БАЙР СУУРЬ: Цахим орчин дахь ёс зүйн асуудлаар

access_time 2018-11-12

 

ЦЕГ-аас санаачлан ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Цахим орчныг зөв болгоё” аяны хүрээнд Цахим орчин дахь ёс зүйн асуудлаар талуудын байр суурийг хүргэж байна.

Амьдрал дээр хүмүүс нүүр нүүрээ харахаараа ёс зүйн алдаа бага гаргадаг боловч, цахим орчинд эсрэгээрээ ёс зүйн доголдол маш их гаргаж байна. Цахи орчинд хууль зүйн ямар хэм хэмжээг баримтлах ёстой бэ?

Хуульч Д.Оросоо: Монгол Улсын үндсэн хуулиар хүн үгээ хэлэх, мэдээллийг чөлөөтэй эрж хайх, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх ёстой. Жишээ нь бусдын нэр хүнд, алдар хүндэд халдахыг хориглоно хэмээн заасан байдаг. Цахим орчинд нэр зураггүй хаягаар бусдын нэр хүндэд халдах, гутаах тохиолдлууд их байна. Бид тухай бүрт нь засч залруулж явахгүй бол ийм гажуудал хэрээс хэтэрч, мэдэх эрхэнд хүртэл сөргөөр нөлөөлөх талтай. Өөрөөр хэлбэл мэдээллийн гажуудлыг үүсгэж байна.

“Глоб интернэшнл төв” ТББ-ын менежер Ц.Мөнхжин: Манай улсын хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж байгаа бас нэг хэрэгсэл иргэний болон улс төрийн факт байгаад байгаа. Фактын 19 дүгээр зүйлд үг хэлэх эрх чөлөөний талаар заасан. Хэрэв үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэж байгаа бол буцаад онцгой хариуцлагыг хүлээнэ гэж тусгасан байдаг. Мөн дээрээс нь фактын 20 дугаар зүйл дээр дайныг сурталчлахгүй, ялгаварлан гадуурхал, үндсэрхэг үзлээр дамжуулж нийгэмд мөргөлдөөн үүсгэх, дэвэргэхийг хуулиар хориглож өгдөг. Цахим орчны хувьд хуулиа дагахын бол хууль зөрчсөн үйлдлүүд их байна. Гэхдээ энэ тал дээр хүнд шийтгэл хүлээлгэх юм бол буцаад үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, зарим зөв нээлттэй мэдээллийг хаах, цензурт орох хандлагатай. Аль аль талдаа л ярих асуудал. Нөгөөтэйгүүр иргэдийн мэдээлэл хүлээж авах боловсролын асуудал зайлшгүй хөндөгдөнө. Хүн өдөрт 12 цагийн турш 100 мянга гаруй үг хүлээн авдаг гэсэн судалгаа гарсан байсан. Гэтэл бид цахим орчинд энэ их мэдээллийн урсгалд аль нь зөв, буруу болох тал дээр анхан шатны суурь мэдлэг бидэнд суугаагүй байна. Энэ талын боловсролыг дунд сургуулиас нь зааж өгч байх ёстой.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуурамч хаяг, хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэж байна вэ?

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболд : ХХЗХ-ны урилгаар Фэйсбүүк компаний Ази бүсийг хариуцсан удирдлагууд өнгөрсөн 9 дүгээр сард манай улсад албан уулзалтууд хийгээд явсан. Уулзалтаар үндсэн 3 зүйлийг тохирсон. Үүнд хуурамч хаягуудыг цэгцлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, цахим орчинд хүүхэд хамгааллаар хамтарч ажиллах зэрэг. Энэ сард Фэйсбүүк компаний ажлын хэсэг манай улсад ирж, ХХЗХ-ны ажлын хэсэгтэй хамтран ажиллана. Нөгөөтэйгүүр фэйсбүүк болон нийгмийн сүлжээг хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр үндсэн 2 асуудал байдаг. Үүнд олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Хууль эрх зүйн орчноо дагаад техникийн шийдлүүд бий болдог. Техникийн шийдэл дээр яалт ч үгүй харилцаа холбооны салбарын компаниуд, интернэт үйлчилгээ эрхлэгч байгууллагууд зайлшгүй оролцдог. Сургалт сурталчилгааны тал дээр ХХЗХ-оос ЦЕГ-тай хамтран олон ажлуудыг хэрэгжүүлж байна, нийгмийн сүлжээн дэх техник, горимын асуудлыг энэ сард Фэйсбүүк компаниас ирэх ажлын хэсэгтэй хамтарсан техникийн ажлын хэсгээс тодорхой болно. Бид бэлтгэл ажлаа хангаад явж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс цахим орчинд хүний нэр төрд халдах, гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар ажлууд хийгдэж байна вэ?

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Арсланхуяг: Юуны өмнө цахим орчинд гэмт хэрэг, зөрчлийн асуудлын талаар хэлэх нь зүйтэй байх. Цахимаар дамжаад гэмт хэрэг үйлдэгддэг болсон. Цахим орчин нь гэмт хэргийн нэг арга хэрэгсэл болоод байна. Садар самуун, хүчирхийллийг сурталчилсан контентууд явах болсноор хүүхэд, залуучууд их өртөж, гэмт хэргийн хохирогч болоход хүргээд байна. Бусдын нэр төрд халдах, гүтгэх доромжлох тал дээр 2018 он гарсаар эхний 10 сарын байдлаар 450 орчим гомдол, мэдээлэл ирээд байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер аюулгүй байдлын хэлтсийг шинээр байгуулсан. Мэргэжлийн алба хаагчид ажиллаж байна. Ирсэн гомдол, мэдээлэл дээр эзэн холбогдогчийг нь тогтоож, зөрчлийн дагуу хуулиар хариуцлага тооцоод явж байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн олон ажлууд хийгээд явж байгаа.

Үүний нэг нь Unfriend хөдөлгөөн байсан. Одоо үргэлжлүүлээд “Цахим орчныг зөв болгоё” аяныг зохион байгуулаад явж байна. Олон нийт, нийгэм рүү хүрч болох мэдээллийн бүхий л төрлийг бид сонгож ажиллахыг хичээж байна. Зорилтот бүлгүүд рүү чиглэсэн видео контентууд, нэвтрүүлгүүд, зөвлөмж, анхааруулга мэдээнүүд, цахимаар аннимэшн, постерууд, фм радио, сонин сайтууд, гадаах том самбарууд болон ухуулгын уулзалтууд, танилцуулгуудыг тогтмол хийж байна.

Эдгээр ажлын үр дүн эхнээсээ гарч байгаа хэдий ч цахим орчин гэдэг бол иргэн, хувь хүнээс ихээхэн хамаардаг учраас иргэн, хувь хүний хариуцлага, мэдлэгтэй, ойлголттой байх их чухал байна.

Хувь хүний цахим хаягийг ашиглан найзуудаас нь мөнгө гуйх, хууль бусаар ашиглах явдлууд гараад байна. Энэ тал дээр яах ёстой вэ?

Хуульч Д.Оросоо: Энэ тал дээр техникийн шийдэл л чухал. Яг эрх зүйн хувьд хувь хүний эрх ашиг, хууль ёсны эрх нь бүгд эрүүгийн болоод зөрчлийн хуулиар хамгаалагдсан байдаг. Цахим орчинд гарч буй гэмт хэргийг илрүүлэх асуудал үнэхээр төвөгтэй байна. Гүжирдэж гүтгээд хүний нэр төрд халдчихдаг. Яг цагдаад өгөх гэхээр эзэн нь олддоггүй, хэн бичсэн нь олдохгүй байгаа нь буцаад иргэд хохирч үлдэхэд хүргээд байна. Цахим орчны хувьд хувь хүний алдар хүнд, хувийн болон ажил хэргийн, бизнесийн нууц гэх мэт нууцтай холбоотой асуудлыг чанд хамгаалах шаардлага гарч байна. Нэг талдаа хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон нийтэд мэдээлэл хүргэхэд цензур тогтоохгүй гэсэн суурь зарчим байгаа боловч ёс суртахууны хувьд хүүхэд залуучуудад буруу үлгэрлэл үзүүлж, нийгмийг зөв чиглүүлэхгүй байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа  Г.Арсланхуяг: Мэдээлэл харилцаа холбооноос гаргасан судалгаагаар манай улс цахим орчны эрсдэл өндөртэй орны тоонд ордог. Манай урд хөршид гэхэд л өндөр цагаан хэрэм гээд хамгаалалтын програм байдаг. Фэйсбүүк компаний хувьд өөрөө хувийн компани, АНУ-д байдаг компани. Сервэр нь АНУ-д байгаа, хууль нь АНУ-ын хуулиар явж байгаа. Бидний зүгээс цахим орчинд бусдын нэр хүндийг гутаалаа гэсэн асуудал тавихад эрх зүйн зохицуулалтын зөрүүтэй асуудлууд байдаг. Гэхдээ манай кибер аюулгүй байдлын хэлтэс бололцоотой бүхий л арга хэмжээг авч, ирсэн өргөдөл гомдол дээр ажиллаж байна. Цахим орчны нэг онцлог нь хувь хүн өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангах боломжтой. Өөрт хамааралгүй танихгүй хүмүүстэй найз болохгүй байх, өөрийн нууцлалыг бүрэн хамгаалах гэх мэт. Хүүхэд хамгааллын тухай хуулинд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болбол эцэг эх, асран хамгаалагч нь хариуцлага хүлээнэ гэж заасан. Тиймээс манай эцэг, эхчүүд хуулиараа хүлээсэн үүргээ сайн мэдэхгүй байна. Жишээ нь хүүхэд залуучуудыг буруу мэдээлэл, нөлөөлөлд автахаас сэргийлж фэйсбүүк дээр хамгаалалтын олон тохиргоонууд байдаг. Гэвч эцэг эхчүүд хүүхдээсээ дор хэрэглээний мэдлэгтэйгээсээ болоод тэднийг хянаж, хамгаалж чадахгүй байна. Цагдаагийн байгууллагаас энэ талын мэдлэгийг дээшлүүлэх, сэрэмжлүүлэх анхааруулах, зөвлөмж хэлбэрээр олон төрлийн видео контентыг түгээсэн. Иргэд олон нийт анхаарахгүй байна. Цагдаагийн байгууллагаас хуурамч хаяг, хууль бус үйл ажиллагааг сурталчилсан групп, хуудсуудыг хаах зорилгоор “хар жагсаалт” гээд групп хүртэл байгуулсан. Энэхүү “Хар жагсаалт” группээрээ дамжуулан иргэд, олон нийтэд хэрхэн хуурамч хаягийг таньж хаах уу, сөрөг мэдээллээс хэрхэн сэргийлж, өөрсдийн аюулгүй байдлыг хангах уу гэх мэтчилэн олон зөвлөм, заавруудыг нэг бүрчлэн оруулсан.

Гэхдээ хуурамч, хууль бус групп, пэйж хаахад ихэнх контнетууд нь монгол хэлээр учраас фэйсбүүк рүү хүсэлт тавьсан ч устгах хүртлээ хугацаа их ордог.  Англиар бол шууд устгагддаг. Тухайлбал, Санхүү авна, өгнө, зуучлана гэх мэт  группүүдийг хаагаад өгөөч гэхээр судалж үзнэ гээд маш их цаг ордог. Иргэд репорт хийдэг тохиргоог сурчих хэрэгтэй байна. Зааварчилгааг бид тогтмол өгөөд явж байна.

“Глоб интернэшнл төв” ТББ-ын менежер Ц.Мөнхжин: Цахим орчны талаар иргэд, олон нийтэд боловсрол олгох асуудал оройтож байна. Энэ тал дээр төрийг шахах ёстой. Бусад улсууд энэ тал дээр арга хэмжээ аваад эхэлсэн байна. Өөрөө өөрсдийгөө хамгаалах мэдлэгтэй болмоор байна. Цөөн хэдэн ТББ хийгээд хүчирхэхгүй. Дижитал хамгаалалт бол хэзээ ч 100 хувь хамгаалагддаггүй. Харин урьдчилан эрсдлээс хамгаалах аргуудыг нь зааж өгдөг. Хувь хүн л шийддэг. Хувь хүн л өөрийн пасспортоос авахуулаад бүх тохиргоог зайлшгүй сурах хэрэгтэй.

Фэйсбүүкийг хэрэглэх хэрэгтэй юу? Өмнөд хөрш шигээ өөрсдийн платформыг бүтээгээд дотоод сүлжээгээ ашиглах уу?

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболд: Манай улсын хувьд ардчилсан нийгэмтэй улс. Фэйсбүүк бол маш олон давуу талтай. Мэдээж давуу, сайн талуудын хажуугаар сөрөг талууд бий болж байгаа нь бид энэ орчинд зайлшгүй зохицуулалт хэрэгтэй гэдгийг анхааруулж байгаа хэрэг юм. Дан ганц үндэсний хэмжээний платформ хөгжүүлнэ гэвэл эдийн засгийн өндөр чадавхтай байх ёстой. Гол нь тодорхой хэмжээний хэрэгтэй зохицуулалтуудыг нь хийж өгөх ч чухал. Цахим орчин дахь контентуудыг хууль бус, хүүхдэд хортой гэдгийг хэн тодорхойлох уу, буцаад устгах эрх нь хэнд байх уу зэрэг шийдвэр гаргах түвшинд нь тодорхой болгох хэрэгтэй байна. Вэб сайтуудын хувьд болоод байдаг. Серверээр нь дамжуулж хязгаарлалтууд хийж, хууль бус үйлдлүүдээс сэргийлж болж байна. Харин олон улсын түвшний хэрэглээний платформ дээр зайлшгүй тохирох зохицуулалтуудыг бий болгох шаардлага үүсч байна. Гол нь иргэд албан эх сурвалжид итгэх, мэдээллээ нягтлах хэрэгтэй байна. 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060