Л.Батдэмбэрэл:Арван жил тэлээ үйлдвэрлэхэд нэг л хэрэглэгч буцаж ирсэн…

2017-02-19 Ярилцлага 0

Гүн боловсруулсан үхрийн ширээр бүх төрлийн бүс, тэлээ, цүнх үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг “Кажуг” брэнд. Солонгос технологиор монголын өв уламжлал, ёс  заншилыг дэлхийн загварын хөгжилтэй уялдуулан урладаг “Кажуг” компани Монголын арьсан урлалын  зах зээлд арав дахь жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний баялаг бүтээгч “Кажуг” брэндийн эзэн Л.Батдэмбэрэлтэй ярилцлаа. 

-Танайх 100 хувь гүн боловсруулсан арьсаар бүтээгдэхүүн хийж байна. Арьсаа өөрсдөө боловсруулдаг уу?

Монголын арьс ширний холбооны гишүүн байгууллагууд  боловсруулалт хийх, бүтээгдэхүүн болгох хоёр чиглэлээр ажилладаг. Бид боловсруулалт хийдэг  компаниас 100 хувь боловсруулсан арьсыг авч хэрэглэдэг. Гүн боловсруулалт хийгдсэн арьс бол эдэлгээ удаан, торгомсог зөөлөн,  хаанаас ч зүссэн тухайн өнгө нь гардаг давуу талтай.

-Өнөөдөр “Кажуг” нэрийн хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

-Бид зургаан үндсэн өнгө хэрэглэдэг. За тэгээд  цүнхний 25 нэр төрөл бэлэн гарч байна. Мөн бүх төрлийн бүс, тэлээний эрэгтэй 10 загвар, эмэгтэй 6 загвар, хэтэвч хийдэг. Дээрээс нь тендерээр, захиалгаар арьсаар хийж болох бүхнийг хийнэ.  Жишээ нь, арьсан сандал, буу жадны гэр гэх мэт.

-“Кажуг”онцгой чанар нь юу вэ?

-100 хувь гүн боловсруулсан гэдэг арьс өөрөө 100 хувь чанарын баталгаа шүү дээ. Бид цүнхэн дээр  цахилгаан, далд хэрэгсэл, бүсэн дээр арал, толгойнд баталгаа өгдөг. Үнэгүй засварлаад солиод өгнө, асуудал гарвал эргээд ирээрэй гэж хэлдэг.

-Эргэж ирэх нь хэр вэ?

-10 жил үйлдвэрлэхэд долоо дахь жил дээр нэг хүн эргэж ирсэн. Би их баярласан. Бүснийх нь арьс нь хэвээрээ, толгой нь жаахан асуудал гарч. Янзалж өгөөд эхнэрт   нь нэг бүс бэлэглээд явуулсан.   Би борлуулагч нартаа  засвар үйлчилгээ үнэгүй гэдгийг сайн хэлж өгөөрэй гэж байнга захидаг.

-Үйлдвэрийн хүчин чадал, одоо хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Найман хүн тогтмол ажилладаг. Ачаалал ихтэй үе буюу  цагаан сар, наадам, тендерийн захиалгын үед 12-16 хүн ажиллана.  Үйлдвэрээ бүрэн ашиглавал өдөрт 1000 бүс гаргах боломжтой.  Борлуулалт, захиалгаасаа шалтгаалаад өнөөдөр хүчин чадлынхаа 60 -70 хувийг ашиглаж байна.

-Боловсон хүчний тухайд?                                                                         

-Арьсан эдлэлд оёдол маш чухалучраас өндөр ур чадвартай оёдолчин хэрэгтэй. Монголд арьсны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байхгүй.  Солонгост сурсан туршлагаараа хүмүүсээсургаж ажиллуулдаг. Арьсны оёдол бол даавуу шиг ханзлаад дахиад оёж болдоггүй. Загварын тухайд хүү маань загварын чиглэлээр сургууль төгссөн  болохоор өөрөө шинэ шинэ загвар гаргаад явдаг.

                               -Солонгосын брэнд бүсний үйлдвэрт үйлдвэрийн дарга хийж байсан-

-Та Солонгос улсад тэлээний үйлдвэрт ажиллаж байсан гэсэн. Энэ ажлаа эхлүүлэх санаа хэдийд нь төрсөн бэ?

– 1998 онд Солонгост очсон. Анх энэ үйлдвэр дээр очиход “гурван сарын дараа хүрээд ир,  манайх ажилтай болж магадгүй. Одоохондоо үйлдвэр зогсонги байна” гэсэн.  Солонгост хямрал болж байсан үе л дээ.  Тэгээд энд тэнд цагийн ажил хийж явсаар байгаад яг гурван сар болоод  очсон чинь дарга нь “ Өө, та ажилд ороогүй юмуу. Энэ хүн биднийг  их хүлээж.  Үйлдвэр ажилгүй ч гэсэн авчих” гэж доод хүндээ хэлсэн. Хүлээж байгаад орсон болохоор их таалагдсан. 13 ажиллаад Монголдоо ирж үйлдвэрээ байгуулсан. Тэр захиралтайгаа одоо хүртэл холбоотой байдаг, яг л аав хүү хоёр шиг.

-Анх бизнесээ эхлэхэд ямар байв?

Солонгост сүүлийн таван жил бол бараг зүүдэлж байсан. Монголдоо очий, үүнийг л хийе гээд л.Анх үйлдвэрээ нээгээд шууд л брэнд бүс хийх гэж үзлээ. LV энэ тэр гэсэн баахан бичигтэй. Тэгээд Япон руу үзэсгэлэн худалдаанд дээж өгөөд явуулсан чинь “Монголд үйлдвэрлэв биш байна. Үндэсний хэв шинж агуулсан нэг ч зүйл алга” гэсэн.  Тэгэхээр нь  үндэсний хээгээ судалж бүсэндээ бага багаар оруулаад явсан.

-Магадгүй тэр үйлдвэрээс та бүхий л  зүйлийг нь  сурсан байх. Анх юу хийж эхэлсэн бэ?

-Туслах ажлаар эхэлсэн. Арьс буулгана, цэвэрлэгээ хийнэ.  Дараа нь үйлдвэр рүү орсон.  Ирэхээсээ өмнө үйлдвэрийн дарга болсон. 13 жил гэдэг бага хугацаа биш учраас би бүх зүйлийг сурсан, мөнгө хуримтлуулж чадсан. Хамгийн сүүлд тоног төхөөрөмжөө нааш нь ачуулсан.

-Ажлаасаа гарлаа, улсдаа очиж ийм үйлдвэр байгуулна гэхэд тэд яаж хүлээж авсан?

-Эхлээд жаахан дургүй байсан, чамайг явчихаар энэ үйлдвэр маань хэцүү болно гэсэн. Гэхдээ  үйлдвэр байгуулна гэхээр бараг л салбар нь нээгдэх гэж байгаа юмшиг баярласан. Би хөрөнгө оруулалт аваагүй л дээ. Ирээд үйлдвэрээ  нээчихлээ гээд ярихад их баярласаан, тэр хүн.

        -Манай бүтээгдхүүнийг Буриад, Эрхүү, Казакстан, Өвөрмонголын хотуудаас ирж авдаг-

-Экспорт хийх бодол байна уу?

-Санаа бий. Гэхдээ бид хууль дүрмэндээ захирагдаж амьдрахёстой. Жишээ нь Орос руу гаргахад нэг ширхэг бүснээс 34  хувийн татвар авна.  Бидэнд ямар ч ашиггүй болчихно биз дээ. Тэгэхээр манай хуулийн дагуу надад экспорт хийх боломжгүй юмшиг санагддаг. Хэрвээ жаахан уян хатан хуультай бол дэлхийд гарах боломж арьсныханд байгаа шүү. Одоо бол бид нарыг зорьж ирдэг хүмүүс байна. Буриад, Эрхүү, Казакстан, Өвөрмонголын хотуудаас ирж авдаг, хэрэглэх маш дуртай.

-Арьсан эдлэл сүр хүч агуулдаг юмшиг санагддаг. Дээрээс нь хээ, зураг оруулаад ирэхээр бүр ч сайхан харагдаж байна?

-Монгол арьс бол үнэхээр гайхамшиг. Би анх хямд арьс олохоор Хятадын өмнө зүгээс хойд зүг хүртэл явсан. Үнэхээр манайх шиг арьс байдаггүй юм билээ. Монгол боловсруулсан арьсаараа дэлхийд гарах боломжтой.Хээний тухайд  нэлээн судалсан. Хээний бэлгэдэл маш их,  утга учир нь өргөн уудам. Нэг үзэсгэлэн худалдаан дээр Нацагдорж хээний бэлгэдэл тайлбарлаад зогсож байлаа.  Тэгсэн нэг хүн шууд л яриан дундуур ороод “Наадах чинь очир байна ш тээ,  ламын барьдаг Очирыг бүсэлхийнээс доош хэрэглэж болохгүй” гэдгийн. Тэгэхээр нь Нацагдорж хээ бол таныг дөрвөн зүг, найман зовхист аюулсэргийлдэг гээд нэлээд ярьж ойлгууллаа. Манайхан хээгээ сайн мэддэггүй байсан. Одоо бол “Нацагдоржоос авий, буган зурагтай байна уу” гээд мэдлэгтэй болж байна шүү.

-Арал дээр Нацагдорж хээ байхад арьсан дээр түмэн наст байна. Бас хооронд нь уялдуулж хийж байна уу?

-Тэгэлгүй яахав. Нацагдорж хээг урт наслах бэлэг тэмдэг түмэннаст хээтэй зохицуулж хийдэг. Эв эеийн бэлгэдэл Өлзий хээ бүхэлд  нь байна. Үүнийг хосууд их сонгож хэрэглэдэг.  Эд баялагийн бэлгэдэл ланз хээг арал, арьс хоёуланд нь оруулдаг. Сүр, хүчийн бэлгэдэл хас бас адилхан. Мөн Хүннүгийн үеийн бугын зурагтай бий. Энэ жил нар, сар, гал гэсэн хээг  гаргалаа. Борлуулалт их сайн байна.

-Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдаанууд идэвхтэй явагдаж байна. Танайх хэр бэлтгэлтэй оролцож байна вэ?

-“Кажуг” брэнд сүүлийн таван жил дотоод, гадаадын үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож байна. Бид жилийн борлуулалтынхаа бараг 80 хувийг цагаан сараар хийдэг. Тиймээс  11 дүгээр сараас бэлтгэж эхэлдэг. Одоо борлуулалт 50 хувьдаа орчихсон, цүнх дуусчихсан байна. Үйлдвэр дээрээ гэрээт болон цагийн ажилчин аваад нэмээд хийж байна.

-Монгол бахархал, монгол чанар агуулсан“Кажуг” брэндийг бид хаа хаанаас ямар үнээр авч болох вэ?

-Үйлдвэр дээрээ нэрийн дэлгүүртэй. Мишээл экспо, Улаанбаатар палас т манай өөрийн худалдагч нар үйлдвэрийн үнээрээ борлуулалт хийж байна. Их дэлгүүр, Номин, Хүннү молл,  Емарт, Монголд үйлдэрлэв, Мөнгөн завьяад манай нэрийн цэгүүд бий. Мөн Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Увс аймагт өөрийн нэрийн дэлгүүртэй. Монголд хамгийн чанартай хэрнээ хамгийн хямд 100 цэвэр арьсан бүтээгдхүүнийг бид үйлдвэрлэж байна. Хятадын цаасан шахмал бүсний үнээр л зарж байна шүү. Үнээ нэмэлгүй гурван жил боллоо. Манай бүс 15-25 мянган төгрөгний үнэтэй.

-Алдагдалтай юу, үнээ нэмэхгүй ингэж удах нь?

-Ашиг бага л даа. Тоо ширхэгээрээ л нөхөж байна.  Маркетинг нэлээн сайн явж байна.

-Танайх бүх бүтээгдэхүүн их гоё хайрцагтай…?

Солонгосчуудаас их зүйл сурсан даа. Манайх хамгийн анх арьсан бүсийг цаасан хайрцагтай худалдаанд гаргасан. Монголд хийсэн бүснүүд хуйлчихсан, ороочихсон, тохчихсон байдаг байлаа. . Тэгээд манайх хайрцагтай гаргаж эхлээд одоо бараг бүгдээрээ хайрцагтай болжээ.

                                            -Эрээнд манай бүтээгдхүүнийг хуурамчаар үйлдвэрлэсэн-

-Танайхыг хуурамчаар үйлдвэрлэсэн. Тэр асуудал юу болсон бэ?

-Ноднин жил хүмүүс  “танай бүс 5000, 10 000 гэж байна” гээд л залгаад эхэлсэн.Тэгээд яваад очихоор манай хайрцагийг хийгээд дотор нь хужаа бүс хийчихсэн зарж байдаг. За тэгээд хөөцөлдөө, явлаа, судаллаа. Тэгсэн  чинь Эрээнд нэг хужаа манай хайрцагийг хийгээд тэвхийтэл өрчихсөн нэг ширхэгийг нь гурван юанаар зараад сууж байсан. Монголоос нэг нь энэ бүс Монголд хамгийн сайн зарагдаж байна гээдхайрцагны загвар аваачиж өгсөн байгаа юм. Гэхдээ бид ямар арга хэмжээ авч чадаагүй.

-Яагаад…?

-Патентийн газар гэрчилгээгээ авах гээд материалаа өгчихсөн байсан. Есөн сарын дотор хариу нь гардаг гээд  хүлээж байсан үеэр ийм юм болсон. МХЕГ очиход  тодорхойлолт авах цаг болоогүй байна” гэсэн. Патентийн газар ижил төрлийн бүтээгдэхүүн байгаа эсэхийг шүүгээд  хэрвээ гарч ирэхгүй бол энэ танай бүс мөн байна гэдгийг батламжилж өгч байгаа юм.  Есөн сар гэдэг миний хувьд арай удаан юмшиг санагдсан. Одоо бол патентаа авсан. Тэр хужаа нэг хайрцагийг гурван юанаар зараад мөнгө хийгээд авчихсан. Дараа нь логог нь жаахан өөрчлөөд хийж л байна лээ. Бараг л андуурагдахаар.

– Гэхдээ та бүхнийг унасан гэж бодохгүй байна. Танай бүс бол зах зээл дээр нэр хүндтэй бүтээгдэхүүн?

-Баярлалаа. Хэрэглэж  эдлээд чанарыг нь мэдэрсэн худалдан авагч бидэнд олон бий. Хэрэглэгч бол хаан шүү дээ. Хамгийн гол нь би,  тэр хулхи бүсийгхүмүүсхудалдаж аваад хохирох вий гэдгээс л айсан. Түүнээс биш угаасаа ямар ч брэндэд A copy байдаг л юм чинь. Би ажилчиддааа та нар хэрэглэгчээ л хүндэлж ажлаа хий, үр дүн нь аяндаа ирнэ гэж хэлдгийн.

– Нэг үйлдвэрнээгдээд хэдэн хүн нийлээд сайхан эхэлдэг,  удаа ч үгүй нэг хоёроороо тасарч гараад өөр газар очоод яг адилханг хийж эхлэх нь манайд түгээмэл. Танай дээр ийм асуудал гарав уу?

-Байлгүй яахав. Зар өгөхөөр би чадна гээд  л залуус ирнэ. Хэлээд , сургаад заагаад өгнө. Тэгээд нэг өдөр ирэхэд байхгүй, утасдаад яасан гэхээр “ ах би тусдаа юм хийлээ” гэдгийн. Ер нь ажилчдаа маш их анхаармаар юм байна лээ.  Энэ үйлдвэр цаашаа өргөжинө, тэлнэ та нар бас өсөж дэвшинэ гэдгийг сайн ойлгуулмаар.  Ер нь бол үйлдвэр байгуулаад явахад маш хэцүү. Би байгуулаад арван жил болж байна, цаана нь өдөр шөнөгүй бодож төлөвлөсөн таван жил бий.  Зүтгэж л байна даа. /инээв/

-Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоотой хэр ойр ажиллаж байна?

-Нягт холбоотой ажилладаг. Тендерт ороход холбооноосоо тодорхойлолт авдаг. Салбарынхаа хөгжил, дэвшил, алдаа оноо бүхнийг бид хамтдаа туулж явна. Энэ жил холбооныхоо шилдэг бүтээгдхүүний шагналыг авлаа. Одоо бараг бүх төлбөр тооцоог хүмүүс картаараа хийдэг болж өргөн том хэтэвчний хэрэглээ буурч байна. Тэгээд бид 2016 оны Европийн трэнд болсон суганд хавчуулдаг хэтэвч, утасны гэрний шинэ загвар гаргасан. Энэ жил холбооныхоо шилдэг бүтээгдхүүний шагналыг энэ загвараараа авлаа.

                             -Энхийг сахиулагчдын буу, жадны оосор, гар бууны гэрийг хийдэг-

-Сая биднийг уулзаж байхад  танайд Төрийн тусгай хамгаалалтын газраас тендерийн урилга ирүүлж байна. Оролцооч гэсэн санал тавьж байгаа нь та бүхний ажлын амжилт гэж харж байна?

-Манайх олон удаа тендерт орсон, эхлээд дандаа ялагдаж байсан. Ер нь цэрэг цагдаа хүчний байгуулагуудтай хамтарч ажиллах сонирхолтой. Саяхан Хил хамгаалах ерөнхий газрын тендерт орлоо. Одоо энэ Төрийн тусгай хамгаалалтын газраас санал хүргүүлж байна. ЭднийхACEM-аар 150 бууны гэр хийлгүүлсэн. Тэр нь таалагдсан юм байлгүй, тендерийн урилга явуулж . Бид чанартай хямд үйлдвэрлэдэг байхгүй юу. Гадаадаас 300-400 доллараар авах барааг бид 100 долларт багтааж хийдэг.Хэрэглэж үзээд урьж байнаа нь таны хэлснээр амжилт юм. БХЯ-ны энхийг сахиулагчдын буу, жадны оосор, гар бууны гэр хийдэг. Бидний бүтээгдэхүүн, хөдөлмөр эх дэлхийн энх тайвны үйлсэд оролцож байгаад бахархдаг.  Оюутолгой компани ажилчиддаа Англид хийлгэсэн ширэн толгой бэлэглэдэг юм.  Тэрийг шагналд авсан ажилчид манайд ирж арьсыг нь татуулдаг уламжлал тогтсон. Яваандаа үүнийг манайх хийх байхаа. /инээв/

-Цаашдаа юуг төлөвлөж зорьж байна вэ?

-Бүтээгдхүүний төрөлжүүлж үйлдвэрлэх зорилготой. Кажугийн бүсний үйлдвэр, цүнхний үйлдвэр гээд л. Бүр цаашлаад монгол арьсыг дэлхийд гаргах мөрөөдөлтэй. Монголчууд уул уурхайгаа ухахаас  илүүтэй малаа эрүүл өсгөж арьсаа сайн боловсруулбал энэ чинь өөрөө алт,  баялаг. Монгол арьс дэлхийн хаана ч очсон нүүр бардам үзүүлж болох тийм л том баялаг юм.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Би Ховд аймгийн уугуул. Миний аав Лувсанзундуй  гэж боловсролтой, насаараа намын ажил эрхэлсэн хүн байлаа. Буянт сумынхан андахгүй ээ. Ээжийг минь Бондоо гэдэг. Миний хань Рэнцэнгийн Мягмарсүрэн Архангайн хүн. Эхнэр бид хоёр Солонгост хамт ажиллаж байгаад ирсэн. Уг нь би цаг уурч, эхнэр маань бага эмч мэргэжилтэй.  Одоо хоёулаа эндээ зүтгэж байна. Хүүгээ арьс руу оруулсан, охин маань Америкт маркетингийн чиглэлээр сурдаг. Төгсөж ирээд компанидаа ажиллах байх. Кажуг гэдэг нь гэр бүл,  арьс гэсэн хоёр  утга агуулдаг Солонгос үг.  Бид гэр бүлээрээ нэгдээд арьсан бүтээгдэхүүн хийж байна гэсэн утгыг илэрхийлж байна.

-Танай хамт олон халуун дулаан харилцаатай юмаа?

-Өнөөдрийн бидний амжилт бол манай ажилчдын бүтээж буй баялаг гэж би ойлгодог. Тийм ч учраас эднийхээ асуудал болгоныг шийдчих гээд л гүйдэг юм. Амжилт бүхний ард сайн баг, сайхан хамт олон, итгэл зүтгэл байдаг гэж ойлгодог.

– Та хэрэглэгч, худалдан авагчдад хандаад юуг хэлмээр байна вэ?    

-Кажуг чанарыг амлаж чадна. 100 хувь гүн боловсруулсан үхрийн ширээр урласан манай төрөл бүрийн бүс, цүнх, хэтэвчийг сар шинийн баяраар хайртай дотны хүмүүстээ бэлэглээрэй.

-Танд амжилт хүсье.

Кажуг бүсгүйчүүдэд зориулж урласан арьсан цүнх 

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Г.Амартүвшин: “Намайг харлуулж мөнгөө үрэхийн оронд зээлийн хүүгээ бууруул” гэж хэлмээр байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын

2021-01-25

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...