fbpx

Хар тамхи зөөвөрлөсөн дипломатууд Германд саатуулагдаж байна

2019-06-06 517

Гадаадад суугаа манай улсын дипломат ажилтан мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр ГХЯ-наас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан манай улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдон илрээд байна. Дээрх хэрэгт Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын дипломат нэг ажилтныг жолоочийн хамт шалгаж байна.

Энэ талаар мэдээлэл гарсан даруйд бид Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан. Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдон саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу бидэнд мөн мэдэгддэг. Хэргийг шалгаж дуусаагүй байгаа учир үүнээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. ГХЯ консулын шугамаар Германы талтай дипломат сувгаар мэдээлэл аван ажиллаж байна” гэв. Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулав.

Хэрэг явдал гараад сар болж байхад энэ талаар яагаад мэдээлээгүй юм бэ? Энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Нэгд, хэргийг шалгаж дуусаагүй, өөр хүмүүс холбоотой эсэхийг тодруулах, нарийвчлан гаргах зүйл байгаа. Мөн мэдээлэл солилцоход цаг хугацаа ордог. Эцэслэгдээгүй учир хүний нэрийг мэдэгдэх боломжгүй. Мөн ар гэрийнхний хүсэлтээр хувь хүний нууцыг хамгаалах зэрэг үндэслэлээр ГХЯ гадаадад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн талаар олон нийтэд мэдээлдэггүй.

-Хэрэгт холбогдсон ажилтнууд одоо хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдсан байгаа. Тухайн улсын хуулийн дагуу шийтгэлээ аваад явна. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна. Хар тамхитай холбоотой буюу тээвэрлэж явсан хэрэгт Германы хуулиар 2-15 жилийн хорих ял оноодог.

-Геройн тээвэрлэж явсан машин нь Консулын газрынх байсан уу, хувь хүний машин байсан уу?

-Ерөнхий консулын газрын машин байсан.

-Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө гарч байсан. Ямар арга хэмжээ авч хариуцлага хүлээлгэж байна вэ? Дипломат ажилтнуудад ямар шалгуур тавьж, сонгодог вэ?

-Ийм тохиолдол, хэрэг өмнө нь гарч байсан. Яг хар тамхи мансууруулах бодистой холбоотой ноцтой хэрэг бол гарч байгаагүй.Гарсан хэргийг тухай бүр манай яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн. Хар тамхины хууль бус наймаа эрхэлж байна гэх мэдээллийн дагуу ГХЯ тагнуулын байгууллагад хандаад, хар тамхийг хууль бусаар зөөвөрлөх гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг.

Европын зарим оронд манай иргэд тамхины хууль бус наймаа хийж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу энэ оны нэгдүгээр сард манай яам ТЕГ-т хандан энэ төрлийн хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Хилийн чанадад ажиллах хүмүүсийг дипломат ажилтны хуулиар төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилдог гэв.

Тодруулга: Хилийн чанадад өнөөдрийн байдлаар манай улсын 160 гаруй иргэн ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдон 53 гаруй хүн саатуулагджээ. Мөн гадаадад 1400 хүн гэмт хэрэг үйлдсэнээс 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Гадаадад зорчиж буй иргэдийн тоо жил бүр өсөж, үүнийг дагаад гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны зу

2019-06-17

С.Амарсайхан: “Улаанбаатар хотын банк”-ны мэдлийн газруудыг цуцална

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүрги

2019-06-11

Д.Эрдэнэбилэг, Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

  Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэ

2019-06-11