Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана

access_time 2019-01-14

-ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ХУРДАН БАТЛАХГҮЙ БОЛ М.ЭНХБОЛДЫН 
ГЭРИЙН ГАДАА ОЧИЖ ЖАГСАНА-

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Т.Аюурсайхан гишүүн “Бидний зохион байгуулсан жагсаал цуглаанд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд ирж оролцсон. Энэ дагуу ҮАБЗ хуралдаж, холбогдох хуулийг яаравчлан батлах зөвлөмж гаргасан. Зөвлөмж гарсан учраас жагсаалын зорилго биелж байна гэж үзэн, тарсан байгаа.

ҮАБЗ-ын зөвлөмж бол 2019.01.10-ны өдөр багтаан холбогдох хуулийг батлахад чиглэсэн байсан. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүд янз бүрээр тайлбарлаж, ҮАБЗ-ын тодорхой дүрэм, зохицуулалтыг мушгин тайлбарласан. Хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтаан баталж, нэр бүхий 40 гишүүн албан ёсоор УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн мэдүүлж, тэр долоо хоногтоо батлуулахын төлөө ажиллана.

Хэрвээ хуулийн төслийг хэлэлцэхгүй, зориудаар цаг авсан үйлдэл хийвэл бид М.Энхболдыг огцруулахын төлөө гэрийнх нь гадаа буюу Их тэнгэрийн аманд жагсана. УИХ-ын даргыг зөвлөл энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахдаа УИХ-ын даргыг огцруулах эрх зүйн боломж үүсгэх хуулийн төслийг долдугаар оруулж, хойшлуулсан байна. Бид онцгой дэгээр  энэ хуулийн төслийг хамгийн эхэнд хэлэлцэхийг шаардаж байна” гэсэн юм.

Мөн Ж.Батзандан гишүүн  “Иргэд олон түмэндээ хандаж нэг л зүйл захимаар байна. Сүхбаатарын талбайд бидний тэмцэл үргэлжилж байгаа. МАНАН нурахаас нааш Монголын ард түмний тэмцэл дуусахгүй. Та бүхэн дэмжээрэй, битгий залхаарай” гэсэн юм.

-ТЭМЦЭЛ ЗОГСОХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ –

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Л.Болд гишүүн талбай дээр барьсан гэрт ирээд бага, тэгээд гэрээ ав гэж иргэдэд хэлсэн нь ямар учиртай юм бэ?

-Төв талбай дээр баригдсан гэрүүд бол хандиваар ирсэн. Би хувьдаа гэрүүдийг амьдралын боломжгүй иргэдэд өгчихье гэсэн санал гаргасан нь үнэн. Гэхдээ дотооддоо бид саналаа хэтрээгүй байгаа.

-Та бүхнийг “жидүүчин” гишүүдийг хамгаалсан, хэлэлцэх үеэр нь зориуд байгаагүй гэж шүүмжилж байгаа?

-Биднийг жидүүчин гишүүдийг хамгааллаа гэж шүүмжилсэн, бичсэн. Хамгийн гол нь МАНАН-гийн эсрэг тэмцэж байгаа хүмүүсийн зориг зүрхийг мохоож,  УИХ дээрх 40 гишүүнийг 37 болгон цөөлөх зорилготой байсан. Тиймээс бид нэгдээгүй.  Бид аливаа асуудалд эрнмбэ даргатай хандаж, тэмцлээ үргэлжлүүлнэ.

-Та бүхэн М.Энхболд даргыг огцруулаад, тэмцлээ зогсоох уу?

-Тэмцэл зогсохгүй үргэлжилнэ. Бид нэг хүнийг албан тушаалаас нь огцруулаад, зогсчихгүй. Цаашид олон арван шударга бус зүйлийн  эсрэг тэмцэнэ. Олон ордуудын асуудал байна. Монгол банк, Хөгжлийн банкинд хамаарах асуудлууд ч бий. Хууль зөрчсөн олон асуудлын араас бид ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ. Яг үнэндээ бид жагсаагүй бол, хоёр дахь жагсаалыг зохион байгуулаагүй бол энэ хуулийн төсөл яаравчлан батлагдаагүй байсан. Бид сайн засаглалын эхлэлийг тогтоож чадлаа гэж харж байгаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618