Үг хэлэх эрхээ эдэлсний төлөө торгуулсан сэтгүүлчийг хуульч Д.Оросоо өмгөөлнө хэмээн мэдэгдлээ

access_time 2018-10-17

 

Фэйсбүүк сүлжээнд нэгэн намын даргын нэрийг андуурч бичсэнээс болоод нэгэн иргэн Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээгээд байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, сэтгүүлч мэргэжилтэй Р.Улам-Оргих нь өөрийн хувийн фэйсбүүк хуудастаа, “Үнэн ба зөв намын дарга Ш.Сайхансамбуу” гэсэн агуулгатай пост бичиж оруулсаны төлөө “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар гэгч нь цагдаад гомдол гаргаж, худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр сэтгүүлч Р.Улам-Оргихыг Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулахаар болсон байна.

Харин энэхүү үйлдлийг сошиал сүлжээнд маш олон хүмүүс эсэргүүцэж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заагдсан эрхээ эдэлснийхээ төлөө торгуулийн шийтгэл хүлээнэ гэдэг байж болшгүй зүйл хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Тэгвэл Баянгол дүүргийн засаг дарга асан, хуульч Д.Оросоо үг хэлэх эрхээ эдэлсний төлөө торгуулсан сэтгүүлчийг үнэ төлбөргүйгээр өмгөөлж, хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр энэ тухай фэйсбүүк хуудастаа, “Хүний эрхийг хамгаалж өмгөөлнө өө. Үг хэлэх, мэдээлэл олж авах, түгээх эрхээ эдэлсний төлөө торгуулсан сэтгүүлч залууг Монголдоо удахгүй очоод үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө өгч, өөрийн биeэр өмгөөлж шүүх хуралд нь орж тусална. Энэ асуудал бол тооцоо судалгаа муутай гаргасан Зөрчлийн хуулийн “хийдэл”, “согог”, “хэлмэгдүүлэлт” юм. Үг хэлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх бол Үндсэн хуулиар хамгаалагдсан манай нийгмийн суурь үндсэн эрх шүү. Торгуулдаг эрх чөлөө биш. Би энэ үг хэлэх, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийн асуудлаар докторын зэрэг хамгаалах гэж байгаа судлаач хүн, энэ эрхийг тууштай хамгаалахын төлөө явна” хэмээн мэдэгджээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549