fbpx

Ё.Отгонбаяр: Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдвал Монгол Улсад 30 гаруй мянган ажлын байр бий болно

2019-08-01 3249

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хоёр орны харилцааны түвшинг ахиулж буйгаа мэдэгдлээ.

Энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяраас тодруулав.



President.mn

– Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийж,  хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаснаа тунхаглалаа. Стратегийн түншлэлийн талаар тодруулахгүй юу?

– Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ганцаарчилсан уулзалт хийгээд, дараа нь өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцээр хийлээ.

Хэлэлцээрийн дүнд Стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргалаа.

Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчлах үеэр хоёр орны харилцааг Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүрсэн байна гэж дүгнэсэн. Харин энэ айлчлалын дүнд хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхээр хоёр тал зорилтоо зарлан тунхаглалаа.

– АНУ хэдэн улстай Стратегийн түншлэлийн харилцаатай вэ. Харилцаагаа шинэ түвшинд хүргэснээр манай улсад ирэх үр өгөөжийг юу гэж харж байна вэ?

– АНУ 16 оронтой Стратегийн түншлэлийн харилцаатай гэж санаж байна. Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос АНУ-тай нэлээд дотно харилцаатай болж байна гэсэн үг.

Манай хоёр орны хоорондын улс төрийн яриа хэлэлцээр тогтмолжино гэсэн үг. Батлан хамгаалах, энхийг сахиулах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд АНУ их тусламж үзүүлдэг гэдгийг иргэд маань мэдэх байх. Эдийн засгийн салбарт томоохон төслүүдэд америкийн хөрөнгө оруулагчдыг татах тал дээр хоёр талаасаа ярилцсан. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулна гэж хэлсэн.

Мөн өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг Ерөнхийлөгч Д.Трамп анхааралдаа авна гэж хэлсэн. Энэ хууль батлагдсанаар манай улсад 30 гаруй мянган ажлын байр шууд утгаараа бий болохоос гадна 800 гаруй мянган малчны орлого дээшлэх боломжтой.

Маргааш АНУ-ын Конгресст энэ хуулийн санаачилж, зүтгүүлж, лоббидож байгаа конгрессын гишүүн, сенатын гишүүдтэй уулзахаар төлөвлөсөн.

– Энэ хууль батлагдснаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүйгээр АНУ-д нийлүүлнэ гэж ойлгож байгаа?

– Түүхий ноолуурын дэлхийн зах зээлийн 45 хувийг Монгол Улс дангаараа, 40 гаруй хувийг нь Хятад улс бэлтгэдэг. Үлдсэн нь бусад улсуудад хуваагддаг. Өнөөдөр АНУ, БНХАУ хооронд худалдааны дайн үүсээд байгааг та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс Хятадаас АНУ руу орж ирж байгаа барааны татвар нэмэгдэх хандлагатай байна. Харин Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монголоос орж ирж байгаа ноолууран бүтээгдэхүүний татвар буурна. Энд муж мужаасаа шалтгаалаад 5-8 хувийн татвартай байдаг.

Бидэнд ноолуураа боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх өргөн боломж бий болж байна. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт орж ирнэ.

АНУ-ын Конгрессын дээд танхимд Бүгд найрамдах намынхан олонх байгаа. Доод танхимд Ардчилсан нам олонх. Энэ хоёр улс төрийн нам хоёулаа манай хуулийг дэмжиж байгаа. Дээр нь Ерөнхийлөгч нь дэмжинэ гэдэг Конгресс, Сенатад байгаа гишүүдэд чухал дохио болох юм.

Хоёрдугаарт, энэ хуулийн талаар янз бүрийн маргаанууд явж байгаа. Тэр маргааныг эцэслэхэд Ерөнхийлөгч Д.Трампын дэмжлэг чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

– Бид хуулиа батлуулахыг хичээж байна. Гэхдээ америкчууд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг хэр хүлээж авах бол?

– Би энд томилогдож ирээд жил хагас болж байна.

Ирээд миний гайхсан зүйл бол манай ноолуур үйлдвэрлэгчид америкийн зах зээлд бодитоор ороогүй юм билээ. Маргааш бид АНУ-ын Конгресст хүлээн авалт хийнэ. Энэ үеэр Говь компани салбараа АНУ-д нээж байгаагаа зарлах юм.

Говь компани дөнгөж салбараа нээж байна гэхээр маш их боломжтой зах зээл юм. АНУ бол том зах зээл.

Өнөөдөр АНУ-д нийлүүлэгдэж байгаа ноолууран бүтээгдэхүүний бараг 90 хувь нь Итали, Хятадаас ирж байгаа. Тэгэхээр бид бараг 0 байгаа хувиа аль болох өсгөж нэмүү өртөг шингээн Монголдоо үйлдвэрлэхийг зорьж байна.

– АНУ-ын визний асуудлыг иргэд сонирхдог?

– Өнгөрсөн жилийн Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл болон замын зураглалыг батлахдаа цаашдаа визгүй зорчих нөхцлийг бий болгоход хоёр талаасаа зүтгэж ажиллахаа илэрхийлсэн.

Үүний нэг алхам бол хөдөлмөрийн виз олгодог болсон явдал. Энэ жишгээр 140 гаруй хүн АНУ-д ирээд янз бүрийн газар ажиллаж байна. Тэдгээр хүмүүс маань дүрэм журмаа баримтлаад, хуулийн хугацаандаа буцаад, эргэж ирээд байвал хэдэн ч удаа ирж болно. Хуулиа л сахиад байвал болохоор байгаа.

– Шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагдсан. Энэ талаар АНУ дахь Элчин сайдын яаманд мэдэгдсэн болов уу?

– Одоогоор Элчин сайдын яаманд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. АНУ-ын хил даваад саатуулагдсан тохиолдолд Элчин сайдын яаманд мэдэгдэх ёстой. Харин давсан хойноо америкийн хууль, хяналтын байгууллагатай харилцсан бол шүүхийн процесс нь явагдаж эхлэхээр бидэнд мэдэгдэнэ. Яагаад гэвэл хувь хүний нууц гэж үздэг учраас бидэнд мэдээлэл өгдөггүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

С.Эрдэнэ: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг давсан хүү тооцвол мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох бол

2019-10-16

Өмч хувьчлалыг шалгана гэдэг үлгэр болоод дууссан уу, сайд аа?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд болсныхоо дараахан хэд хэдэн зүйлд онцгой анхаарна гэдгээ мэдэгдэв

2019-10-15

Сурагчдын үдийн цайнд түлэгдсэн талх өгч байжээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд хатсан талх нийлүүлсэн зур

2019-10-09