Үндсэрхэг үзэлтнүүд шинжлэх ухааны том нээлтүүдийг эртний Энэтхэгийн үлгэр домогтой холбон тайлбарлажээ

access_time 2019-01-08

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэгийн Шинжлэх Ухааны чуулган зохион байгуулагдаж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нээж үг хэлсэн юм.

Тэрээр энэ үеэр 2022 онд гурван иргэнээ сансарт нисгэх чухал зорилтоо дэлгэжээ.

Гэвч энэ чуулганы үеэр хэт үндсэрхэг үзэлтэй эрдэмтдийн тавьсан илтгэлүүд гадаад ертөнцийг төдийгүй Энэтхэгийн судлаачдыг гайхшруулсан байна. Илтгэл тавьсан хэд хэдэн эрдэмтэн эртний Энэтхэгийн соёл иргэншил өнөөдрийн шинжлэх ухааны онолуудыг нээж, амьдралдаа хэрэгжүүлж байсныг зарим домог үлгэртэй холбон тайлбарлажээ.

Тухайлбал Андхра их сургуулийн дэд ерөнхийлөгч Голлапалли Нагесвара Рао тавьсан илтгэлдээ эртний Махабхаратын үлгэр туужид нэгэн эмэгтэй 100 хүүхэд төрүүлсэн тухай өгүүлдгийг дурдаад энэ нь эртний Энэтхэгт зохиомлоор үр суулгах технологи ашиглаж байсныг баталж байна гэж ярьжээ.

“Өнөөдөр энэ технологийн тухай ихэнх хүн сайн мэддэггүй. Тэгэхэд бид хэдэн мянган жилийн өмнө үүнийг эзэмшсэн байжээ” гэж тэр хэлсэн байна.

Өөр нэг илтгэгч Каннан Жегатхала Кришнан таталцлын онолыг Исаак Ньютон гүйцэд ойлгоогүй байсан, Альберт Эйнштэйний онол буруу байсан гэх зэргээр ярьж, энэ бүгдийг Энэтхэгчүүд эртнээс мэддэг байсан хэмээн сайрхжээ.

Гэхдээ Энэтхэгийн бүх эрдэмтэд ийм бодолтой байгаагүй юм. Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад тус улсын долоон хотод олон эрдэмтэн судлаачид жагсаал зохион байгуулж үндсэрхэг үзэлтнүүдэд “шинжлэх ухааныг үлгэр домогтой холихгүй” байх, Энэтхэг улсыг дэлхий нийтийн өмнө элэг доог болгохгүй байхыг уриалсан байна. 

Нобелийн шагналт биологич Венки Рамакришнан шинжлэх ухааны салбарын томоохон арга хэмжээ “циркийн үзүүлбэр” болж хувирсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Одоогийн эрх баригч Бхаратия Жаната намын явуулж буй Хинду шашны үндсэрхэг үзлийг дэвэргэх бодлого үүнд нөлөөлж байгааг эрдэмтэд бас шүүмжлэн хэлсэн байна. Тухайлбал энэ намын тэргүүн, ерөнхий сайд Нарендра Моди 2014 онд үг хэлэхдээ Хинду шашны бурхан Ганеша заан толгойтой байдаг нь эртний Энэтхэгт пластик мэс засал хөгжиж байсны илрэл гэж ярьж байжээ.

Бхаратия Жаната намын бусад лидерүүд ч иймэрхүү шинжлэх ухааны үндэслэлгүй баримтуудыг хэд хэдэн удаа ярьж байв.

Тухайлбал тэд алгебрь болон Пифагорийн теоремыг эртний Энэтхэгээс гаралтай, Чарльз Дарвины эволюцийн онолыг эртний Энэтхэгийн ном сударт бичигдээгүй тул эргэлзээтэй гэж мэдэгдэж байжээ.

Энэ жилийн Энэтхэгийн Шинжлэх Ухааны Чуулган “Ирээдүйн Энэтхэг” гэсэн нэрэн дор зохион байгуулагдаж, дунд сургуулийн сурагчид сонсогчоор оролцсон нь байдлыг улам ноцтой болгож байна.

Эх сурвалж: The Washington Post

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618