fbpx

Хоёр жаахан амьтан анхны тусламж авч чадаагүйд үнэхээр их харамсаж байна

2019-10-08 1401

Угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага энэ сарын 04-ны орой Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алдсан. Мөн өчигдөр Сүхбаатар дүүрэгт 28 настай эмэгтэй угаарын хийд хордож амь насаа алдсан.

Угаарын хийд хордож амь насаа алдсан хоёр хүүхдийн хамаатан болох н.Батсүхтэй ярилцлаа. Тэрээр үнэхээр харамсалтай зүйл болсон. Иймээс иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй гэдэг үүднээс ярилцлага өгч байна гэлээ.

-Угаарын хийнээс болж хоёр бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай зүйл болсон. Юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 3- наас 4-ны шилжих шөнө манай дүү орой унтахдаа сайжруулсан шахмал түлшээр гэрээ галлачхаад унтсан байсан. Шөнө бага хүүхэд уйлаад байхаар сэрээд аавыгаа дуудсан байна лээ. Тэгээд аав ээж хоёр хамт очиход манай дүү хоёр хүүхэдтэйгээ ухаан алдчихсан байсан. Аав нь эргэж гараад түргэн тусламж дуудаад түргэнээ тосоод ирэх хороонд ээж бас ухаан алдчихсан. Түргэний эмч нар ирээд үзээд угаартсан байна гэдгийг хэлсэн. Харин хоёр хүүхэд ямар найдваргүй болсон байна гэдгийг эмч нар хэлсэн. Иймээс хоёр том хүнээ аврах арга хэмжээ авна гээд анхны тусламжаа үзүүлсэн. Тухай үед ухаа алдсан хүний зүрх нь зогсох шахаад хиймэл амьсгаа хийж, эмнэлэгт хүргэсэн.

-Хоёр хүүхэд анхны тусламж авч чадаагүй юу?

-Бага хүүхэд түргэн ирэхэд амьсгалтай байсан боловч анхны тусламж авч чадалгүй. Харин хоёр том хүн ухаан орохгүй болохоор нэмж түргэн тусламж дуудсан. Ингээд хоёр эмч жолооч нар нийлж байж арай гэж амьсгаатай болгож эмнэлэгт хүргэсэн. Хоёр жаахан амьтан анхны тусламж авч чадаагүйд үнэхээр их харамсаж байна.

-Танай дүүгийнх сайжруулсан шахмал түлшийг өмнө хэрэглэж байсан болов уу?

-Бараг анх удаа хэрэглэсэн байх. Өмнө нь дандаа модоор галлаж байсан. Өнгөрсөн долоон хоногийн хүйтнээр сайжруулсан түлш аваад анх удаа хэрэглэхдээ ийм зүйл боллоо.

– Одоо танай дүүгийн биеийн байдал ямар байна вэ?

-Дүүгийн биеийн байдал сайжирсан. Хүүхдүүдээ бурхан болсныг мэдээгүй байсан. Өчигдөр дуулгасан. Сэтгэл санаагаар унаж, бие нь гэнэт муудсан. Сэтгэл зүйч болон эмч нар тайвшрах эм тариа хийж байж гайгүй болсон. Маргааш хоёр хүүхдийн ажил явдал болно. Иймээс хүүхдийнхээ ажил явдалд оролцоно гэдгээ эмнэлэгтээ хэлээд түр гарч байгаа. Эмч нар түр гарахыг зөвшөөрсөн.

ИРГЭДИЙГ БУРУУТГАЖ БАЙГААД ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ БАЙНА

– Хэрэглэсэн түлш болон худалдаалагдаж байгаа түлшнээс лабораторийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу өчигдөр гарсан байсан. Та нарт шинжилгээний хариуг өгсөн үү?

– Түлшнээс дээж шинжилгээ аваад шалгаж байгаа гэсэн. Шинжилгээний хариу буруу хэрэглээ болон галлагаанаас болсон гэсэн дүгнэлт гарсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонслоо. Харин бидэнд албан ёсны хариу хэлээгүй байна. Би лабораторийн шинжилгээний хариуг нэг иймэрхүү гарна гэдгийг төсөөлж байсан. Төр засаг өөрсдийнхөө хийсэн зүйлийг буруу байсан гэж хэлэхгүй шүү дээ. Өөрсдийгөө өмөөрч иргэдийг буруутгаж байна. Гэхдээ энэ түлшнийхээ асуудал дээр сайн анхаарах хэрэгтэй. Одоо хотын гэр хорооллын бүх айлууд хэрэглээд ирэхийн бол нийслэлийн бүх иргэдийн эрүүл мэндээр хохирч амь насаа алдах байдалд хүрэх бий. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Энэ түлш утаа угаар гарч байгаа нь нүдэнд харагдахгүй хирнээ хүний бие маш их хор хөнөөлтэй гэдэг нь энэ хордлогоор бараг батлагдлаа. Түүхий нүүрс бол утаа үнэр танар гардаг учраас хүмүүс угаартахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Гэтэл энэ сайжруулсан түлш утаа үнэргүй хирнээ хүнийг шууд хордуулж амь насыг хохироож байна гэдэг бол маш аюултай. Нийслэлийн иргэдийн хувьд энэ түлшнээс өөр хэрэглэх зүйл байхгүй байгаа. Иймээс түлшний хэрэглээний асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Монголын нэг эрдэмтэн нүдэнд үзэгддэггүй бодисоос сэрэмжлүүлдэг багаж байдаг гэдгийг хэлж байсан. Сайжруулсан түлшээ хийж байхдаа энэ багажийг давхар судлаад хэрэгжүүлсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Сайжруулсан түлш хийсний дараа 200 тонн нүүрс бороонд норж задраад буцаагаад бэхжүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ нүүрсийг хүмүүс хэрэглээд ийм зүйл болоод байна уу гэсэн хардлага байна. Мөн дуурайлгаж хийсэн түлш байхыг үгүйсгэхгүй.

-Шинжилгээгээр түлш ямар ч асуудалгүй гэж гарсан. Харин иргэд түлшээ галлаж чадаагүй учраас ийм асуудал гарсан гэж байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдийг буруутгаж байгаад үнэхээр харамсаж байна Энэ байдал байхын бол нийслэлийн иргэд нас бараад дуусах байх. Амиа хорлох гэж хаалтаа хааж байж гал түлдэг хэн байхав дээ. Тэгээч одоо хордлогод орсон хүмүүс энэ жил ямар анх удаа гал түлж байгаа биш дээ. Өчнөөн олон жил гэрээ галлаж ирсэн шүү дээ. Төр засгийн энэ асуудал анхаарах хэрэгтэй гал түлээд 20-30 хордоод хоёр гурваа амь насаа алдаад байвал хэцүү биз дээ. Өнөөдөр бас угаарын хийд хордож амь насаа алдсан асуудал гарсан байна. Иймээс энэ асуудал анхааралтай хандах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа”-г идэвхжүүлнэ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль хүчний байгуулла

2019-10-18

“SUNSHINE VILLAGE” ХОТХОНЫ ГҮНИЙ ХУДАГ БОЛООД УСАН БАССЕЙНААС ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН САВХАНЦАР ИЛЭРСЭН

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “Саншайнь Виллаж” комплекс ХХК-иас ирүүлсэн “Саншайн

2019-10-17

Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Марроко улсын Марракеш хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 81

2019-10-17