fbpx

Чингис хааны төрсөн өдрийг Төвд тооллоор тэмдэглэдэг болгосон Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгоно уу!

2019-11-06 698

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа

Өргөдөл бичихийн учир нь:

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шинэчлэх ажлын нэг болсон зөвлөх Р.Болдын гардан зохион байгуулсан шудрага бус ажиллагааны үр дүнд үнэнийг худал болгосон Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний IV зарлиг ёсоор “Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” гэснийг баримтлан сүүлийн хэдэн жил дараалан Чингис хаан маань жилийн өөр өөр сар, өдөр мэндэлсэн болж буй нь ухаан саруул хүний санаанд багтахгүй, олон Монгол судлаач шударга эрдэмтний сэтгэлийг гонсойлгож урмыг нь хугалсан, залуу үеийнхэнд түүхийн үнэнийг шаргуу тууштай судалгаагаар түүхийн үнэ цэнтэй сурвалжид тулгуурлан тогтоодог бус, харин хэн нэгэн эрх мэдэлтний таалалд нийцүүлж хийсэн хуурамч, өнгөц судалгааныхаа үр дүнг Ерөнхийлөгчийн зарлиг, их хурлын тогтоолоор баталгаажуулж болдог мэт сэтгэгдэл төрүүлсэн, шинжлэх ухааны судалгаанд нэвтэрсэн шударга бусын хонгилыг эвдэхийг хүсэж “Монголын нууц товчоо”-ны гурав дахь шинэ орчуулга тайлбар, “Алтан товч”-ийн хоёр дахь орчуулга тайлбар, “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-ийг хөрвүүлэг тайлбар, “Монголын нууц товчоо”-ны хэл… ном, Монгол судлалын 36 өгүүлэл бичиж хэвлүүлсэн өтөл судлаач 70 гарсан өвгөн би төрийн гурван өндөрлөг болох та гуравтаа найдан өргөдөл бичиж байна.

Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан “гуравдугаар жаран” нь төвд рабжамбын тооллын үг. 1820-иод оны үед бичсэн “Хөх түүх”-д “гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний үүр цагт мэндэлбэй… Тэмүжин хэмээн нэрийдэж шавдын их хурим үйлэдбэй” гэсэн. Чингис хааныг мэндлэх үед Хамаг Монгол Улсад төвд рабжамбын тоолол хэрэглэж байгаагүй. “Шавдын их хурим” нь шашны зан үйл, XVII зууны үеэс Монгол Улсад нэвтэрсэн.

Иймд, эл ишлэл худал. “Тэмүүжин баруун гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн”-ийг өгүүлээгүй. “Хөх түүх” нь “Эрдэнийн товч”-ийг ашигласан бөгөөд Чингис хааны Хэрэйдийн Ван хан, Найманы Таян хан, Алтан улс, Сартаул улстай байлдсан жилийг ташаа өгүүлж, Чингис хааны Их Монгол Улс байгуулсан жил (1206 он) дурдаагүй Их Монгол Улсын түүхийн хувьд үнэ цэнэгүй сурвалж билээ. Банзарын Дорж /Доржийн Банзаров/ гуай одоогоос 161 жилийн өмнө 1851 онд бичсэн Есөнгөгийн чулууны бичгийн талаарх өгүүлэлдээ Орос-улсын академич Ю.Шмидт гуайн түүхийн тайлбар хийхдээ ашигласан “Эрдэнийн товч”-ийг Чингис хааны олон байлдааны жилийг “Юан улсын судар”, “Доссоны Монголын түүх” /”Судрын чуулган”-ны хуулбар/ зэрэг сурвалжийн мэдээтэй таарахгүй болохыг өгүүлсэн ажээ. Түүхч эрдэмтэн А.Очир, эрдэмтэн Ш.Чоймаа гуай та хоёр Банзарын Дорж гуайн өгүүллийг уншаагүй юм уу, эсвэл уншаад хайхраагүй юм уу? “Хөх түүх”-ийг ашигласан “Эрдэнийн товч”-д Тэмүжинг морин жил мэндэлбэй” (Саган /Санаа/ сэцэн гуай хятад сурвалж ашиглажээ) гэснээс өөр зүйл өгүүлээгүй. Хэрэв үнэхээр Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлж, өвлийн тайлга тахилгыг Чингис хааны мялаагуудын хуримтай хамт хийдэг байсан бол “Цагаан түүх”-ийг мэдэх, Ордосын онгоны тахилга тайлгад оролцож, удирдалцаж явсан Саган /Санаа/ сэцэн гуай “Эрдэнийн товч”-доо өгүүлмээр юм. Гэтэл өгүүлээгүй.

1962, 2002 онд Чингис хааны мэндэлсэн жил, сар, өдрийг “ЛуАТ”-ийг баримтлан тэмдэглэсэн ажээ. “ЛуАТ’ нь “МНТ”-ны 268 зүйлээс 235 зүйл агуулсан төдийгүй “МНТ”-нд байхгүй Чингис хааны билиг сургаал, “МНТ”-ноос ч өмнөх үеийн түүхийн чухал мэдээтэй БНМАУ-ын бага хурлын дарга, Ерөнхий сайд А.Амар, нэрт Монгол судлаач, эрдэмтэн Ж.Цэвээн, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Ш.Нацагдорж, Ш.Гаадамба, Ч.Далай, Н.Ишжамц, Ж.Болдбаатар гуай болон Өвөрмонголын эрдэмтэн Чойжи, Сайшаал гуай нарын олон эрдэмтэн өндөр үнэлж бүтээлдээ эш татсан түүх, уран зохиолын хосгүй уг бүтээлд “Хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа улаан тэргэл өдөр дөл цагт Чингис хаан төрөв” гэснийг зохиогч Лувсанданзан гуай “Өдий төдий түүхээс… хичнээн бичүүлсэн” гэснийг үл тоомсорлон санаанаасаа зохиосон хэмээн гүтгэн алдаа ихтэй “Хөх түүх”-ийн мэдээг яагаад сонгосныг эрдэмтэн Ш.Чоймаа, А.Очир хоёр ард түмэндээ, төрийн гурван өндөрлөгтөө хариулна бизээ. “ЛуАТ”-ын эл мэдээ “МНТ’, “ЛуАТ” хоёрыг ашигласан, энэ хоёр сурвалжид байхгүй Тэмүжиний Хамаг Монгол Улсын хаан болсон жилийг хар барс жил -1182 он гэж дурдсан /энэ нь Чингис хааны үйл явдлын бусад жил, онтой яг тохирдог/ Толуйн удмын Бямба гуайн 1677 онд бичсэн “Асрагч нэртийн түүх”, “ЛуАТ’ “ийг ашигласан Рашипунсаг гуайн “Болор эрихэ”, Чингис хааны мэндэлсэн жил сар, өдрийн талаар нарийн судалгаа хийснээ өгүүлсэн Толуйн удмын Инжиннаши гуайн “Хөх судар”-т байдаг. “Лу.АТ”-ийн дурдсан мэдээ нь Рашид-ад-дины 1305 онд бичсэн “Судрын чуулган”-д хоёр удаа дурдсан “Чингис хаан жилийн дунд төрсөн” мэдээтэй нийцэж буй яах аргагүй үнэн мэдээ юм.

Эрдэмтэн А.Чоймаа, А.Очир хоёрын эрхэмлэн ашигласан 1835 оны “Сувд эрихэ”-д Тэмүжиний мэндэлсэн жил, сар, өдрийг “Хөх түүх”-тэй адил өгүүлснээс гадна Тэмүжинг “улаан нөж атган” мэндэлснийг “Улаан эрлэнэ атгасаар мэндэлсэн” гэсэн бөгөөд “Хөх түүх”-ийн алдаатай мэдээг давтсан. Бас “Болор толь”-д Тэмүжин бус харин “Хасар улаан цус атган төрсөн” гэсэн ба Есүхэй баатар, Өүлөн эх хоёул нэг жил таалал төгссөн гэж ташаа өгүүлсэн.

2011 оны 12 дугаар сард Р.Болдын зохион байгуулсан Тэмүжиний мэндэлсэн сар өдрийн талаар эрдэмтэнтэй хийсэн телевизийн ярилцлагад нэг ч хүн зун мэндэлсэн гээгүй. Хөтлөгч залуу академич Ш.Бира гуайгаас Тэмүжиний төрсөн өдрийн талаар асуухад “Би энэ асуудлыг тусгайлан судлаагүй, сайн мэдэхгүй” гэхэд 2-3 удаа давтаж асуугаад эцэст нь “Зун төрсөн үү? Үгүй юу? Тийм эсвэл үгүй гэж ганц үгээр хариулна уу” гэж тулгахад “тийм” гэсэн.
Миний 1996 онд бичсэн “Чингис хааны мэндэлсэн он, сар, өдрийг батлан өгүүлэх нь буюу Чингис хааны гурван чухал он”, “Монголын нууц товчоо” болон бусад түүхийн сурвалжийн Чингис хааны мэндэлсэн жил зэрэг чухал он үйл явдлын товчоон” хоёр өгүүлэл маань миний бичиж 2001 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчооны тайлбар” номд орж олны хүртээл болсон. Миний бичиж тайлбар хийсэн “Лу.Алтан товч. 2009” номын 67-р нүүрт “Тэмүжиний мэндэлсэн сар өдөр нь 7 дугаар сарын 7-ны өдөр” гэсэн. Зуны тэргүүн сарын эхний өдөр нь хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог аргын тооллын 6 дугаар сарын 22, өвлийн тэргүүн сарын эхний өдөр нь ес эхэлдэг хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог аргын тооллын 12 дугаар сарын 22 болохыг нотлон өгүүлсэн. Р.Болд нарын зохисгүй үйл ажиллагааны улмаас “ЛуАТ’-ийн нэр хүнд, сурвалж бичгийн судалгааны үнэ цэн буурч, түүхийн багш нар сурагч, оюутан “Лу.АТ”-ийн мэдээг өгүүлж асуухад нь “Ерөнхийлөгчийн зарлигтай”, “Их хурал шийдсэн” гэсэн үгээс өөр хэлэх юмгүй гэж тулгадаг нь хэрэг дээрээ та нар дуугуй бай гэж өгүүлсэнтэй адил.

Чингис хааны мэндэлсэн жил, сар, өдрийн талаар “ЛуАГ”-ийг баримталсан Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууныг Орос улсад томилолтоор явуулж, А.Очирын гарын үсэгтэй бичгийг Ерөнхийлөгчид хүрээлэнгийн нэрийн өмнөөс өгч, Улаанбаатарт болсон эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг захирал бус Ц.Цэрэндорж тавьсан. Өмнөх Ерөнхийлөгч, их хурлын үнэнийг худал болгосон алдааг засаж, судалгаанд нэвтэрсэн шударга бусын хонгилыг эвдэж олон Монгол судлаач эрдэмтний урам, Монгол Улсын Монгол судлалын нэр хүндийг сэргээж, залуу үе олон түмэнд үнэн ялдаг гэдгийг харуулна гэдэгт өтгөс би бээр итгэж байна.

Чингис хааны музей байгуулах зэрэг Чингис хааны судалгааг эрчимжүүлж буй энэ чухал үед юуны өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлиг, Улсын их хурлын тогтоолыг хүчингүй болгохыг хүсэж байна. Ингэснээр түүхийн сурах бичиг, судалгааны бүтээлд үнэмшилгүй ташаа мэдээ тулгадаг дэлхийд байхгүй буруу явдал зогсоно.

Улаанбаатар, СБДүүрэг VIII хорооны Зүүн сэлбийн 46-21 тоотод оршин суугч Оюут овгийн Д.Пүрэвдорж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүхийн Засгийн газраас “хөөгдөх” сайдаар Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нар нэрлэгдэж эхэллээ

-Энэ гурав дээр махны ханш өсгөсөн Ч.Улаан, замаа нээж чадаагүй Б.Энх-Амгалан, ипотекийн зээлийг “ал

2019-11-06

Монгол төрийн нууц С.Баярын компьютерт хадгалагддаг гэв үү?!

Ерөнхий сайд, Элчин сайд байсан С.Баяр гэдэг хүн сүүлийн үед цахим сүлжээнийхэнтэй жаргал зовлонгоо

2019-11-06

Чингис хааны төрсөн өдрийг Төвд тооллоор тэмдэглэдэг болгосон Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгоно уу!

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлы

2019-11-06