“Хасу” үйлдвэрийн менежер Н.Наранчимэг: Хятадын баячууд манай хатаасан махыг зочиндоо тавагладаг болсон…

2017-06-16 Ярилцлага 0

 

www.amjilt.com сайт эх орондоо баялаг бүтээж буй үндэсний үйлдвэрлэгчид, улс орныхоо төсвийн ихэнх хувийг бүрдүүлэгч шилдэг аж ахуй нэгжүүдийг дэмжин ажиллаж ирсэн. Бид энэ сараас эхлэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч шилдэг компаниудад зочлон нэгэн өдрийн сурвалжлагыг бэлтгэн хүргэж эхэллээ. Манай анхны зочин бол Монгол улсын анхны хувийн хэвшлүүдийн нэг, үндэсний шилдэг үйлдвэрлэгч  “Хатансүйх импэкс” ХХК.

Монголын мах, махан бүтээгдхүүний салбарт 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй  “Хатансүйх импэкс” ХХК өнөөдөр 100 гаруй ажилтантай, ХАСУ нэрийн дөрвөн үйлдвэртээ нийтдээ 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна. Бид эхлээд үйлдвэрийн менежертэй уулзаж зорилго, чиглэлээ танилцуулахын зэрэгцээ товчхон яриа өрнүүллээ.

“Хасу” үйлвэрийн менежер Н.Наранчимэг: Хятадын баячууд манай хатаасан махыг зочиндоо тавагладаг болсон…

-Танайхан их эрт цугладаг юм байна. Бид ажилчдыг ирэхэд нь тосч уулзана гэж төлөвлөсөн ч хожимдчихлоо. Ажлын ачаалал их үү?

-Тэгэлгүй яахав. Ажил их байгаа шүү. Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн манай үйлдвэрүүд экспортын чиглэлээр түлхүү ажиллаж байна. Ганцхан жишээ хэлэхэд  2016-2017 оны өнөөдрийг хүртэл БНХАУ руу бид 400 тонн бүтээгдэхүүн экспортлосон байна.

-Урд хөршүүд маань ихэвчлэн ямар бүтээгдэхүүн авч байна?

-Хонь, ямаа, үхрийн жигнэсэн мах, хатаасан мах. Сонирхуулж хэлэхэд хятадын баячууд сүүлийн үед зочиндоо чихэр биш манай хатаасан махыг тавагладаг болсон байна. Монголчуудын уламжлалт мах борцлох аргыг үйлдвэрт нэвтрүүлсэн. Шууд хэрэглэдэг, маш тансаг өвөрмөц сайхан амттай бүтээгдэхүүн болж экспортлогдож байна.

/БНХАУ-руу гаргадаг Хатаасан мах/

-Өөр ямар орнууд руу экспорт хийж байна вэ?

-БНХАУ, ОХУ, Солонгос, Иран, Япон, Вьетнам зэрэг улсууд байна. Солонгос улс бол манай үхрийн тулгуур ясны өтгөрүүлсэн шөлний гол хэрэглэгч. Сардаа 1-2 чингэлэгийг ачуулдаг. ОХУ-ын махан бүтээгдхүүний махны орц хамгийн дээд тал нь 45 хувьтай байдаг гэнэ. Тэр утгаараа яг дэргэдээ 100 хувь махны бүтцээрээ, ямар ч химийн хольцгүй лаазалж, нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад оросууд маань маш их баярладаг, авдаг. За тэгээд Япон руу гэрийн тэжээвэр амьтны хоолыг анх ХАСУ хийж гаргаж байсан. Иран улс руу бас л анх удаа халал аргаар бэлтгэсэн махыг экспортлосон  компани. Ер нь манай компанид гадаадын зочид өдөр болгон ирдэг. Дэлхий нийтээрээ хүнсний нэмэгч, дүүргэгч, будагч, өсгөгч бодисоос татгалзахыг эрмэлзэж  буй энэ цаг үед талын монгол оронд өвс усны шимээр тэжээгдсэн монгол малын цэвэр мах, байгалийн гаралтай давс, перецээс өөр амтлагчгүй органик бүтээгдхүүнийг ХАСУ үйлдвэрлэж байгаа учраас гадаад ертөнц биднийг сонирхоод байна. /инээв/

-Хиаманд бас нэмэлт энэ тэр орохгүй юу?

-Манай захирал хиамыг соёлт хүн төрөлхтний махны сонгодог  хэрэглээ гэж нэрлэдэг. Мөн захирал маань улс орны эдийн засаг хямарч, унаж босч яваа аль ч цаг үед зөвхөн чанартай, эрүүл, органик бүтээгдэхүүн л энэ үйлдвэрүүдээс гарах ёстой, бидний хиам, консервийг хүүхдүүд, өндөр настнууд, жирэмсэн ээж хүртэл хэрэглэнэ. Тэгэхээр зөвхөн чанарыг эрхэмлэ гэж байнга захидаг.  Хатансүйхийн хэрэглэгчид өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Нэг хиаман дээр жаахан өөрчлөлт хийхэд л утсаар ярина.  Арай өөр байна, яав, ийв гээд л. Сэтгэлд хоногшсон амт чанар байгаад байна л даа.

21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хатан сүйх компанийн химийн хольцгүй, нэмэлт бодисгүй 100 хувь органик хиамнууд. Доорх бүтээгдэхүүнүүд хугацаа уртасгагч бодис ороогүй махны агууламж 100 хувь учраас үнийн хувьд ижил төрлийн бүтээгдэхүүнийг бодвол арай өндөр аж. Гэхдээ хэрэглэж дадсан байнгын үйлчлүүлэгч олон учир тэд арга барилаа өөрчлөхийг хэзээ ч хүсдэггүй байна.

Эрүүл амьдрал эрүүл хүнсэнд оршдог

-За, ясны шөлөө нэг магтчих…?

-Магтахаасаа илүү талархах ёстой бүтээгдэхүүн юм. Манайх бас  анхдагч.  Одоо найм дахь  жилдээ экспортод гаргаж байна. Дотоодын зах зээлд адуу, үхэр, хонины ясны өтгөрүүлсэн шөлийг худалдаанд гаргадаг. Би энэ удаа үхрийн тулгуур ясны өтгөрүүлсэн шөлийг танилцуулья. ХАСУ ясны шөлний үйлдвэрт  үхрийн тулгуур ясыг жижиглэж бутлан цэвэрлээд 12 цаг усанд сойсны дараа 24 цаг чанаж 90 градуст савладаг. Бүтээгдхүүний онцлог гэвэл үхрийн ясны бүх эрдэс, бодис, амин дэм,кальцийг шавхаж авч коллагенаар баялаг цэвэр экологийн органик баяжмал болгосон. Найрлага гэвэл үхрийн ясны шөл, давс. Ач тусыг товчхон хэлбэл, биеийг кальци, коллагенаар бүрэн дүүрэн тэтгэнэ, хий, ядаргаанд онцгой тустай, дархлаа сайжруулна. Үе мөчний өвчинд өндөр үр дүнтэйгээс гадна хоолонд сайхан амт оруулдаг. Би саяхан нэг арга хэмжээнд оролцож ясны шөлөө танилцуулсан. Тэр үеэр Монос группийн нэг мэргэжилтэнтэй ярилцлаа л даа.  Эднийх  саяхан бүх насны хүмүүст ясны сийрэгжилтийн шинжилгээ хийхэд үр дүн их муу, хөгшид, хүүхэд, идэр насныхан бүгд л сийрэгжилттэй гарч. Ганцхан ахимаг насны эмэгтэй эрүүл байсан, тэд гайхаад асууж л дээ. Та юу идэж уудаг вэ? Тэр эмэгтэй би олон жил Солонгос хоолны газар ажилласан, манай солонгос эзэд ясыг байнга буцалгаад шөлийг нь бүх хоолондоо хэрэглэдэг байсан гэж хэлсэн гэнэ. Ясны шөлний ач тус ийм өндөр байдаг.

/Ясны шөл/

-Танай компани дээр ирэхээсээ өмнө судаллаа, мэдээлэл цуглууллаа. Та бүхэн монгол махаар дэлхийг дайлах алсын хараатай юм байна. Энэ зорилго хэрхэн биелэлээ олж буйг сая таны ярианаас ойлголоо. Цаашдаа…?

-Бид их том бас гоё мөрөөдөлтэй хамт олон гэж боддог. Мэдээж энэ бүхэнд хүрэх, зорилгоо алхам алхмаар биелүүлэхэд 20 жилийн туршлагатай, алдаа оноо, эрсдэл, элдэв бэрхшээлийг туулж шийдэж чадсан хамт олны зүтгэлийн үр дүн байсан. Ер нь гадаадын аль ч улсаас хандсан бизнесменүүд, хувь хүмүүс –Танайх хүнсний аюулгүй байдлын ямар тогтолцоог  хэрэгжүүлсэн бэ гэж асуудаг. Бид  2014 оноос НАССР тогтолцоог хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхлүүлээд өнгөрсөн 4 сард гэрчилгээгээ авлаа. НАССР гэдэг нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо буюу тухайн компаний бүтээгдэхүүн бол эрүүл аюулгүй гэдгийг нотолж байгаа юм. Энэ маань экспортын чиглэлээр түлхүү ажиллахад нэг алхам болсон. Цаашдаа бид  ISO 22000 авах зорилго тавиад явж байна. 2019 оноос хэрэгжүүлээд эхлэх байх. Өнөөдрийн байдлаар сав, баглаа боодол, хаяг шошгоо шинэчлэх ажлыг эхлээд байна. Органик эрүүл аюулгүй хүнс гэдэг бол уут, баглаа боодол дээрх өнгө будаг хүртэл хүний биед сөрөг нөлөөгүй байх ёстой. Бид ингэж л ажилладаг.

ISO 22000 гэдгийг жаахан тодруулаач?

НАССР буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо бол ISO 22000 тогтолцооны нэгээхэн хэсэг нь юм. НАССР-ыг хэрэгжүүлснээр бид түүхий эд хүлээн авахаас борлуулалт гаргах хүртэлх бүх үе шат дээр хяналтын тогтолцоог хэрэгжүүлээд явж байна. ISO 22000 гэхээр манай дээр бол малыг бэлчээр дээр байхаас нь эхлээд бүтээгдэхүүн болж хэрэглэгч гар дээрээ худалдан авах хүртэл хянах тогтолцоо юм.

 

Бид цаашлан ХАСУ нэрийн үйлдвэрүүдтэй танилцлаа. Эрүүл аюулгүй хүнсний үйлдвэрлэл гэдэг утгаараа дотор нь орж ажиллах боломж бага юм байна. Үйлдвэрийн менежер биднийг дагуулан үйлдвэрүүдээ ойроос танилцууллаа.

Мах шулах, ангилах үйлдвэр

 

Үйлдвэрийн энэхүү хэсэгт  махыг ариутган шулж ангилан тохирох хэсгүүдэд шилжүүлдэг байна.  Энэ бол ХАСУ үйлдвэрийн хамгийн чухал хэсэг. Тийм ч учраас махны технологийн мэргэжилтнүүд нь маш сайн бэлтгэгдсэн хүмүүс байдаг аж. Хамгийн бахархалтай нь энд  71 настай Г.Харнүдэн гэдэг эгчтэй танилцлаа. Цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

Г.Харнүдэн: Би  үхэр, адууг 20 минут, хонь, ямааг 8-9 минутад шулдаг…

2017 он таны ажлын хэд дэх жил вэ?

-43 дахь жил. Үүнээс Хатансүйх компанидаа 18 дахь жилдээ ажиллаж байна. Одоо  71 настай.

-Таны насны хүн ингээд ажиллаж байна гэдэг гайхамшиг мэт санагдаж байна?

– /инээв/ Хүмүүс тэгж хэлдэг. Гайхах юу байхав. Би ажлынхандаа ер нь хүмүүст хэлдэг багийн ажилд саад болж хойшоо суух өдөр ирвэл яг тэр өдрөө гэртээ сууна гэж. Одоохондоо гайгүй л байна.

-Манлайлан ажилладаг гэж байна шүү дээ?

-Би  үхэр, адууг 20 минут, хонь, ямааг 8-9 минутад шулдаг. Яарахгүй тайван хийхэд. Өдөртөө ганцаараа ….  тонн мах шулдаг. Залуу байхдаа  улсын уралдаан тэмцээнд оролцоод шагнал авч байлаа.

-Гэрийнхээ хүнсний махыг шулах гэж үзүүлээд өгөх үү?

-Тийм их шулаад байх мах хаана байхав. Дээр үед нөхөртөө нэг их загнуулж билээ. Би л нэг мах шулдаг гэсэн шиг мөлжүүргүй болгоод тавьчихаж гээд.

-Шулах дуртай хэсэг гэж байх уу?

-Үхэр адуун дээр дал, нуруу их сайхан гарчихдаг юм. 

-Амьдралаасаа хуваалцаач?

-Найман хүүхэдтэй, 23 ач зээтэй. Хань минь өөд болоод олон жил болж байна.

-Цалингаа юунд зарцуулдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд ач зээ нарын сургалтын төлбөрт өгч байна. Миний галын зээ одоо оюутан. Өнөө маргаашгүй Америк руу оюутан солилцоогоор явах гээд ажил ихтэй байна шүү.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Би муугүй оёдолчин хүн. Гэртээ суухаараа олон оёдолтой машин аваад цэцэрлэгийн хүүхдүүдэд хувцас оёно.

-Бурхан минь, та ямар мундаг хүн бэ?  Танаас сурах юм бидэнд маш их байна шүү. Хамт олныхоо тухай яриач?

-Тээр жил манай үйлдвэрийн хөргүүрүүд эвдрээд бид нар махаа цааш нь зөөж сэлгэж хөргөөд хэд хоног их ажилтай байлаа. Би энэ хавьд мах зөөгөөд явж байсан чинь захирал ирээд “Эгчээ яаж байна” гээд намайг үнссэн юм. Би энэ тухай бодохоор л нулимс гараад байдаг. /уйлав/ Нэг л ухаалаг, шударга, сайхан хүний хажууд олон жил ажиллалаа даа.

-Эрүүл чийрэг, эрч хүчтэй ингэж ажиллаж байгаагийн нууц нь юу вэ?

-Нуух юм байхгүй ээ. /инээв/ Хүн ажлыг чин сэтгэлээсээ зөв сайхан хийх хэрэгтэй. Нэг ажлыг болбол нэг газараа тууштай хийх сайхан. Хөдөлгөөн гэдэг бол хүн эрүүл саруул байхын үндэс юм болов уу гэж заримдаа бодогддог. Сүүлийн жилүүдэд Хатансүйх компанийнхаа ясны шөлийг тогтмол хэрэглэж байгаа.  Сэргээд л явчихна шүү дээ.

Ясны шөлний үйлдвэр буюу Амьд кальци

Өдөртөө дөрвөн тонн ясны шөл үйлдвэрлэх хүчин чадалтай эл үйлдвэрээс үхрийн ясны өтгөрүүлсэн шөл, үхрийн булууны ясны өтгөрүүлсэн шөл, хонь, адууны ясны өтгөрүүлсэн шөл, адууны ясны тос зэрэг … нэр төрлийн бүтээгдэхүүн гарч гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэгдэж байна.  Энэ үйлдвэрт … хүн ажилладаг.  Монголчууд бид өвөг дээдсээсээ ясны шөлийг ач тус, шимийг мэдэрч ахуйн нөхцөлдөө янз бүрийн аргаар хэрэглэж ирсэн. Харин өнөөдөр ХАСУ ясны шөлний үйлдвэр Солонгосын уламжлалт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн “амьд кальци”-ийг төрөл бүрээр нь үйлдвэрлэж байна.

Нунтаглаж амтлан олгойд чихсэн мах буюу ХАСУ хиамны үйлдвэр

Өдөртөө 5 тонн хиам, зайдас үйлдвэрлэх хүчин чадалтай. … ажилтантай. Эл үйлдвэрээс Баялаг, Тансаг, Сувилал, Топ чанамал, Монгол чанамал, Үл мэдэх чанамал, Зочин, Хасу зайдас, Өгөөж зайдас, Монгол утлагат хиам, Пепперони, Жинчин, Байгаль, Эх нутаг, Илчлэг, Салями, Түрхдэг хиам, Хасу царцаамаг, ССМ, 12 сар зэрэг 20 нэр төрлийн хиам гардаг.

Хиамны үйлдвэрийн мастерЛ.Шинэбаяр “ХАСУ нэрийн хиамнууд бол 100 хувь махны бүтцээрээ гардагаараа онцлогтой. Бид хиамандаа малын бүлх, шөрмөс, булчинг коллагенаар баяжуулан дүүргэлт хийдэг. Монголчууд нитритийн давсны талаар буруу ойлголттой явдаг. Ямар ч зүйл тун нь таарвал жор, хэтэрвэл хор болдог. Нитритийн давс гэдэг хиаманд онцгой сайхан амт, өнгө нэмж өгдөг нэгэн төрлийн давс бөгөөд тохируулан хийсэн нөхцөлд хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. ХАСУ нэрийн хиамнуудад бид нитритийн давсыг зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур хийдэг. Энэ нь хадгалалтын хувьд бидэнд эрсдэл байж болох ч хэрэглэгчээ дээдэлсэн алхам юм. Манай М.Өлзийбаяр захирал биднийг анх ажилд ороход “Эрүүл хүнс-Эрүүл амьдрал” уриандаа үнэнч байж зөвхөн эрүүл найдвартай органик мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд суралцаарай” гэж хэлсэн. Сураад л, ажиллаад л явж байна даа” гэж ярьсан юм.

 

 

Т.Гантөр: Монгол залуустаа зориулж “Түмний зоог” бэлэн хоолыг хийлээ…

 Дараа нь бид ХАСУ консервийн үйлдвэрийн мастертай ярилцлаа.  17 настайдаа анх Хатансүйх импэкс компанид консервийн үйлдвэрийн туслах ажилтнаар орж ирсэн энэ залуу компанийнхаа удирдлагын дэмжлэгээр хүнсний технологич мэргэжил эзэмшин 13 дахь жилдээ ажиллаж байна.

 

-Гантөрөө бидэнд ажлаа танилцуулаач?

-Манайх өдөрт бэлэн бүтээгдхүүнээрээ 5000 ширхэг консерв үйлдвэрлэх хүчин чадалтай. Лаазтай нөөшилсөн мах, ялтсан ууттай нөөшилсөн мах гэсэн хоёр төрлөөр 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дээрээс нь Хятад улсын экспортын мах бэлэн бүтээгдэхүүн 4 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай онцлог гэвэл 100 хувь мах, химийн бодисгүй, гарц өсгөгч, өнгө оруулагч хэрэглэдэггүй зөвхөн байгалийн гаралтай сармис, хар перецээр амталсан 100 хувь цэвэр махан бүтээгдэхүүн. Монголчууд эрт үеэсээ битүү шөл, аяган шөл, олгойны шөл гэж махыг амтлан битүү чанаж хэрэглэж ирсэн. Энэ уламжлалыг орчин үед техник технологийн дэвшилээр амт чанарыг алдагдуулахгүй удаан хугацаагаар хадгалахаар нөөшилсөн нь энэ.

-Экспортын үйлдвэрлэлийн тухайд?

-Ойрын өдрүүдэд урд хөршийн экспорт дээр түлхүү ажиллаж байна. БНХАУ руу үхэр, хонь, ямааны дулааны аргаар боловсруулсан мах мөн хатаасан мах гаргах зөвшөөрөлтэй.  Өөр хэд хэдэн улс орон бий.

-Хүүхэд байхаасаа эхлэн ХАСУ үйлдвэртээ ажиллаж өнөөдөр үйлдвэрээ удирдаж байна. Юуг эрхэмлэн баримтлан ажилладаг вэ?

-Би үнэнч шударга байхыг эрхэмлэдэг. Ажлыг заавал  хяналттай шахуулж хийх биш  өөриймсөгөөр, шударгаар 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллая гэсэн бодолтой явдаг. Гарын шавь бэлдэх хэмжээнд хүрээд байна. Анх ажилд орохдоо хүн болгоноос асууж зөвлөгөө авч явсан. Одоо 20 гаруй насны арваад залуустай ажилладаг. Өөрийнхөө мэдсэн сурсан бүхнээ зааж өгнө. Ажилчидаа өөрөө сонгож авсан. Ингэхдээ хувь хүн талаас нь хандлага, зохион байгуулалтыг нь хардаг. Бидний цаашдын зорилго бол ХАСУ нэрийн бүх бүтээгдхүүнийг дэлхийн аль  улсын зах зээл дээр хүмүүс эргэлзэхгүйгээр авдаг байгаасай.

-Шинээр гаргах гэж байгаа бүтээгдэхүүн байна уу?

-Энэ жил монгол залуустаа зориулж “Түмний зоог”  бэлэн хоол гаргалаа. Яагаад залуустаа гэж тодотгоод байна вэ гэхээр монгол залуус ажлын ачаалал эсвэл хувийн зохион байгуулалтаасаа шалтгаалаад бэлэн гоймонг ихээр хэрэглэдэг. Тэгэхээр импортын бэлэн хоолыг орлох  монгол хөрсөнд ургасан хүнсний ногоо, монгол бэлчээрийн малын мах, бэлэн будаа бүхий бэлэн хоол хийсэн.

 

“ХАСУ” үйлдвэрийн БНХАУ, ОХУ, Солонгос, Иран, Япон, Вьетнам зэрэг улсуудад экспортод гаргадаг бүтээгдэхүүнүүд. 

 

Хатансүйх импэкс” ХХК –иас олж харсан онцлох мэдээллүүдийг товчлон хүргэе.

· Тэд 1996 онд анх хиамны жижиг оврын тоног төхөөрөмжөөр өдөртөө 1 тонн хиам үйлдвэрлэн дөрвөн ажилтантай ажлаа эхэлсэн.

· Тэд монголын мах махан бүтээгдхүүний салбарт олон зүйлийн анхдагч байж чадсан бөгөөд өнөөдөр өдрөөс өдөрт үйл ажиллагаа тэлж, нэр төрлөө олшруулан ажилласаар.

· Эрүүл хүнс-Эрүүл амьдрал уриан дор тэд зөвхөн өндөр чанартай, эрүүл органик, найдвартай 60 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

· Компанийн ажилчид маш тогтвортой, удаан хугацаагаар ажилладаг. Эдгээр үйлдвэрүүдэд 20 жил ажилласан ахмадууд, 13-15 жил ажилласан дунд үеийнхэн, 3-5 жил ажиллаж байгаа залуу үеийнхэн байна.

. Тэд гадны зах зээлээс Монгол руу мөнгөн урсгал татаж оруулдаг.

Унаж босч, зүтгэж тэмүүлсэн он жилүүдэд Хатансүйхчүүд эвтэй, нэг хүсэлтэй, нэг зорилготой байж хамтдаа бүтээсээр 21 жилийг ардаа орхижээ. Улс орны, бүс нутгийн эдийн засаг хямарч, төлөвлөж тооцоолоогүй олон асуудалтай тулгарч байсан ч  тэд эрүүл чанартай хүнс үйлдвэрлэх эрхэм зорилгоо дээдлэн зөвхөн сайныг, шилдгийг бүтээсээр өдийг хүрчээ. Нүүдэлчин Монгол түмний махны уламжлалт хэрэглээг хөгжил дэвшилтэй хослуулан төрөл бүрийн органик мах махан бүтээгдэхүүн болгож Монголчуудаа, Ази тивээ, цаашлаад дэлхийг дайлах нь тэдний ЗОРИЛГО юм.  

 

Дэлхий нийтээрээ эрүүл хүнс хэрэглэхийг зорьж буй энэ цаг үед ХАСУ өөрийн шинээр гаргасан  бүтээгдэхүүнээ гадны болон дотоодын хэрэглэгчддээ танилцуулсан юм. 

 

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль