Оросын умард туйлын сууринг цагаан баавгайнууд эзэлсэн тул онц байдал зарлажээ

access_time 2019-02-11

Умард мөсөн далайн Новая Земля арлын хүн амын суурьшлын бүсэд цагаан баавгайнууд олноор нэвтэрч, аюулгүй байдалд заналхийлж эхэлсэнтэй холбоотойгоор онц байдал зарласныг ОХУ-ын Архангельск мужийн захирагч мэдээлжээ.

Онц байдлыг өнгөрсөн Бямба гарагаас эхлэн зарласан байна. Доод тал нь 52 цагаан баавгай 2018 оны сүүлээс эхлэн тус арлын Белушья Губа нэртэй суурингийн ойролцоо нүүдэллэн иржээ.

Сүүлийн үед тэдгээр баавгайнууд айлууд, албан байгууллагуудын байранд нэвтрэх, хүн рүү довтлох тохиолдол гарах болсон байна.

Одоогоор зургаагаас арав хүртэл тооны цагаан баавгай суурин дотор тогтмол байдаг болжээ.

“Иргэд, сургууль цэцэрлэгүүдээс аюулгүй байдлыг хангах хүсэлтүүд хэд хэдэн удаа ирсэн. Хүмүүс айн болгоомжилж байна. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт явуулахаас эцэг эхчүүд нь айж байна” гэж Новая Земля арлын захиргааны дэд тэргүүн Александр Минаев онц байдал зарлах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

Цэцэрлэгүүдийн гадна талд төмөр тор татаж, цэргийн алба хаагчид, машин техникүүдийг харуулд гаргасан байна. Цагаан баавгайг буудаж хөнөөх санаачилгыг Оросын байгаль хамгаалах газар зөвшөөрөөгүй гэнэ. Тусгай мэргэжилтэн Новая Земляд томилолтоор ажиллаж, нөхцөл байдлыг үнэлээд галт зэвсэг хэрэглэх хэмжээнд хүрээгүй гэж дүгнэжээ.

Нутгийн оршин суугчид ийм олон тооны цагаан баавгай сууринд нь ирсэн анхны тохиолдол болсныг баталж байна.

Эх сурвалж: ТАСС

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060