С.Эрдэнэ: Шударга ёс ярьдаг хүмүүс ээлжит бус сонгууль явуулах тогтоолд гарын үсэг зурах байх

access_time 2019-01-08

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

– Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр та ямар байр, суурийг илэрхийлэх вэ? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүй байгаа. Бид нам дээрээ ярилцах ёстой. Үүний дараагаар албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Энэ нь бүхэл бүтэн парламентын дархлаатай холбоотой асуудал. 1990 онд Үндсэн хуулийг БОЛОВСРУУЛАХДАА АЛСЫГ ХАРСАН БАЙХ. Ялангуяа Үндсэн хуулийн эцэг н.Чимид  гуай Үндсэн хуулийн дархлаанд их анхаардаг. Өнөөдөр улс орны бодлогыг тодорхойлогч, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг ҮАБЗ-ийн гурван гишүүний аль, аль нь дархлаатай байх ёстой. Тэр дундаа УИХ-ын дарга дархлаатай байх ёстой. Тэгэхгүй бол парламентад олонхи болсон намын дарга нь дуртай цагтаа даргаа солиод, засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орно. ҮХЦ-ийн дүгнэлтээр Ц.Нямдорж УИХ-ын даргаасаа огцорч байсан. Зохицуулалт нь байгаа. Тиймээс би гишүүдийн олонхиор шийдээд явахыг зөв хувилбар гэж харахгүй байна. 

-Энэ асуудалд танай нам хэзээ байр сууриа илэрхийлэх вэ?

-Бид улс төрийн процесс, эрх баригч хүчний байр суурийг харж байна. Одоохондоо яарахгүй байна.

-Орд газруудыг төрд авч байна. АН үүнд ямар байр суурьтай байна вэ?

 -Манай АН үзэл баримтлалтын төслөө боловсруулаад өчигдөр УДШ-д өгсөн. Бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Иргэдээд хувь оногдуулах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хураагаад явбал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна.

-Д.Дорлигжавыг баривчиллаа. Түүнийг намын гишүүнчлэлээс хасах уу?

-Д.Дорлигжав даргын хувьд манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрэмд зааснаар асуудлыг нь шийднэ. Заалтгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.

-Танай нам УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?

-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр шударга ёс яриад байгаа хүмүүс тэр тогтоолд гарын үсэг зурах байх гэж бодож байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060