Бичил наймаачнаас бэлтэй чинээлэг нэгэн болсон Ж.Оджаргалын ТОП 10 ФАКТ

access_time 2018-11-21

Бичил наймаачнаас бэлтэй чинээлэг нэгэн болтлоо хөлжиж чадсан Ж.Оджаргалын ТОП 10 ФАКТ – ыг онцолж байна. Монголдоо төдийгүй Азийн топ баян болсон түүнийг “MCS” гэх вант улсыг ах Ж.Одын хамтаар цогцлоосон гэдгийг хэн бүхэн мэднэ.

ФАКТ 1 – ЭМЭЭГИЙН ХҮҮ

Ж.Оджаргал 1965 онд Баянхонгор аймагт мэндэлсэн. Эцэг эхээс тавуулаа бөгөөд тэрбээр айлын гурав дахь хүүхэд. Түүний аав н.Жамбалжамц Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, харин ээж н.Бадамжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн аж. Ж.Оджаргалын эцэг, эх хоёулаа эмч байсан бөгөөд 1969 онд гэр бүлээрээ нийслэл хотод шилжин иржээ. Гэвч ирээдүйн бизнесмэн бага насандаа өнчирч, эмээ дээрээ өссөн байна. Ийн тэрбээр эмээгийн хүүхэд болсон гэдэг. Багадаа тэрбээр зураг зурах хоббитой хүүхэд байж. Харин хачирхалтай гэмээр нэг зүйл нь ангийнхаа хүүхдийн дурсгалын дэвтэр дээр өндөр барилга зурж, түүн дээрээ “Coca Cola” хэмээн бичсэн байсан нь одоогийн “MCS Coca Cola”, “Central tower”, “Bella Vista” зэргийг төсөөлсөн байх гэмээр.

ФАКТ 2 – ОДООГИЙН ӨНДӨРЛӨГИЙН ШАВ

Ж.Оджаргал 33 дугаар дунд сургуулийг 1983 онд төгсөж, улмаар 1989 онд Киевийн политехникийн дээд сургуулийг дүүргэжээ. Тэгээд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын анхны гараагаа эхэлж байсан түүхтэй. 1991 онд Эгийн голын Усан цахилгаан станцад эрчим хүчний инженерээр ажилд орж тус станцын техник-эдийн засгийн үндэслэлийг гаргахаар Швейцарь улсын “Электроват” компанид гурван сар ажиллажээ. Тэр үед л түүнд одоогийн бизнесийнх нь санаа төрсөн гэдэг юм билээ.

Оюутан байхдаа 60 рублийн тэтгэлэг авдаг байснаас гадна, Монгол руу мотоциклийн сэлбэг, тамхи гаргаж, мөн Монголоос Орос руу тарваганы арьс оруулж ирэн, түүнийхээ хэрээр мөнгөөр тасардаггүй оюутан байсан гэдэг.

ФАКТ 3 – НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ

Түүнийг угаас бизнес сэтгэлгээтэй эр гэдэг байв. Тиймдээ ч мань хүн 1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эрхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг болжээ. Харин тэр үеэр Ж.Оджаргал болоод түүний хамтран зүтгэгчид Дэлхийн банкныхны хараанд өртөж, тэдэнтэй хамтран судалгаа хийхээр 5000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүний анхны төслийн ажил аж.

Сийрэг толгойтой байж гэмээнэ бизнес сэтгэлгээ ундрах нь дамжиггүй. Тиймээс Ж.Оджаргал шинэ ажлын байранд нь ширээ, компьютер хэрэгцээтэй болсноос үүдэн Сингапур улсаас оффисын тавилга оруулж ирдэг одоогийн “Анун” төвийг нээж, тэр үед танилцсан шинэ түнштэйгээ хамтран “Интерпресс” хэвлэх үйлдвэрийг байгуулсан нь одоо ч салбартаа тэргүүлэгч. Ингээд харахаар тэрбээр нэг сумаар хоёр туулай гэдэг шиг л бизнесийн салбараа ч үржүүлээд явчихдаг бололтой шүү.

ФАКТ 4 – 50 гаруй “охин”-ы эцэг

“MCS” –гүйгээр түүнийг төсөөлшгүй. Харин энэ нь “Mongolian consulting service” гэсэн үгний товчлол бөгөөд дээр дурдсанчлан зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсантай нь холбоотой. Өдгөө “MCS” нь мэдээлэл, харилцаа холбоо, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн үндсэн салбаруудад нийт 54 охин компаниас бүрддэг байна. Үүнийг мэдэх зарим нэг нь түүнийг “Олон охинтой аав” хэмээн хошигнодог гэнэ лээ. Мөн үүний зэрэгцээ 8000 орчим ажилтантай гэж бодохоор түүний компанийг вант улс гэх нь ч аргагүй биз ээ.

ФАКТ 5 – ТОМООХОН ГЭХ БАРАГ БҮХИЙ Л ГАЗРУУД ТҮҮНИЙХ

Ж.Оджаргалыг томчуудын гэх цогцолбор газруудын дийлэнхийг нь барьж, байгуулсан гээд хэлчихвэл хол зөрөхгүй л болов уу. Архи, шар айраг, ундааны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “АПУ” ХК –тай өрсөлдөхүйц Зүүн хараагийн “Спирт бал бурам” компанийг худалдан авч, “MCS электроникс” компани нь Монголын анхны компьютер “Могул”-ыг үйлдвэрлэсэн.

Мөн дэлхийд цуутай “Coca Cola” компанийн Монгол дахь салбарыг байгуулж, уг брэнд ундааг үйлдвэрлэх эрхийг дөрвөн сая ам.доллараар худалдан авч байжээ. Үүгээр ч зогсохгүй аялал жуулчлалын салбарт тун амжилттай яваа “Sky resort” цанын бааз, баячуудын тухлах газар болсон “Bella Vista” түрээсийн харш зэрэг нэрлээд байвал түүний гэх эзэмшил чамгүй олон.

ФАКТ 6 – Од гийх л үедээ гийнэ

1995 оны долоон сая төгрөгийг та хэр их мөнгө гэж бодож байна. Ийн асуухын учир нь түүний бизнесийн зам тийм ч дардан, шулуун байсангүй. Шатаж үзээгүй бизнесийг бизнес биш луйвар гэнэ гэдэг шиг Ж.Оджаргал ч бас алдагдалд орж байсан удаатай. 1995 онд алтны шороон ордод хөрөнгө оруулалт хийсэн нь үр дүнгүй болж долоон сая төгрөгөөр шатаж байжээ. Тэрбээр өөрийгөө “MCS” группийн захирал болохоор төрсөн гэж боддоггүй. Аз, зөн совинд илүүтэй итгэдэг.

ФАКТ 7 – БИЗНЕСЭЭС ӨӨР ЗҮЙЛД Ч БАС АВЬЯАСТАЙ

Тэрбээр эр хүний хүний хувьд худлаа хэлдэггүй, нүнжигтэй гэж өөрийгөө тодорхойлдог бөгөөд Буддын шашны сургаалийг сонсох дуртай аж. Түүний хобби нь гольф тоглож, онигоо ярих гэсэн. Бага залуу насандаа чамгүй сайн гитар тоглож, дуулчихдаг байсан бөгөөд одоо ч хааяа гитараа барих дуртай гэнэ лээ. Тэр хэзээ ч их хэмжээний бэлэн мөнгө гар дээрээ барьж үзээгүй, зөвхөн картаар л тооцоо хийдэг.

ФАКТ 8 – Ж.Оджаргалд арын хаалга бий юү?

Томоохон баячууд залуухан бүсгүйчүүдтэй нэр холбогдохгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Гэхдээ ноён Ж.Оджаргалын хувьд ил гарсан нь нэг, хоёрхон бүсгүй бий. Түүний нэг нь загвар өмсөгч А.Дэлгэрмаа. Гэсэн ч бусдын л адил яг холбоотой эсэх нь тодорхой бус. Мөн түүнийг улсын томоохон гэх бүхий л төсөл, ажлыг авчихдаг чамгүй арын хаалгатай хэмээн хардах хүмүүс олон. Тиймдээ ч манайд болоод өнгөрсөн АСЕМ-ын чуулга уулзалтын хамгийн том төсөл болох, гадны зочид төлөөлөгчдийн тансаг хаусыг барьсан.

ФАКТ 9 – Женко түүний мөнхийн дайсан

Вант улсын ерөнхийлөгч Ж.Оджаргал МУ-ын Ерөнхийлөгч “Женко” Х.Баттулгатай түнжин тааруу гэдэг. Худалдаа хөгжлийн банкны хувьцаанаас эхлээд Ухаа худагийн лицензээр өрнөж, цаашлаад төмөр замын бодлогоор даамжирсан тэр хоёрын сөргөлдөөн үүнээс үүдэлтэй аж.

Өдгөө ч тэд тийм ч сайхан харилцаатай биш ч бизнес эрхлэгчдийн дунд байдаг л цагаахан өрсөлдөөн хэмээн тайлбарлах нь бий. Хүн бүрт л өөрийн хэлэх дуртай үг байдаг. Тэгвэл Ж.Оджаргалын өөрийгөө хурцалдаг үг бол “Хүчтэй бай, битгий бууж өг”. Энэ үгийг дотроо, өөртөө байнга хэлж явдаг гэсэн.

ФАКТ 10 – “MCS” нь л түүнийх, бусад нь хамаатнуудынх нь

Ж.Оджаргал эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Д.Батмөнх гэдэг бөгөөд бас л нөхрийнхөө адил бизнест одтой нэгэн. Тэд оюутан ахуй насандаа буюу Киев хотноо сургуулийнхаа сагсны тэмцээн дээр анх танилцаж байжээ. Д.Батмөнх “Орчлон” дунд сургуулиа удирддаг бөгөөд санхүү, мөнгөний хувьд нөхрөөсөө хараат бус.

Боловсролын удирдлагын магистр, ардын боловсролын тэргүүний ажилтан гээд бизнес ухаантай нөхрөөсөө дутахааргүй боловсролтой нэгэн хэмээдэг. Гурван хүүхэд нь “Орчлон” сургуульдаа суралцдаг. Компанийн засаглал талаасаа гэр бүлийн бизнес том компанид тохиромжгүй хэмээн Ж.Оджаргал өөрөө ярьдаг мөртлөө үнэндээ түүний группийг дийлэнхдээ хамаатан садан, гэр бүлийнх нь гишүүд толгойлж байна. Үнэндээ Ж.Оджаргалын ачаар “од” болж яваа түүний ах, дүүс “MCS” –ээр дүүрэн бий.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060