболд нарын зөрчил үү, эсвэл тэдний Х.Баттулга, Н.Энхбаяр нартай хийх зөрчил үү гэдгийг сайтар ялгаж харвал тун сонирхолтой. Энэ хоёр нэгэн цагт Намбарын Энхбаярын “тоглоом” болж Ерөнхий сайд, намын дарга гэдэг хос дээлээ ээлжлэн өмсөлцөж хэт хол явснаа гэнэт ухаарч эвлэлдэн нэгдэж Н.Энхбаярыг түлхэн унагасан түүхтэй. Асгатын мөнгөний ордыг Оросын “Полиметалл”-д өгөхгүй гэснээс болж М.Энхболд намын Бага хурлын “аргаар” огцорсон бол түүний оронд тавьсан С.Баяр нь “ажилгүй болго” гэсэн М.Энхболдыг нь Шадар сайдаар танхимдаа авч үлдэж байв. Үүнээс цааших зам Н.Энхбаярын зааснаас хазайж яваандаа эсрэгцсэн. Бас нэгэн үйл явдлыг сануулахад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед “Хадгаламж банкны хэрэг” гэгчид татагдаж фургон авсан У.Хүрэлсүх таван жилийн ял сонсч байв. Н.Энхбаярын хүссэнээр бол У.Хүрэлсүх М.Энхболдын Засгийн газрыг огцруулахад гар бие оролцох ёстой байсан ч ганц үг ганхийгээгүй нь түүнийг ачих хүслийг нь улам бадраасан. Гэвч тэр үед М. Энхболд, С.Баяр нарын эв нэгдэл У.Хүрэлсүхийг аварсан. Дараа нь УИХ-ын 2008 оны сонгууль болоход У.Хүрэлсүх нэр дэвшихийн оронд “Н.Энхбаярын” У.Барсболд ба “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны хувьцаа эзэмшигч Г.Шийлэгдамба нартай өрсөлдөн намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. Түүнд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дахин ялуулж дархлах хүсэл байх уу. М.Энхболд, С.Баяр нарт ч гэсэн Н.Энхбаярыг хүчгүйдүүлэх ийм боломж дахин олдоно гэж үү. Ийм л даажигнал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Харин одоо Н.Энхбаяр залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэмжиж “60 тэрбумынхан”-тай “тэмцэж” явна. Х.Баттулга, Н.Энхбаяр нарын хэн хэн нь АТГ-тай “дайтаж” байна. АТГ-ын даргад дургүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн тэд У.Хүрэлсүх, М.Энхболд нарын хооронд “тулаан өрнөж” байгаа мэт харагдуулах гэж тарчилсаар. Сүүлдээ АТГ “Одоо М.Энхболдынхоос”, “Дараа нь У.Хүрэлсүхийнхээс” гэж ээлжилж баривчлаад байгаа мэт, харин үр дүнд нь “МАН-ынх л бол хэн ч муухай” гэсэн дүгнэлтийн сумыг тархинд нь зоох зорилготой бололтой.

М.ЭНХБОЛДЫН ШИЙДЭЛ У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ АВАРСАН Ч ТАВАНТОЛГОЙГ ГАЦААГЧДЫГ ТУЙЛДУУЛАВ

Яагаад М.Энхболдыг л зайлуулах гэсэн улангасал үргэлжилсээр байна вэ? УИХ-ын даргын ажлыг хэр хийж байна вэ гэдгийг зарим шийдлээс нь харж болно. УИХ-ын 2018 оны хаврын чуулган завсарлахын өмнөхөн буюу 2018 оны зургадугаар сарын 29-ний нэгдсэн хуралдаанаар “Тавантолгой” төслийг цогцоор нь хөдөлгөх тогтоолын төслийг хэлэлцүүлэх үеэр АН-ын бүлгээс завсарлага хүссэн. “Зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүй учраас” гэсэн үндэслэлтэй уг завсарлага авах хүсэлтийн цаана том зорилго байлаа. Наад зах нь улс төрийн бүх төрлийн сурталчилгаанд ч, цөөнхийн бүлгийнхний орон нутагт ажиллах хугацаанд ч “У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн төслийг амласнаараа урагшлуулсангүй. Тавантолгой гацсан хэвээр байна” гэх нь тодорхой. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд ‘Завсарлага өгөх эрхтэй. Бас өгөхгүй байх эрхтэй” гэдгээ харуулж Дэгийн тухай хуулийн дагуу энэ асуудлаар завсарлага авах боломжгүй. Мөн хаврын чуулган хуулийн дагуу долдугаар сарын 1-нд завсарлах ёстой’ гээд алхаа тогшсоноор Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг, У.Хүрэлсүх даргатай МАН-ыг аварлаа. Тэр ийм л зангарагтай хүн. У.Хүрэлсүх тэр хоёр бие биедээ “дуртай, дургүй” байхаас үл хамааран гаргасан шийдэл нь энэ.

Үүнээс цааш М.Энхболд, У.Хүрэлсүх нарын “дайсан” эрс нэмэгдсэн. Харин үүнийг тэдний хоорондын зөрчил мэтээр харуулах ёстой “багийнхан” ч ажлаа сайн хийж байна. М.Энхболдыг “60 тэрбумын хэрэг” гэгчээр АТГ “холбогдуулж прокурор яллагдагчаар татаж өгөхгүй” болохоор нь намын дотроос Хяналтын хороо оролцохоор болж “60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүст үнэн, худлаа хэлэх шаардлага хүргүүлсэн” гэж мэдэгдэв. Яана гэж бодоо вэ. АТГ-ын дүгнэлтэд итгэхгүй байгаа хэрэг үү. Эсвэл хуулийн байгууллагад хэлээгүй үнэнээ намынхаа Хяналтын хороонд хэлчихдэг болоо юу. Мөн “намын гишүүдтэй холбоотой баримт нотолгоотой мэдээллийг аймаг, сум, дүүргийн намын үүрээр дамжуулан авахад бэлэн” гэж МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга мэдэгдлээ. Хэн, хэнийг ажилд томилчихоод хаагуур дамжуулж матаас хүлээж авна гэнэ ээ. Хэзээ МАН тийм айхавтар ардчилалтай болчихоо вэ. Дүр эсгэсэн илүү ажил гэж үүнийг л хэлэх байх.

НЭГ Л ЦЭГ ТАВИХ БАЙЖ ТАСЛАЛД БҮҮ БҮДЭР…

Хүссэн ч эс хүссэн ч 2020 онд УИХ-ын сонгууль болж таарна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар АН-д элсч Хэнтийнхний сод улстөржилтийн загвараар “Арвиндах” гээгүй л бол МАН “олгой дотроо хагараг”.

Цагийн механизмтай бөмбөг адил энэ мөчийг хүлээж ёстой л “хүн малгүй туйлдана” гэгч болж байна. Хэрэв дээрх хоёр залуу МАН-д байх л юм бол “60 тэрбумын хэрэгтэн”-ий жагсаалтад өөрсдөө орцгооно. Баримт шаардлагагүй “автоматаар” шүү. Үнэн хэрэгтээ тэд ч гэсэн “ядарч” байгаа харагдана. МАН эвлэрч “түүхэн үүргээ биелүүлсэн” ч “худалдаж авсан зэвсэг” учраас хаяж болохгүй байгаа “60 тэрбумын хэрэг” гэгчээс салахыг хүсч байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган зөвхөн энэ сэдвээр л лав зарлан хуралдаж хэлэлцэхэд хүрэхгүй байх. Хууль зүйн байнгын хороон дээр “Нээлттэй сонсгол” гэгчийг хийж булайгаа дэлгэлцээд өнгөрөх үү, ээлжит бус чуулганаар хаалттай хуралдаж хардлага сэрдлэгийн “бай” болох уу гэдгээ өөрсдөө сонгоцгоох биз. Ингэсгээд хэзээ ч нотлогддоггүй “60 тэрбумын хэрэг”-ээ өндөрлөхгүй бол намдаа төдийгүй төрдөө гай болох нь. “Олохгүй байгаа төхөөрөмж чинь энэ байна” гээд хоёр гар утас үзүүлээд байгаа Г.Доржзодовын төхөөрөмжийг ч холбогдох байгууллага нь очоод авчихаач дээ. АТГ гэж нэг “бөөрөнхий” юм шалгах хүсэлтэй эсэх нь үл ойлгогдож “түүвэр баривчилгаа” хийж байхаар “Бид 60 тэрбумын багцад мөнгө төлж дарга болсон нэг ч хүнийг үйлдэл дээр нь баривчилж чадсангүй. Үйлдэл дээр нь баривчилж чадаагүй болохоор хэрэгтнээр тогтоосонгүй” гэж мэдэгдээд Х.Энхжаргал нь ажлаа өгчихвөл таарна. Тэр л ажлаа өгөхгүй бол хэн ч огцруулж “болохгүй” юм байна. Огцруулахгүй л бол цаашаа эвлэлдэн нэгдэж оршин тогтнох аргагүй тийм том шалтгаан нь юм байна гэдгээ мэдрэх цаг болсон биз. Өмнөх дарга Н.Ганболд ч гэсэн эрүүл мэндийн шалтгаан гэхээсээ ийм л шалтгаар ажлаа өгсөн. Бүр шалтаг олдохгүй бол “С.Баяртай уулзсан минь буруу” гээд ч атугай ёс зүй яриад явчихаж болно. Харин МАН-ынхан гурав дахь Засгийн газраа хүлээх хэрэггүй л болов уу. Засгийн газар солигдох заримд нь “гоё” л доо. Гэхдээ Монгол Улсын эдийн засагт санаа зовинодог бол, нэр дэвшиж сонгогдсон намдаа хайртай бол сарних тухай биш нэгдэх тухай санаа тавих цаг болжээ. Хэний түлхээсээр хэн рүү давшиж яваагаа урагшлахдаа биш юм аа гэхэд ухрахдаа бодож үзэхэд гэмгүй. Эрхэм залуу улстөрчид ч гэсэн ах нар чинь араар чинь тэврэлдэж эвлэлдэж, та нарыг шоолж байдгийг ухаар. Улс төрийн нам, түүний гишүүн байна гэдэг гүнзгий ойлгосноороо гайхуулж үдийн хоолоо ч “улс төргүй” идэж чадахаа больсон залуус эцсийн зогсоолоо харахгүйгээр “туулайчлах” нь өрөвдмөөр байна. Наад ах нар чинь дөрвөн жилийг “хэд хувааж”, хавар, намрын хэдэн чуулганы хаана нь зодолдож хаана тэврэлдэхээ сайн мэднэ гэдгийг анзаарч “цагаа тааруулж алх”!

Нийтлэлч: У.Оргилмаа 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549