М.Энхболд: Жагсагчид шаардлагын хариуг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн

access_time 2019-01-10

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр болж буй үйл явдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу уулзаж шаардлага, санал бодлыг нь сонссон. 12 дугаар сарын 27-ны өдөр болсон жагсаалын үеэр надад таван зүйлтэй шаардлагыг өгсөн. Тэр шаардлагын дагуу тайлбар, хариу бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас шаардлагын хариуг танилцуулах гэсэн ч шаардлагын хариуг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр “УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу байх ёстой” гэж би хэлсэн. УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагыг хуульд нийцээгүй гэдэг үндэслэлээр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр татгалзсан. Ерөнхийлөгч УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлдөг болох хуулийн төслийг санаачлаад хэлэлцээд явж байгаа. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Уулзсан хүмүүс маш бухимдалтай байна лээ. Би үүнийг ойлгож байгаа. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамсан, хүндрэлтэй асуудлыг УИХ, Засгийн газар түргэн шуурхай шийдвэрлэх ёстой. Үйл ажиллагаагаа тасалдуулахгүйгээр энэ асуудлыг шийдэх ёстой. Иргэдийн бухимдлыг төр, засгийн байгууллагууд аль, аль нь анхаарах ёстой. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060