Хөгжлийн банкны “но”-г улсын нууцаас гаргах цаг болсон

access_time 2019-02-19

Д.ДОРЖ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өгсөн даалгаврын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудад өнгөрсөн хугацаанд гаргасан зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь хэмжээг яаралтай нэгтгэж, танилцуулахыг энэ сарын 8-нд үүрэг болгосон. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулна гэдгээ онцлоод байгаа.

Үүний дараа хэрэг эрхлэхийн дарга “Хөгжлийн банкны үндсэн хоёр чиг үүрэг бий. Эхнийх нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу, эсвэл улстөрчдийн лоббид орсон байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт, дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх. Тиймээс Засгийн газар дээр байгаа хэл ам татсан сангуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл, улс төрд байгаа болон улс төрд нөлөө бүхий этгээдүүдээс хамааралгүйгээр Хөгжлийн банк чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.

Нөгөө талаар, одоогийн менежмент хангалтгүй байна гэж үзвэл гаднын менежменттэй болгох ажлыг судлах нь зүйтэй. Энэ бол шалгалт болон цаашдын ажлын үр дүнгээс хамаараад явна” гэж мэдэгдсэн юм. Ийнхүү МАН хэт олонхоор засгийн эрхэнд гарсан цагаасаа хойш гурав дахь удаагаа Хөгжлийн банкийг онгичих гэж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оруулан шалгахад, Хөгжлийн банк 2011 оноос хойш 5.5 их наяд төгрөгийг гурван сувгаар компаниудад зээлдүүлсэн гэж гарч байлаа.

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр 3.2 их наяд, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд, арилжааны банкуудаар дамжуулан 1.2 их наяд төгрөгийг гаргасан. Үүний 1.3 их наяд төгрөг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ямар нэг хууль тогтоомжийг зөрчсөн бол 3.8 наяд төрөг эргэж олдох эсэх нь тодорхой болсон гэдэг. Тиймээс УИХ 2016 онд тус банкны үндсэн хөрөнгийг нэг наяд төгрөгөөр нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолын төслийг яаран баталсан юм. Харин дээр дурдсан 1.3 их наяд төгрөгийн учрыг олохоор АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан шалгахаар болсон.

Анх Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан даруйдаа Хөгжлийн банканд хийсэн шалгалтыг УИХ-аас гаргасан ажлын хэсэг үргэлжлүүлсэн. Шат дараалсан шалгалтын явцад Хөгжлийн банкны асуудал “Улсын нууц”-ад хамаарах болсноор далд хэлбэрт шилжсэн. Үүнийг дагаад Ерөнхийлөгчөөс авхуулаад бүхий л шатны сайд, дарга нар Хөгжлийн банкны бондын зарцуулалттай нэр холбогдсон гэж болно.

Тиймээс УИХ-аас гарсан ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүн ахлан 2016 оны төгсгөлд нэг мөр ил болгоно хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан ч сураг алдарч билээ. Тэрбээр ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулахад бэлэн болсон гэдгийг ч онцолж байлаа. Тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газраас бондын хөрөнгөөс зээл авсан компанийн эздийн нэрийг бүрэн гаргаж дуусгаагүй талаар учирлаж байсан юм. Ингэхдээ Хөгжлийн банкнаас хямд эх үүсвэр татсан 2,000 гаруй компанийн эздийг зарлана гэдгээ дахин давтаад өнгөрсөн.

Түүний ахалсан ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр 33 төслийн төсөвт өртөг хэрэгжих явцдаа 3-5,993 хувь хүртэл өссөн гэдгийг мэдээлж байв. Тухайлбал, “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэсэн III ДЦС-аас Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын төсөвт өртөг 6,000 хувиар огцом нэмэгдсэн бөгөөд анх ажлаа 112 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээлж, эцэст нь Хөгжлийн банкнаас 6.8 тэрбум төгрөгийг гаргуулсан болохыг ажлын хэсгээс гаргасан баримт бичигт онцолсон байдаг.

Мөн “Бадрах ойл” компани “Монос”-ын уулзвараас “Просолиуд” компани хүртэлх 2.5 км авто замын ажлыг 300 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 13 орчим тэрбумыг гаргуулсан. Ажлын өртөг анхныхаасаа 4,158 хувиар өссөн гэсэн үг. “Авто зам” компани Архангай аймгийн төвд хоёр уулзвар, 151 км авто замыг 2.1 тэрбум төгрөгөөр тавихаар гэрээлсэн. Гэвч өртөг нь таван тэрбум болж, 139 хувь өссөн.

Тэгвэл “Атар-өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замыг “Монроуд” компани 440 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 1.8 тэрбум болж огцом нэмэгдсэн. “Монроуд” компани төсөвт өртгөө ийнхүү 331 хувь нэмэгдүүлсэн бол “Наранбулаг хан” компани 1.2 км авто замын өртгийг 800 саяас 4.2 тэрбум болгон өсгөсөн нь шалгалтаар илэрч байсан юм. Үүнээс гадна Сонсголонгийн гурван км авто замын ажлыг “Арц суварга” компани нэг тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээлээд 13 орчим тэрбум төгрөг тавьж, төсөвт өртгөө 1,154 хувь өсгөжээ.

Эдгээр нь зөвхөн авто зам, дэд бүтэцтэй холбоотой зөрчлүүд. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан С.Мөнхбат, “Гудамж төсөл”-ийг гардан хэрэгжүүлсэн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг бондын мөнгөтэй холбогдуулан хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Ажлын хэсгийнхний зүгээс “Гудамж төсөл”-ийг ерөнхийд нь төсөвт өртгөө үндэслэлгүйгээр өссөн хэмээн дүгнэсэн.

Үүнээс өмнө Хөгжлийн банкийг байгуулсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүжилтийг шалгах Засгийн газрын ажлын хэсгийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр ахалж байлаа. Ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтийг УИХ-ын түвшинд хэлэлцэхэд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн талаар яригдсан бол парламентын гишүүд гаргасан зээлийнх нь 70-90 хувь чанаргүйдсэн талаар үг унагаж байсан юм.

Улмаар АН-ынхан тэдийг, МАН-ынхан эдийг идсэн гэх мэтээр хардлагын том тоо шидэлцээд намжсан. Тэгвэл Б.Энхбаяр сайдын албанаас буусныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би 2016 оны наймдугаар сард томилогдож, ажлаа аваад өрөөндөө ч орж амжаагүй байхдаа маргааш нь Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдож ажилласан юм. Гурван долоон хоногийн хугацаатай шалгаж, Засгийн газарт дүнгээ танилцуулах үүрэг өгсөн.

Хөгжлийн банкны шалгалт маш өргөн цар хүрээг хамарсан ноцтой асуудал руу орсон. 1.3 их наяд төгрөгтэй холбоотой зөрчил илэрсэн. Жаран тэрбум гэж яриад байгаагаас хорь дахин их мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Тэгэхээр их мөнгөний асуудал байгаа биз. Энэ дотор Төмөр замын хэрэг ч байгаа. Шалгалтын явцад надад ямар ч албан тушаалтан, хэн ч нөлөөлж байгаагүй. Энийг би хариуцлагатай хэлье. Шалгалтын дүн ноцтой гарсан. Тийм ч учраас Засгийн газрын хуралдаанаар хаалттай сонссон юм. Их хурал дээр ярьсан. Намын бүлэгт танилцуулж байсан. Мөн л хаалттай. Тийм учраас энэ шалгалтын дүнгийн талаар дэлгэрэнгүй ярьж чадахгүй болчихсон юм.

Яагаад гэхээр хаалттай хурал дээр танилцуулчихаар улсын нууц болчихож байгаа юм. Тэгэхээр би ямар нэг юм ярихаар нууц задалсан гэмт хэрэг үйлдчих гээд байдаг. Одоо ер нь энэ хаалттайгаар танилцуулсан материалыг ил болгоход ямар нэг асуудалгүй байх хугацаа болсон. Тэр шалгалтын олон зуун хуудас дүгнэлтийг Засгийн газар ил болгох нь зүйтэй байх. Тэгвэл ярихад ч амар байна. Тухайн үед хаалттай танилцуулах учир шалтгаанууд байсан” гэж дурдсан юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060, 9191-3618