ХӨГЖЛИЙН БАНК ШИНЭ БОНДОО АРИЛЖААНЫ БАНКУУДАД ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛСАН УУ…

access_time 2019-01-29

Өнгөрсөн 2018 оны 10 дугаар сарын 16-нд Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын шинэ бонд босгон. Уг бондыг Засгийн газрын баталгаагүйгээр босгосон бөгөөд энэ нь олон улсын зах зээлээс Хөгжлийн банк бие даан анхны бондоо таван жилийн хугацаатай 7.25 хувийн купонтой, 7.5 хувийн өгөөжтэй арилжаалжээ. Бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкны богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх бөгөөд ингэснээр ирээдүйд хүлээж болох хүүгийн зардал, эрсдэлийг бууруулахаар тооцжээ. Уг зээлээр Хятадын Хөгжлийн банкнаас авсан 250 сая, “Кридет свисс” банкны хөвөгч хүүтэй 300 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтөд зарцуулах аж. Ингэснээр Хөгжлийн банк богино хугацааны гадаад өр төлбөргүй болж, дотооддоо урт хугацаатай зээл олгох боломжтой болж байгааг захирал Б.Батбаяр онцолсон байдаг.

Бондыг хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтуудыг Хонгконг, Сингапур, Лондон, Бостон болон Нью-Йорк хотуудад зохион байгуулсан байна. Хөгжлийн банкны шинэ бондын хөрөнгө оруулагчдын 39 хувь нь Америк, 37 хувь нь европ, 24 хувь нь Ази гэнэ. Энэ талаар Хөгжлийн банкы тэргүүн дэд захирал Ч.Энхбат “Бонд босгох нь амин чухал хэрэгцээтэй байсан. Бонд гаргасанаар татсан эх үүсвэрийн хугацааг 1,6 жилээс 5 жил болгон уртасгах, өмнө татсан өндөр хүүтэй зээлийг төлж хүүгийн зардлаа бууруулсанаар аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хүүг бууруулах боломжтой болсон. Түүнчлэн бид энэ онд болон ирэх жил нийт 380 гаруй сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг гадна талд төлөх хувиартай байгаа бөгөөд бонд босгосоноор дотоодоос гарах валютын урсгалыг тэр хэмжээгээр хааж чадсан. Шинэ бондны мөнгөөр экспортын үйлдвэрлэлийг дэмжинэ” гэж мэдэгдсэн.

Ингэхдээ ноос ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэрийг дэмжихэд 120 орчим сая ам.доллар олгохоор төлөвлөжээ. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай богино хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүдийг санхүүжүүлснээр 2023 он гэхэд 120 сая ам.доллар эргэн төлөлтөө саадгүй хийх боломжтой аж.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Манайхаас гарч байгаа санхүүжилтийг төсөл хөтөлбөрт зарцуулахын хэрээр эргэн төлөлт амжилттай байх нь олон улсын зах зээлээс босгосон мөнгөө төлөхөд хүндрэл гарахгүй. Өнгөрсөн хугацаанд 1.7 их наяд төгрөгийг зээл хэлбэрээр гаргасан. Тэгэхээр 2023 он хүртэл зээлээ нэмэгдүүлэх шаардлага байхгүй” хэмээн мэдэглэж, шинээр босгосон бондоо 2018 оны онцлох үйл явдал хэмээн онцолж байсан.

Тэгвэл дээрх мөнгийг Төв банз болон бусад арилжааны банкуудад хүүтэй байршуулсан байна. Тухайлбал бидэнд олдсон мэдээллээр

Богд банкинд 30,9 тэрбум төгрөгийг байршуулснаас гадна АСА аварга Д.Дагвадорж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын хувь эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 18,8 тэрбум, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханы оролцоотой “Оюуны-Ундраа” группын эзэмшлийн Тээвэр хөгжлийн банкинд 68,8 тэрбум, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн Капитрон банкинд 2,32 тэрбум, “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Улаанбаатар хотын банкинд 61,7 тэрбум, Хас банкинд 121,8 тэрбум, мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад буй Д.Баясгалангийн эзэмшдэг Голомт банкинд 114,4 тэрбум, Төрийн банкинд 253 сая, Чингис хаан банкинд 56,6 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд 694 сая, “Таван богд” группын эзэмшлийн Хаан банкинд 289,7 тэрбум, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банкинд 0,74 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан хүүтэй байршуулсан аж. Мөн Төв банк болох Монголбанкинд Хөгжлийн банк 779,8 тэрбум төгрөгийг тус тус хадгалуулж, хүүг нь өсгөхөөр тохирч, байршуулсан гэв. Харин одоогийн байдлаар энэ талаар ямар нэг тйалбар хийгээгүй байна. Ийнхүү эргэн төлөлтөд санаа зоволтгүй хэмээн алгаа ташиж, ам уралдан ярьцгааж байсан Хөгжлийн банкны удирдлагууд ноос ноолуур, махны чиглэлийн төслүүдэд хэдэн хувийг нь зарцуулснаа яагаад зарлахгүй байна вэ. Яагаад арилжааны банкуудад хүү тооцох нөхцөлтэйгөөр хадгалуулж, мөнгө хүүлж байна вэ. Удирдлга нь “Энэ бол Хөгжлийн банкны амжилт” хэмээн тодотгож, байнгын хорооны хуралдааны үеэр том дуугарч сууснаа яагаад хамгийн их дүнтэй мөнгийг хүү тооцохоор хадгалав. Н.Баяртсайхан захирал үүнд тайлбар хийх үү…

Ардчилсан намын үед бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан хэргээр өмнөх удирдлага нь шүүхийн хаалга татаад байхад Хөгжлийн банкны удирдлагууд яагаад энэ удаад мөнгө хүүлж, хүү тооцох нөхцөлтэйгөөр 500 сая долларын бондын мөнгийг хадгалуулж байна вэ гэдэг сонин юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ж.Мөнхбат нарын зүгээс “Л.Болд гишүүн Засгийн газрыг хамгаалаад байсан шалтгаан нь өөрийн эзэмшлийн Богд банкиараа 30,9 тэрбум төгрөгийн зээл авсан” хэмээн мэдэгдэж улмаар Ж.Мөнхбат гишүүн хэвлэлийнхэний өмнө Богд хэмээх банктай холбоотой зарим хамтын ажиллагааны гэрээ бүхий баримтуудыг ил болгосон. Тэрээр “Л.Болд гишүүн намайг цуст мөргөөнд бэлтгэсэн гэж гүтгэсэн. Хариуд нь би Богд банкных нь нууц гэрээг ил болголоо” гэх агуулга бүхий мэдэгдлийг хийсэн билээ. Харин дээрх гэрээний талаар “Богд” банктай холбогдож тодруулахад “Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад хүүтэй мөнгө хадгалуулсан. Төвбанк, Төрийн банк, Хаан банк тэргүүтэй 10 орчим бандинд хүүтэй мөнгө хадгалуулсан. Үүнийг улстөржүүлж ганц манай банкийг авсан мэтээр ярьж байна” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Эх сурвалж: Ulsturch.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060