Х.Нямбаатар: УИХ тарах бичигт гарын үсэг зурах бодолтой байна

access_time 2019-01-11

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодруулга авлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц өнөөдөр өглөө дахиад бүрдээгүй юм уу?

Уг нь гаднаас хоёр гишүүн ороод ирсэн бол ирц бүрдчих байлаа. Гэтэл УИХ-ын дарга бид та бүхнийг сар гаруй хугацаанд хүлээсэн.Өнөөдөр ч дахиад хүлээлээ.Тиймээс 15:00 цагаас ирцээ бүдүүлж орж ирээрэй гээд алх цохьчихсон.Яг нарийн шалтгааныг нь би мэдэхгүй  байна. Өчигдөр хоёр талаасаа уулзсан, бас л сандал суудал ярьсан гэж дуулдсан.

Ирц бүрдэхгүй бол цаашид хэрхэх ёстой юм бэ?

-Цаашид энэ янзаараа чуулган хуралдана гэж байхгүй. Тиймээс би хувьдаа УИХ тарах бичигт гарын үсэг зурах бодолтой байна. УИХ-ын даргаар бамбай хийгээд, олон хүн нуугдаад байна. Энэ бүхнийг л өөрчилмөөр байна. Бүх гацаа үүнээс болоод байна. Одоо цөөнхийн бүлэг хүртэл парламент дээр хуваагдчилаа. Өчигдөр л гэхэд УИХ-ын дарга албан бус бүлэгт завсарлага өгч, хуулиа зөрчлөө ш тээ.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжитлээ хэр удаан процесс үргэлжлэх юм бэ?

-УИХ-ын дарга ажлаа өгөхгүй байх нэг том эрх ашиг байгаа учраас л гацаагаад байна. Тиймээс хууль санаачлагч нь батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Одоо энэ хуулийг барьцаалж, тохироо хийх  гээд байгаа нь буруу. ҮАБЗ-өөс зөвлөмж гарчихаад байхад одоо хэлэлцэгдэхгүй байж л байна.

Энэ хуулийн төсөл батлагдсаны дараа гишүүд саналаа өргөн барьснаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Яг зөв. Хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлчихсэн. Байнгын хороонд УИХ-ын дарга М.Энхболдын ойрын хүмүүс байдаг. Уг нь анхны хэлэлцүүлэг дээр зарчмын зөрүүтэй санал гараагүй бол шууд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх боломж бий.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060