fbpx

ХОЛЫН ХҮНЭЭР ХОТЫГ УДИРДУУЛАХ ХЭРЭГГҮЙ

2018-12-26 471

Нийслэл хот үүрэг гүйцэтгэгч Засаг даргатай болоод 10 гаруй хонолоо. Ирэх баасан гараг буюу энэ сарын 28-нд хот “эцэгтэй” болох тов дуулдаж байна. Хойшлохгүй байгаасай гэж залбирч сууя. Учир нь утаа, түгжрэл ихэссэн энэ үед, улстөрчид нь ажил хаялт зарлачихсан байгаа цагт улсын нийслэл нь эзэнгүй шахам байна гэдэг арай л дэндсэн хэрэг болно. Гэхдээ эзэнгүй удчихлаа гээд хэнийг ч хамаагүй томилно гэсэн үг огт биш. С.Батболдын оронд хэн хотын мээр болох вэ гэдэг марафон бүр эрт эхэлсэн. Өмнөх Засаг даргыг ажлаа өгөөгүй байхад л орных нь хүн тодорч мэдэгдэл хийх шахуу аашилж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, хотын мээр асан Ц.Батбаяр, хотын орлогч асан Б.Мөнхбаатар, ОХУ-ын Эрхүү хотод суугаа консул Л.Амарсанаа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр гээд л мээрийн зөөлөн суудал мөрөөдөгчдийн жагсаалт хөвөрч эхэлсэн юмдаг. Нийслэлийн Засаг дарга гэдэг улс төрийн хүрээнд сайдын суудлаас ч илүү үнэ цэнтэй албан тушаал болсон нь үүнээс харагдаж байх юм.

Уг нь нийслэлийн Засаг дарга гэдэг бол эрх ямба эдлэхээсээ илүү энэ хотын сая гаруй хүний төлөө зүтгэж, тархиа гашилгаж, сэтгэлээ чилээж, мэдлэг оюунаа шавхах нажидтай бөгөөд хүнд хэцүү алба. УИХ-ын гишүүн шиг улстөржиж, популизм хийж, нам дагаж намирах юм бол мээр биш эсрэгээрээ тээр л болно. Тиймээс ийм чухал албан тушаалд томилогдох хүнийг ул суурьтай, уг үндэстэйхэн шиг л шалгаруулж, шилж сонгох учиртайг ч НИТХ-ын төлөөлөгчид мэднэ гэж найдъя. Юу хийж бүтээсэн, цаашид юу хийж чадах хүн бэ, ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээс нь эхлээд л олон босго шалгуур давж байж хотын мээр болох ёстой юм, уг нь.

Харамсалтай нь нийслэлийн Засаг дарга болохоор ил, далд сунгаа хийж яваа “мөрөөдөгчдөд” Улаанбаатарыг утаанаас яаж салгах, түгжрэлийг хэрхэн бууруулах, орон сууц, дэд бүтцийг нь ямар аргаар сайжруулах вэ гэдэг мөрийн хөтөлбөр огт байхгүй гэдэгт мөрийцсөн ч болохоор. Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй нийслэл хотын мээр болж хангардитай түлхүүрийг нь атгахсан гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа эрхмүүдийг хоёр хувааж болохоор байна. Эхнийх нь хотын амьдралыг огт мэдэхгүй цагаан гартай улстөрчид. Дараагийн хэсэг хүмүүс нь аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн кадрууд.

Дарийн утаа үнэрлэж үзээгүй бол дайны тухай бичих хэрэггүй гэдэг шиг Улаанбаатарын төр захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж үзээгүй бол хотын мээр болно гэж мөрөөдөх нь хэтэрхий гэнэн, тийм хүнд нийслэлийн ахуй амьдралыг даатгана гэдэг хэтэрхий тэнэг хэрэг юм. Өмнө нь хотын дарга, орлогчоор ажиллахдаа дорвитой ажил хийгээгүй байж “Одоо л би сайн ажиллана” гээд байгаа улстөрчдөд ард түмэн нэг л удаа итгэдэг гэдгийг сануулах юун. Хотыг удирдана гэдэг ганц хүний ажил биш, баг, хамт олны гар нийлсэн хөдөлмөр, зүтгэлийн үр дүн. Хотын даргын үйл хэрэг бодитой хэрэгжих боломжтой, улстөрчдийн хоосон амлалт, популизмаас эрс өөр, нарийн тооцоо, судалгаатай баримт бичиг байдаг.

Хотын ажил, амьдрал, бэрхшээл хүндрэлийг мэддэг хүн л тэр бүхнийг ажил хэрэг болгож чадна уу гэхээс гаднаас заларч ирсэн хүн бол ажилтайгаа танилцах гэсээр байтал дараагийн сонгууль болно. Гараг андуурсан мэт байсаар суудлаасаа буухад хүрнэ. Мөн нийслэлийн Засаг дарга болно гэдэг оюутны танилцах дадлага биш. Тиймээс энэ өндөр хариуцлагатай албан тушаалд хотын одоогийн удирдлагын баг дотроос хэн нэгнийг нь дэвшүүлэх нь зөв. Тамгаа гардаж аваад, танилцах дадлагаа эхлэх биш шууд ажилдаа ханцуй шамлан орох мэдлэг, туршлагатай, чадвартай тийм хүн л ирэх хоёр жил нийслэлийг удирдах нь иргэд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.

Улс төрийн томилгоогоор хотын даргын сэнтийд хэн нэгнийг залах нь ямар уршигтайг бид хангалттай харж, сөрөг үр дагаврыг нь хангалттай амслаа. Хотын дарга бол улс төрийн ашиг хонжоо, нам улс төрийн хүчний бүлэг, фракцын эрх ашиг, бялуу хуваарилалтаас ангид байх ёстой албан тушаал. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүлээн зөвшөөрөгдсөн, тэдэнтэй гар нийлж ажиллах чадвартай хүнээр хотыг удирдуулах нь хамгийн оновчтой алхам болох биз. Тиймээс хотын даргыг холоос хайх шаардлагагүй л болов уу. Гарам дээр морио сольдоггүй гэж үг бас бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Багш нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй байр булаалдан жагсах нь ичгүүртэй

  “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн

2019-07-31

“Голомт”-ын Баясгалаан! Гоё банкир л бай л даа!

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд Мо

2019-07-06

Энх цагт эр цэргүүд эндсээр байгаад хариуцлага хүлээх дарга ч, цэрэг ч алга

  М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН Мөрдэс нэгт байлдагч нь буу алдсанаас, мориноос уна

2019-06-24