Д.Амартүвшин: Бид оюун санааны эрх чөлөөгөө хамгаалах цаг аль хэдийн болсон

access_time 2018-11-16

 

Одоогоос дөрвөн жилийн өмнө хэсэг залуус нэгдэн, хошин урлагийн нэг төрөл болох Станд-ап комедийг Монголд хөгжүүлж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш хошин урлаг дотроо хамгийн энгийн, чөлөөтэй гэгддэг энэхүү төрлийн “Ub Comedy Night” гэх арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тэд өдгөө “Ub Comedy“ клубийн залуус ам бүл олуулаа болжээ. Эдгээр залуус тогооч, санхүүч, продюсер, маркетингийн менежер, худалдааны менежер гээд өөр салбарын мэргэжилтэй ч, өөрсдийн сонирхолдоо нэгдсээр байна.

Харин энэ удаа UB Comedy-гийн гишүүдийн нэг болох Д.Амартүвшинг зочноор урьж, ярилцлаа. Түүний үүсгэн байгуулсан “Мизэс Монгол” ТББ Торгоны зам сантай хамтран “Liberty Summit Mongolia 2018” арга хэмжээг энэ сарын 22-ны Пүрэв гарагт зохион байгуулах гэж байгаа юм.


 

-Сүүлийн үед Ub Comedy-гийн залуус нэлээд завгүй ажиллаж байна. Тухайлбал, гадаад амьдарч буй монголчууддаа зориулсан тоглолтууд их хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг үеэ бодоход та нарыг ойлгож, арай өөрөөр хүлээн авдаг хүмүүс нэмэгджээ?

-Гадаад байгаа монголчууд биднийг их үздэг. Нэгдүгээрт станд-ап комеди өөрөө барууны соёл. Тэгэхээр тухайн улсад амьдарч буй хүмүүс соёлыг нь ойлгодог учир комедиг ойлгон, үздэг юм шиг санагдсан. Мөн ихэнх хүмүүс интернетээр мэдээллээ авдаг учир бидний цахим хуудсандаа байршуулсан бичлэгийг нэлээд үзэж байгаа.

Түүнчлэн гадаадад төдийгүй дотооддоо буй монголчуудын дунд станд- ап комеди түгсээр байна. Бид Ням гарагаас бусад бүх өдөр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Сүүлийн үед бидний тоглолтыг танхим дүүрэн хүн үздэг болсон шүү. Одоо ингээд харахад бид яг л цагаа олж гарч ирсэн юм шиг. Хүмүүст хэрэгтэй үед хүссэн зүйлийг нь хийсэн болов уу гэж боддог.

-Өнгөцхөн харвал хүмүүсийг хөгжөөж, инээлгээд байгаа боловч, сайн анзаарвал яг л өнөөгийн нийгмийн болж бүтэхгүйг шүүмжлээд байдаг юм шиг?

– Би ер нь их нийгмийн идэвхтэй хүн. Нийгэмд болохгүй байгаа зүйлсийг ёжлон гаргадаг болохоор анх станд-ап комедийг сонирхож эхэлсэн. Хүн уурласан үедээ бус, инээж байхдаа илүү ихийг ойлгодог. Ууртай хүн хэт эмоци гаргасандаа болоод алив зүйлийг хүлээн авах чадвар нь бага. Харин хүн инээж байхдаа өөрийнхөө болох, болохгүйг ойлгон хүлээн авч, дараа нь засах сэдэл төрдөг юм шиг.

Тухайлбал, хотын соёл, улс төртэй холбоотой асуудлуудыг өөрсдийн зовлонгоо шоолон инээх замаар хүргэдэг. Мэдээж сайшааж хүлээж авах нь ч бий, бас шүүмжилдэг хүмүүс ч бий. Гэхдээ хүн өөрийгөө шүүмжилж байж л өөрчлөгдөнө.

UB Comedy-гийн Амартүвшин, бодит байдал, амьдрал дээрх Амартүвшин хоорондоо ялгаатай юу. Эсвэл яг л адилхан нийгмийн асуудлыг “хөндөгч” идэвхтэн үү?

– Комеди хобби боловч нөгөө талаар үзэл бодлоо илэрхийлэх талбар. Станд-ап өөрөө хэн ч үзэл бодлоо илэрхийлэх боломжтой талбар юм. Тиймээс л талбай дээр жагссанаас илүү олон хүнд хүрч, үзэл санаагаа илэрхийлэх боломжийг олгодог. Илүү олон хүний өмнө болохгүй, бүтэхгүй зүйлсийг ёжлон шүүмжилж, уран мэх ашиглан хүргэдэг талбар. Би бодит байдал дээр ч ялгаагүй “саркастик” хүн. Амьдрал болон тайзан дээрх Амараа яг л адилхан.

Тиймээс ч хиймэл дүр бүтээдэггүй учир зарим хүмүүс надад сайн ханддаг байх. Би хэсэг залуустай нийлэн “Мизес Монгол” ТББ байгуулсан. Ерөнхийдөө бодит бус Австрийн эдийн засгийн онолын сургуулийг болон чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төрийн үзэл санааг эх орондоо сурталчлах зорилготой. Ялгаагүй энэ ажил комедитой хосолдог учир сонгосон. Ийнхүү тайзан дээрээс яагаад төр хязгаарлагдмал байх ёстой, болон улс төрчид яагаад дандаа худлаа ярьдаг талаар үзэл бодлоо илэрхийлэн ярилцдаг.

-Таны хамтран үүсгэн байгуулсан “Мизес Монгол” ТББ-ынхан өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

– 2016 оноос эхлэн бид үйл ажиллагаа явуулж байгаа. Байгуулагдаад хоёр орчим жил өнгөрч байна. Гэхдээ энэ хугацаанд бид нэлээд ажлыг хийсэн. Тухайлбал, одоогоор таван ном гаргаад байна. Шуугиан тарьсан номуудаас дурдвал, “Тотилитар дэглэмээс гажуудсан ардчилал уруу” гээд ном бий. Энэ ном улс төрчдийн дунд их уншигдсан. Сүүлд хотын дарга асан Э.Бат-Үүл ирээд 20-ыг аваад явсан. Мөн Карл Марксийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан “Unmasked Marxism буюу Марксизмын үнэн төрх” гээд ном орчуулж гаргаад байна. Ер нь манайхаас гаргасан номууд академик, хувь хүний эрх чөлөөнд чиглэн гаргадаг.

Түүнчлэн бид сар болгон шар айраг уун эрх чөлөө, улс төр, эдийн засгийн тухай чөлөөтэй ярилцдаг “эрх чөлөөний паб” нэртэй арга хэмжээг тогтмол хийдэг. Мөн зун бүр Торгоны зам сантай хамтран “Free market academy” буюу  долоо хоногийн вакуумжуулсан сургалтыг явуулдаг. Хэдий бид санаачлаагүй ч, бидний үзэл санаатай нийцсэн учир хамтран зохион байгуулж байна.

“Комеди хобби боловч нөгөө талаар үзэл бодлоо илэрхийлэх талбар”
“Бид эдийн засгийн эрх чөлөөний индексээр 160 орноос 125-д жагсаж байна. Ийнхүү “Ихэнхдээ эдийн засгийн эрх чөлөөгүй” гэсэн ангилалд багтчихлаа”

-Удахгүй “Liberty Summit Mongolia 2018” арга хэмжээг анх удаагаа танай байгууллага хийх гэж байна. Тэгэхээр уг арга хэмжээний зорилго болон заавал зохион байгуулах ёстой гэсэн шалтгаан, сэдэл нь юу вэ?

– Чөлөөт зах зээл, хязгаарлагдмал төр, хувь хүний эрх чөлөөг дэмждэг хүмүүсийн томоохон арга хэмжээ манайд байдаггүй. Гэтэл дэлхийн бусад орнуудад олон бий. Түүнчлэн улс бүрт ийм үзэл санаатай хүмүүсийн жилдээ нэг удаа цугларч бусадтай үзэл санаагаа хуваалцан, цаашлаад нийгэмд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготой уулзалт, арга хэмжээ болдог.

Харин Монголд одоог хүртэл ийм үйл ажиллагаа байгаагүй. Ялангуяа Монголд энэ ажиллагаа нэн шаардлагатай, чухал. Бид хэдий 1990 оноос хойш чөлөөт зах зээл, ардчиллын тогтолцоонд шилжсэн ч онол, үзэл санааны хувьд юу вэ гэдгийг ярилцаагүй, урсгалаараа явсан. Бидний хоёр талд том дарангуйлалтай хөрш орон байна. Азид бид эрх чөлөөний арал гэгддэг боловч өөрсдийгөө цэнэглэн, тэр тусмаа оюун санааны эрх чөлөөгөө хамгаалах цаг аль хэдийн болсон.

Энэ бүгд өнөөгийн манай нийгэмд болж буй үйл явдлаар илэрхий боллоо. Манай төр аль хэдийн социалист маягийн төр болчихсон байна. Бид эдийн засгийн эрх чөлөөний индексээр 160 орноос 125-д жагсаж байна. Ийнхүү “Ихэнхдээ эдийн засгийн эрх чөлөөгүй” гэсэн ангилалд багтчихлаа. Тиймээс бид дуугарч, нэгдэн нийгэмд эрх чөлөө хэр чухлыг ойлгуулах цаг аль хэдийн ирсэн. Ийм учир хэн нэгэн манлайлан хийх хэрэгтэй байсан, харин энэ манлайлагч нь манай байгууллага болсонд бид баяртай байгаа. Мэдээж хэрэг бид дангаараа бус Торгоны зам сан, Алтан тариа ХХК болон олон мэдээллийн сайтууд ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа.

Мөн үйл ажиллагаагаа бид ирэх жилээс олон улсын болгон өрөгжүүлэхээр төлөвлөсөн.

-Оролцогчид, панелистуудын сонголт их сонирхолтой санагдлаа?

– Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй, зарим нь огт ярилцлага өгч байгаагүй хүмүүсийг бид сонгосон. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Алтан тариа компанийн захирал П.Цэнгүүн, Философийн ухааны доктор Б.Батчулуун, Дэ Факто Д.Жаргалсайхан нар үндсэн илтгэгчээр оролцохоор болсон. Энэ мэтчилэн олон хүндтэй эрхмүүд оролцон сонирхолтой асуудлуудыг хөндөн ярих юм.

Ерөнхийдөө сүүлийн үеийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно.

-Тэгэхээр уг үйл ажиллагаанд оролцсон хүмүүс юуг олж, ойлгож авах вэ?

– Монголчууд мухардалд орчихсон юм шиг санагддаг болсон. Тухайлбал, намууд солигдлоо болсонгүй, гишүүд, хөгшчүүлийг залуу боловсон хүчнээр сольж ч үзлээ дээрдсэнгүй. Залуучууд нь дахиад л асуудал гаргаж байна. Тэгэхээр иргэд хувьсгал хийх, эсвэл засаглалын хэлбэрээ өөрчлөх үү гэх мэтчилэн хариулт хайсаар л үлдлээ. Тиймээс бид энэ үйл ажиллагааны үеэр хариулт өгөх гэж оролдоно.

Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд өгдөг байснаас огт өөр шинэ хариултыг өгөх болно. Онцолж хэлэхэд бид үзэл санаандаа тулгуурлан нэгдсэн хүмүүс. Түүнээс биш аль нам, ТББ байх нь хамаагүй. Бид чөлөөт зах зээлийг дэмжин, хувь хүний эрх чөлөөг эрхэмлэдэг. Үнэт зүйлийнхээ дагуу өөрчлөлтийг хэрхэн бий болгох талаар бид ярилцана. Хүмүүсийн дийлэнх нь аль нэг форумд оролцохоороо шууд л хүрз бариад нүх ухах гэж дайрдаг. Гэвч ямар зорилгоор, юуг яаж хийхээ мэдэхгүй бол үр дүнд хүрэхгүй шүү дээ. Иймээс л бид юуг, яагаад, яаж хийх тухай энэ үеэр ярилцах болно.

Энэ сарын 22-ны Пүрэв гарагт болох “Liberty Summit Mongolia 2018” арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД тарж авна уу.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060