С.БАТБОЛД: УЛААНБААТАРЫГ ХЭРХЭН УДИРДСАН АЛДАА, ОНООГОО БИ ӨӨРӨӨ ҮҮРЧ, ХАРИУЦЛАГАА БҮРЭН ХҮЛЭЭЕ ГЭЖ БАЙГАА ЮМ

access_time 2018-09-20

 

МАН-ын нийслэлийн хорооны даргыг сонгох сонгууль тун удахгүй болох гэж байна. Энэ сарын 21-ны өдөр Нийслэлийн МАН-ын Бага хурал зохион байгуулагдаж, удирдлагаа сонгоно.Энэ албан тушаалд хотын дарга С.Батболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар мөн хотын дарга асан Ц.Батбаяр нар өрсөлдөхөөр нэр нь яригдаж байна. Хотын дарга С.Батболд тус сонгуульд өрсөлдөх болсон шалтгаанаа ийнхүү тайлбарлажээ.

“Миний хувьд С.Батболд гэж хүн давхар дээл өмсөх гэж энэ албан тушаал руу шунаад байгаа юм ерөөсөө байхгүй. Хүлээх хариуцлагатай нь дүйх улс төрийн эрх мэдэл хотын даргад байх ёстой. Тэр нь манайхаар Нийслэлийн МАН-ын дарга. Аймгийн Засаг даргад бол аймгийн намын дарга. Тийм учраас нийслэл, аймгийн Засаг дарга хийж байгаа хүн нь тухайн шатныхаа намын байгууллагыг тэргүүлдэг практик манай намд бий. Тэр жишгээр миний өнөөдөр хашиж байгаа албан тушаалтан л Нийслэлийн МАН-ын хороог удирдах ёстой. Гэхдээ энэ бол дөрөвдүгээр шалтгаан. Нэгдүгээр шалтгаан бол хотын даргын ажлыг хийхэд засаглаж байгаа, нийслэлд ялсан намын даргын эрх мэдэл бодлого маш хэрэгтэй. Хотын дарга нь нийслэлд засаглаж байгаа намынхаа даргын ажлыг хийснээр улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх, маш том хөшүүрэгтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт, хотын дарга бол хэрхэн ажилласнаа, хотыг хэрхэн удирдсанаа хотын иргэдээрээ дүгнүүлэх ёстой. Иймд 2020 оны сонгуулиар Улаанбаатарыг хэрхэн удирдсан алдаа, оноогоо би өөрөө үүрч, хариуцлагаа бүрэн хүлээе гэж байгаа юм. Энэ бол улс төрд байдаг хамгийн зөв жишиг. Э.Бат-Үүл дарга ч тэгсэн. Гуравдугаарт, хотын иргэд 2020 онд нийслэлийн сонгуульд аль нэгэн салбарын сайдын юмуу, хэн нэгэн албан тушаалгүй даргын нэрийг харж саналаа өгөхгүй. Зөвхөн хотын даргын ажлыг дүгнэж л саналаа өгнө. Тийм учраас хотын дарга нь нийслэлийн намаа тэргүүлэх нь манай намд, ялангуяа хотын намынханд хэрэгтэй. Тэгэхээр Нийслэлийн МАН-ын даргын албан тушаал нь С.Батболд гэдэг хувь хүнд бус, хотын ажлыг сайн хийхэд хотын даргад төдийгүй нийслэлийн иргэдэд илүү хэрэгтэй. Хотыг хэрхэн удирдсан хариуцлагыг нь тооцох гэдэг утгаараа хотын дарга өөрөө нийслэлд засаглаж байгаа намынхаа дарга байх нь Улаанбаатар хотын хөгжилд чухал .”

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549