Г.Баяртогтох: Мэргэжлийн боксод хүч үзэх нөхцөл бүрдэхгүй байна

access_time 2018-08-16

“Чингэс мэргэжлийн боксын холбоо” ТББ-ны тэргүүн Г.Баяртогтохтой ярилцлаа.

-Сайн байна уу? Танай холбоо хэзээ байгуулагдсан бэ? Нийт хэчнээн тулаан зохион байгуулав?

-Энэ оны хоёрдугаар сард “Чингэс мэргэжлийн боксын холбоо ТББ”-ыг байгуулж эхний тэмцээнээ 3 сарын 4-нд”Хавай” спорт ордонд зохиосон. Энэ тэмцээнээр Чингис хааныхаа зурагтай аваргын бүс хоёрыг хийлгэж хоёр жинд аварга шалгаруулсан. Үүний 66.2кг жинд манай холбооны Сүхмягмар аварга болж, би өөрөө Оросын боксчин Василий Сергеевичийг оноогоор ялж 90.7 кг хүндэвтэр жингийн аварга болж байсан. Сүүлд 8 сарын 4-нд Хан-Уул дүүргийн “Соёлын ордонд” холбооныхоо хоёр дахь тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд миний бие аваргын бүсээ хамгаалах тулааныг Т.Чулуунтөмөртэй хийж оноогоор ялагдлаа. Ингээд хүндэвтэр жингийн 90.7кг жинд Т.Чулуунтөмөр шинэ аварга болсон. Энэ тэмцээний үеэр дагалдан тулаанаар эмэгтэй гурван хос тамирчин тулалдсан. Миний хувьд Монгол улсдаа зохион байгуулсан тав дахь тулаан минь байлаа.

 

-Гишүүнчлэлийн хувьд асуухад хэчнээн гишүүнтэй болж байна. Цаашдаа олон улсад гарах зорилт тавьсан уу?

-Холбоо маань байгуулагдаад удаагүй байгаа учраас гишүүдээ бүртгээд явж байна. Олон улсад санал тавиад тулаан хийх боломжтой. Өнгөрсөн жил би хоёр тамирчин Солонгос улсад зохиогдсон тэмцээнд оруулж хоёулаа ялалт байгуулж байсан. Одоогоор гадагшаа тулалдана гэхээсээ илүү дотооддоо тамирчдаа бэлтгэх хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд дотооддоо тэмцээн уралдаан зохиож, туршлагатай болохыг илүүд үзэж байгаа.

 

-Таны хувьд мэргэжлийн боксод өнгөрсөн хугацаанд ямар ямар амжилт гаргаж байв?

-Мэргэжлийн боксынхоо 33 дахь тулаанаа найман сард хийлээ. 2002 оны “WBC” холбооны “Дэлхийн залуучуудын аварга” болж байсан. Ерөнхийдөө олон улсад мэргэжлийн боксын олон тулаанд орсон.Хэсэг хугацаанд завсарлаж байгаад саяхнаас эргээд боксын спортдоо орж өөрөө тэмцээн зохион байгуулж байна. Амарч байх хугацаанд нэлээн жин нэмж хүнд жингийн тав дахь тулаанаа хийсэн байгаа.

 

-Та мэргэжлийн боксын олон улсын тэмцээнд удаа дараа оролцож байсан хүний хувьд манай улс хэр төвшинд явж байна?

-Манай улс анх 1995 оноос эхлэн мэргэжлийн боксод дэлхийн аварга Лхагваа гавьяат маань оролцож эхэлсэн байдаг. Гэвч Монголд тогтмол мэргэжлийн боксын үйл ажиллагаа явуулда гхолбоо байдаггүй учир тамирчид маань өөрсдийнхөө хэмжээнд гадагшаа тэмцээнд оролцоод нэлээн өндөр амжилт үзүүлсэн гэж боддог. Тив дэлхийн олон аварга төрсөн. Одоо өөрсдийн сонирхлоор гадаадад тулалддаг залуу боксчид олон байна.

 

-Танай холбооны хувьд тамирчдаа олон улсад гаргахад тулгамдаж байгаа асуудал мөн боломж юу байна?

-Төр засгаас олимпын бокс, сонирхогчийн бокст л дэмжлэг үзүүлэхээс биш мэргэжлийн боксыг олон улсад гаргах тал дээр анхаарч, сонирхдоггүй юм шиг санагддаг. Мэргэжлийн бокс Монголд хаягдсан гэж хэлж болно. Тамирчид бид өөрсдөө ивээн тэтгэгчээ хайж олдог. Ер нь гадагшаа тэмцээнд явах, тэмцээн уралдаан зохион байгуулахад хамгийн түрүүнд хөрөнгө мөнгөний асуудал их тулгамддаг. Тиймээс тэр болгон тэмцээн зохиогоод байж чаддаггүй.

Мэргэжлийн боксод хүч үзэх нөхцөл нь бүрдэхгүй байна. Адаглаад үйл ажиллагаа явуулдаг байнгын холбоо алга. Боломжийг нь бүрдүүлээд өгвөл Монгол хүн өмнө нь ч амжилт үзүүлж байсан. Цаашдаа ч улам илүү амжилт үзүүлэх боломжтой.

 

-Танай холбооноос цаашдаа хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

-Төлөвлөсөн олон ажлууд бий. Юун түрүүнд мэргэжлийн боксын клуб байгуулахаар ажиллаж байна. Холбооны хүрээнд “Чингис хаан”-ы аваргын бүсийн тэмцээн зохионо гэх мэтээр төлөвлөгөөт ажлууд байгаа.

 

-Тантай ярилцахад сайхан байлаа. Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

 

-За баярлалаа. Чамд болоод танай МҮСХНХ-ныүйл ажиллагаанд нь амжилт хүсье

 

Эх сурвалж:mongolcomment.mn

Ярилцсан: М.Март

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060