fbpx

С.Нэргүй: Хишиг буян насны тэнгэрийг баясгах баялаг нь бумба өөрөө юм

2019-10-09 2409

Налайх дүүргийн Сайн Номуун Хийд, жил бүр сүсэгтэн олонд зориулж “Бумбаны их тахилга”-г зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Бумбаны их тахилга” болсонтой  холбогдуулан тус хийдийн Хамба Лам, доктор С.Нэргүйтэй ярилцлаа.

-“Сайн Номуун “ хийдээс сүсэгтэн олонд зориулж, жил бүр “Бумбаны их тахилга” зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа бэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн Номуун Хийдээс “Бумбаны Их Тахилга”-г зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Жил бүрийн Бумбаны тахилгаар бид нийтдээ үндсэн зургаан төрлийн бурхадын бумбыг ёсчлон тахидаг уламжлалтай. Энэ жилийн хувьд мөн ялгаагүй урьд урьдны жилд тахиж ирсэн ёс заншлынхаа дагуу 3 хоногийн турш тахилга үйлдэнэ. Сүүлийн үед олон төрлийн бурхадын Бумбыг гэр орондоо залж тахиж шүтдэг айл өрх, хувь хүмүүс элбэг болсон төдийгүй уламжлалт ёс заншил, шашин соёлоо эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн гэр оронд бурхадын Бумба байх нь хэвийн үзэгдэл болсон байна. Тийм учраас “Сайн Номуун” хийдээс зохион байгуулж байгаа, Бумбаны тахилгын гол зорилго нь бол олон төрлийн бурхадын Бумбыг гэр орондоо залж, тахиж шүтэж байгаа олон түмэнд Бумбаны талаар зөв мэдлэг мэдэгдэхүүн өгөх утга учир түүний мөн чанарыг нь тайлбарлан таниулах зорилгыг агуулж байгаа ашгийн бус шашин соёлын арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой юм.

3 хоногийн турш Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус болон Эдийн Бумбаны их тахилгын уншлагыг үйлдэнэ

– Бумбаны тахилгаар ямар бурхадын бумбыг голчлон тахидаг вэ? Энэ хугацаанд ямар зан үйлүүдийг хийдэг вэ, тэдгээрийн онцлог?

-Нийтдээ 3 хоногийн турш Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус болон Эдийн Бумбаны их тахилгын уншлагыг үйлдэнэ. Сайн Номуун Хийд дээрх олон төрлийн бурхадын бумбыг нэг дор нэгтгэн тахиж байгаараа бусад газар оронд үйлдэж байгаа тахилгаас онцлог ялгаатай юм.

Бурхад бүхэн өөр өөрсдийн бүтээлийн бумба, уншлага тарни номтой байдаг. Тэгвэл хүн төрлөхтний эд баялаг, ахуй шүтээн, ажил үйлс, цог золбоо, мөр замыг бататган дэлгэрүүлж, үгүйрэл хоосрол бүхний гэмийг амирлуулж байх үүднээс дээрх бурхадын бумбыг шүтэж тахиж ирсэн уламжлалтай.

Тухайлбал Намсрай бурханыг эрх баялагийн их хаан гэж үздэг. Энэ нь бурханы шашны арван их догшид сахиусдын нэг бөгөөд эд эдлэл, эрх баялагийг түгээн дэлгэрүүлж, үгүйрэл хоосролын гэмт үйлүүдийг амирлуулж байх ам тангарагатай учраас Намсрайн бумбыг ёсчлон бүтээж тахиж шүтдэг.

Гонгор бурхан бол бас бурханы шашиныг сахин хамгаалсан арван их сахиус бурхадын нэг. Үүний бүтээлийн бумбыг ихэвчлэн арван цагаан хишиг буян зөнгөөрөө ундран дэлгэрч, хэмжээлшгүй буяны садан сайн үйлс бүхэнтэй учирч, удам угсаа үр хойч үеэрээ хишиг буян нь хурайлан дэлгэрч залгамжлагдаж байх үүднээс шүтэж тахидаг.

Мөн Замбала бурханы Бумба гэж бий. Энэ бурхан нь эрхэм хүмүүний эд баялаг, мөнгөн сан хөмрөгийг аривжуулах үүднээс ам авсан их шүтээн. Гол төлөв олны сайн сайханы тусын тулд бие, сэтгэлээ зориулж ариун цагаан ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй эрхэм хүн бүрийн ашиг орлого, мөнгөн сан хөмрөгийг аривжуулж гарлагагүй байх, үгүйрлийн үүдийг хаах үүднээс Замбала бурханы бумбыг бүтээн залж тахидаг ёстой.

Дарь Эхийн бумба бол Ногоон Цагаан Дарь Эх бурхадын үүднээс бүтээдэг бумба бөгөөд ихэвчлэн өндөр настан, эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачуудын сайн сайханы төлөө тэдгээрийн насан хутаг батжин дэлгэрч хишиг буян нь арвидан дэлгэрч байх үүднээс Дарь Эхийн бумбыг бүтээн залж тахидаг.

Үүний дараа Лусын Бумба гэж бий. Лусын эрхэт Хаан Лүйванжалбу хэмээх бурханы өмнөөс урин залж бүтээл хийдэг. Энэ Бумбыг ихэвчлэн лус, савдаг газар орны эзэд, уул овоо хангайд өргөх буюу газар орны эздийг баясгах зорилгоор, мөн догшин газар усны хорлолыг амирлуулах үүднээс бүтээн залж тахидаг.

Дараагаар нь Эдийн Бумба, Энэ бол Норжинма хэмээх бурханы өмнөөс бүтээл хийн урин залж тахидаг. Гол төлөв цаг бусийн үгүйрэл хоосролын гэм бүхнийг амирлуулж, эд баялаг, эрхэм бүхэн хурайлах үүднээс дээрх бурхадын Бумбаны нэгэн адил тахиж шүтдэг. Эдгээр бурхадын Бумбыг ёсчлон тахина гэсэн үг.

Бумба нь нэг ёсондоо айл өрхийн хишиг буяныг хурайлан тогтоох мөн эдийн тэнгэр орших эрхэм сав

-Бумбыг яаж бүтээх бэ, Жишээ нь хувь хүн, айл өрх шинээр Бумба шүтэж тахиулахын тулд яах ёстой бэ, Энэ талаар?
– Сав болгон Бумба болоод байхгүй. Бумба түүний онцлог, бүтээх номын ёс жаяг гэдэг зүйл эрхэм бөгөөд бурхадын Бумбыг ёсчлон бүтээхэд олон янзын зай бий. Үр будаа эд, эрдэнэсийн дээжис тэргүүтэн төгс төгөлдөр 80 гаруй төрлийн үндсэн хольц багтаж байж сая ном ёсны дагуу бүтээгдсэн Бумба болно. Бумба нь нэг ёсондоо айл өрхийн хишиг буяныг хурайлан тогтоох мөн эдийн тэнгэр орших эрхэм сав гэж үздэг учраас доторх зүйл нь ч ном ёсных байж, гадна талдаа ч цэвэр ариун орчинд тахиж шүтэгдэж байж сайн сайхныг хурайлан дэлгэрүүлэх ёстой. Тийм учраас голлох эдгээр Бурхадын Бумбыг анхлан шүтэж, залж байгаа хүмүүсийн хувьд дээрх олон төрлийн Бурхадын Бумба өөрт аль нь тохирох эсэхийг судалж сонгоод, Бумбаны гарал үүсэл хаана хэрхэн бүтээгдсэнд нь анхаарал хандуулж тахиж шүтвэл зохилтой. Тахин шүтэж байгаа зүйлийнхээ мөн чанар, утга учрын талаар нарийн зөв ойлголт, анхан шатны мэдлэг мэдэгхүүнтэй байж түүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Түүнээс биш сургаар буюу даган дуурайх хэлбэрээр хандаж болохгүй.

-Бумбаны тахилгын үйл ажиллагаа сүсэгтэн олны сэтгэл санаанд хэр нийцтэй байдаг вэ, мөн Жил бүрийн тахилгын ач холбогдол нь юу бэ?

-Мэдээж хэрэг газар газраас зорин ирж байгаа сүсэгтэн олон түмнийгээ ая тухтай орчинд сэтгэл санаанд нь нийцсэн, хамтын буян үйлдэхэд нь боломжийнхоо хэрээр жил бүрийн тахилгын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд ч гэсэн өмнөх жилүүдийн нэгэн адил тахилгандаа бэлтгэж байна. Нийтийг хамарсан шашин соёлын томоохон арга хэмжээ болдог учраас уншлага номондоо бэлдэхээс авахуулаад сүсэгтэн олонд зориулсан тэдний ая тав тухыг эрхэмлэх гээд нэлээд олон хүмүүс, баг, хамт олны хүч, оролцоо шаардагддаг учраас жилдээ нэг л удаа тахилгын ажлыг үйлдэж байна. Өнөөгийн бидний нийгэм маань олон давхарга, олон үзэл бодолд хуваагдмал болчихсон ийм цаг үе. Тэр хэмжээгээрээ нийгэмд өрнөж буй үйл явдлуудыг хүн хүн өөр өөрийнхөө үзэл бодлоороо үнэлж дүгнэдэг энэ цагт, дургүйгээ гутаан доромжилж, үгүйсгэн харлуулж байдаг хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж, нийцүүлэх гэж аливаа үйлийг хийнэ гэж юу байхав. Хүний л нийгэм, хүн төрөлхтөний жам ёсны араншин нь доромжлол, магтаал, сайн муу үзэл бодлын зөрөг дээр оршдог учраас аливаа сөрөг хандалгыг эс ажиран олон түмний тусын тулд бодсон сэдсэнээ ажил болгохсон гэж тэмүүлж байгаа олон арван ажлын маань нэг нь гэж ойлгоход болно доо.

Анхлан оролцож байгаа хүмүүсийн хувьд эхлээд Бумбаны талаарх ойлголтыг сайн судлах хэрэгтэй

-Бумбаны тахилгад оролцож байгаа хувь хүн юуг голчлон анхаараасай гэж та хэлэх вэ?

-Олон жил дараалан тахилгад оролцож байгаа ихэнх хүмүүс бумбаны ач холбогдолын талаар нэлээд өргөн дэлгэр ойлголттой болсон байдаг. Анхлан оролцож байгаа хүмүүсийн хувьд эхлээд Бумбаны талаарх ойлголтыг сайн судлах хэрэгтэй судалсаны үндсэн дээр асуудалд нухацтай хандах нь чухал.

Цаг үргэлжид бидний эргэн тойронд бий болж буй бүхий л зүйл хоорондоо учир шалтгааны шижмээр уялдаа холбоотой өрнөж байдаг. Учир шалтгаан, уялдаа холбоогүй юм гэж бидний амьдралд нэгч зүйл үгүй. Тийм учраас аливаа хоосны хоосон орон зайнд учир шалтгааныг агуулсан бодитой нэгэн оршин байж л байдаг. Тэгвэл бурхад, бурхадын бумба гэдэг зүйлийг тэдгээрийн нэг гэж ойлгож болно оо.

Тэнгэр, заяа тавилангүй хүн гэж ерөөс байхгүй. Хүн бүхэн эзэмдсэн тус бүр таван тэнгэртэй. Тэгвэл эд, хишиг буян, насны тэнгэрийг баясгах баялаг нь Бумба өөрөө юм.

–Бидний хүсэлтийг хүлээн авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны буян номын ажилд амжилт сайн сайхныг хүсье.

– За баярлалаа та бүгдийн ажилд бас амжилт сайн сайхныг ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Сарантуяа: Шулсан яс, нохойн хоол зараад хорин таван жил болж байна

Хүйтний ам наашилж байгаа энэ үед айлууд дор бүрнээ өвлийн бэлтгэлээ базааж байгаа нь лавтай.

2019-10-15

Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаад эх орондоо ирсэн Д. Мөнх-Эрдэнэ

2019-10-11

С.Нэргүй: Хишиг буян насны тэнгэрийг баясгах баялаг нь бумба өөрөө юм

Налайх дүүргийн Сайн Номуун Хийд, жил бүр сүсэгтэн олонд зориулж “Бумбаны их тахилга”-г зохион байгу

2019-10-09