Б.ГҮНЗАЯА : Цахим орчинд таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна. Хүүхдийнхээ гар утсанд хяналт тавьцгаая

access_time 2018-09-07

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ-аас “UNFRIEND хөдөлгөөн”-ийг эхлүүлээд байна. Тус хөдөлгөөний элчээр сонгогдон ажиллаж буй “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн, Эрх зүйч, Олон улсын мисс Б.Гүнзаяатай ярилцлаа.

-Таны хувьд энэхүү аян яагаад оролцох болов?

– Нийгэмд сайн сайхныг түгээх зорилгоор нэгдсэн. Иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын тулд хүүхдүүдээ хайрлах ёстой гэж боддог. Энэ аянд нэгдэхээсээ өмнө “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулан гурван жилийн хугацаанд сайн үйлсийн аян өрнүүлж, ирээдүйгээ гэрэлтэй байгаасай гэсэн бодлоор нөлөөллийн ажлуудыг их хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжихийн хэрээрхүүхэд, залуусыг элдэв муу зуршилд донтуулах, тэдний үйл хөдлөл, зургаар дарамтлах, сэтгэл санааны хохирол учруулах хэргүүд ихээр гарах болсон байна. Тиймээс энэ удаагийн ЦЕГ-аас санаачлан, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон ЦЕГ-аас зохион байгуулж буй “UNFRIEND хөдөлгөөн”-ий элчээр ажиллаж байна.

-Цахим орчныг хэрхэн зохистой хэрэглэх ёстой юм бэ?

– Аяны хүрээнд иргэдэд цахим хаягийг хэрхэн хөтлөх зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл өгнө. Иргэд цахим аюулгүй байдлаа хангаад ажилласан тохиолдолд ямар нэгэн кибер халдлагад өртөхгүй, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохгүй байх боломж бүрдэнэ. Тиймээс ЕБС-ийн 700 гаруй сургуулиудад цахим хэрэглээний зохистой орчныг бүрдүүлэх чиглэлээр лекц уншина. Мөн “Selfie Talk” “Nine Talk” зэрэг арга хэмжээг цахим орчинд болон олон нийтийг хамарсан гудамж, талбайд зохион байгуулах болно. Одоогоор иргэд олон нийтийн дэмжлэгийг авч буй нэг ажил бол “Хар жагсаалт буюу Black list” гэсэн групп ажиллаж байна. Энэ группд эцэг, эхчүүд нийлээд садар самуун, хүчирхийлэлийн үйл ажиллагааг сурталчилдаг группуудыг хамтдаа устгах, репорт хийх боломж бүрдэж байна.

 

-Иргэддээ хандан анхааруулж хэлэх зүйл байна уу?

– Таны хүүхэд цахим орчинд танихгүй хүнтэй найзалж, танихгүй хүний бичсэн зүйлээр хүмүүжиж байна. Мэдэхгүй хүнтэйгээ хүүхдээ найз болгосноор тухайн хүнд хувийн мэдээллээ их, бага хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Хэзээ нэгэн цагт тэр хувийн мэдээллээр нь таны хүүхдийг, танай гэр бүлийг дарамтлах, халдах зэрэг эрсдэлүүд учирч болзошгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэргүүдээс харахад энэ төрлийн хэрэг их гардаг болсон байна. Тиймээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна. Магадгүй хэн нэгэн танихгүй этгээд таны хүүхдийг цахимаар дарамталж, сүрдүүлж, доромжилж байгааг эцэг, эхчүүд нь мэдээгүй, анзаараагүй ч байж болох юм. Өсвөр насныхан тэр дундаа эцэг эхдээ энэ төрлийн зүйлээ нээлттэй яриад байдаггүй талаар сэтгэл судлаачид ярьдаг юм байна лээ.

“Unfriend хөдөлгөөн”-ий цаана Монголын ирээдүй болсон хүүхдүүд байгаа учир эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Аюулгүй цахим хэрэглээг бий болгохын төлөө бид нэгдэх хэрэгтэй. Насанд хүрээгүй хүүхдүүд интернет орчинг ашиглаж байна. Гэтэл мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, садар самуун, аллага, хүчин, хар тамхи гэх мэт зүйлсийг хяналтгүй нийтэлж буй нь өсвөр наснынхныг сэдэлжүүлж сонирхлыг нь өдөөж байна. Тиймээс бид одоо л зогсоохгүй юм бол улам л их эрсдэлийг авчрах болно.

-Хориглох тусам улам идэвхжээд байвал яах вэ?

– Аливаа зүйл хоёр талтай. Хийхгүй байснаас л дээр шүү дээ. Олны хүчээр бугшсан асуудлыг гаргаж ирж, таслан зогсоох, хяналт тавихыг эрмэлзэж байна. Иргэд дор бүрнээ ухамсартай хандаж, эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлгээнд “Болохгүй” гэх үзлийг суулгаж өгч, сөрөг талуудыг нь таниулах хэрэгтэй.

Эх сурвалж : Өдрийн сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549