Л.Баатар: Өвөрмонголчууд Монгол бизнес эрхлэгчдийг татах бодлого гаргасан

2017-06-19 Ярилцлага 0

Монголчууд бид дэлхийн зах зээлд уул уурхай, ашигт малтмал зэргээр танигдаж, яригддаг болсон. Харин сүүлийн үед Монгол залуучууд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ шударга өрсөлдөж гадаад зах зээлд тэр дундаа Орос,Хятад гэсэн хоёр хөршөө түшиглэн бизнес хийх нь оновчтой гэж үзэн тэдний зах зээлийг судлах болж. Тиймээс БНХАУ руу бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад тус болох үүднээс Монгол- Өвөр Монголын бизнесийн холбооны тэргүүн Л.Баатартай ярилцлаа.

-“Монгол- Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо”-ны талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Манай холбоо Монгол Улсад үйл ажиллагаагаа  зургаа дах жилдээ явуулж байна. Бид  Өвөр Монголоос Монгол руу хөрөнгө оруулалт оруулах хүсэлтэй компани болон иргэд Өвөр Монголын соёлын байгууллагуудыг холбогдох хүмүүстэй нь уулзуулж зуучилж өгдөг. Мөн Өвөр Монголын засгийн газраас Монгол Улсад нэвтрүүлж буй төсөл хөтөлбөр дээр хамтарч ажилладаг. Сүүлийн үед бараа бүтээгдхүүний үзэсгэлэн, компаниудын форум уулзалт, аж ахуй нэгжүүдийн төслийн танилцуулага зэрэг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монголын эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед гадны  хөрөнгө оруулагчидыг ихээр татах хэрэгтэй.  Тиймээс манай холбооны гишүүн байгуулагууд энэ тал дээр түлхүү ажиллах шаардлагтай гэж үзэж байгаа.

-Танай холбоонд бүртгэлтэй хичнээн Өвөрмонголчууд Монголд бизнес эрхэлдэг вэ?

-Монголд үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун компани бий. Гэхдээ манай холбоон дээр гишүүнээр бүртгэлтэй 300 гаруй компани, хувь хүмүүс байна. Эдгээр газрууд хамгийн их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн салбар нь уул уурхай, барилга, том оврын техник төхөөрмжийн импорт. Зарим нэг нь үйлдвэр байгуулаад ажиллаж байна. Тухайлбал: Ган бөмбөлөг, ган төмрийн үйлдвэр бий. Барилгын материалаар хамгийн том компани нь “Мөнхийн баян гал” гэж Өвөрмонголын цементийн үйлдвэр бий. Тус үйлдвэр дээр 100 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Мөн зоогийн газар, хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч бий. Сүүлийн үед харин хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Гэхдээ Монголын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татахад цаг агаар, дэд бүтэц нь хүндрэлтэй байдаг.

-Гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийхэд манай бизнесийн орчин хэр таатай вэ?

-Сайн муу хоёр талтай. Сайн тал нь гэвэл байгалийн баялаг ихтэй татварын ачаалал бага. Муу тал Монголын хууль тогтворгүй. Хөрөнгө оруулалт хийгээд ажил эхлээд явж байтал хууль эрх зүйн орчин нь өөрчлөгддөг. Энэ нь хөрөнгө оруулагчдад ихээхэн хүндрэл учруулдаг. Олон хүн ажилладаг барилгын салбар дээр гадаадын ажилчдын квот дээр хүндрэл их гарна.  Хүмүүс ойлгохдоо Хятадууд орж ирээд ажлын байр булааж байна гэдэг. Угтаа бол барилга дээр Хятад хөрөнгө оруулагч өөрийн нутгийн хүнээ авч ирж ажиллуулах нь маш их хохиролтой байдаг. Цалинг өөрийн нутагт ажилладагаас  илүү өгөх,  татвар замын зардлыг нь төлөх, виз  авч өгөх гээд бүх талаасаа хөрөнгө оруулагчдад хүндрэл ирнэ. Иймээс хөрөнгө оруулагч хүмүүс өөрийн нутгасаа ажилтан авчрах сонирхолгүй. Гэвч өнөөдрийн Монголын хөдөлмөрийн зах зээл дээр   мэргэжилтэн дутмаг байдаг учраас өндөр төлбөр төлж Хятадаас авч ирэхээс  өөр сонголт байдаггүй. Хөрөнгө оруулагчид нэмэгдэж эдийн засаг хөгжихийн хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Тиймээс Монголчууд мэргэжилтэй мэргэжилтнээ бэлтгэх шаардлагатай байна.

-Гадны хөрөнгө оруулалт татах тал дээр танай холбоо яаж ажиллах бодолтой байна вэ?

-Эхлээд хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол руу татаж энд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж ахуй нэгжүүдтэй холбох зорилт тавьж байна. Дараа нь Монголдоо бизнес эрхлэгчдийг гадны зах зээлд гархад нь тусалж дэмжих тал дээр нь хамтран ажиллана. Бизнес эрхлэгчид маань гадны зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ сурталчилах хүсэлтэй байна уу эсвэл Хятадад үйлдвэрээ байгуулаад ажиллах сонирхолтой байгаа  зэргийг нь харгалзан үзээд дэмжиж ажиллана.

Өнөөдөр БНХАУ-ыг хөгжсөн хэмээн харж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт тэдэнд хамгаас чухал юм. Тиймээс гаднаас хөрөнгө оруулагч татах тал дээр маш урт хугацааны бодлого явуулна гэж зарласан.  Хятадад болон Өвөр Монголд дэлхийн маш олон компаниуд үйлдвэрээ байгуулаад амжилттай ажиллаж байна.  Үүнээс үзэхэд Монголчууд Хятадын зах зээл дээр компаниа байгуулаад явахад амжилтад хүрэх өргөн боломж байна гэдгийг дуулгахад таатай байна. Хятад бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг маш сайн хэрэгжүүлж ирсэн улс юм. Үүнийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлхийн нэртэй том үйлдвэрүүд нөлөө бүхий компаниуд Хятадад бүгд салбараа нээдэг.  Нэг хэсэг Азийн хямрал  гэх том хямрал болоход Хятадад салбартай  компаниудын Хятадад дах салбар хямраагүй.  Тэр ч байтугай Хятад дах салбар нь төв салбараа хямралаас гаргаж өөд нь татсан олон жишээ байдаг.   Хятад улс хөгжлийн бодлого доо шинэ үзэл баримтлалыг нэвтрүүлж байна. Энэ нь хуучин бодлогоор явахад зарим салбар  дээр тэнцвэр алдагдаж хүндхэн  байдалд  орсон учраас тэр л дээ. Тиймээс цаг үеэ соргог мэдэрч шинэ хөгжлийн шат руу орж байна. БНХАУ-ын өнгөрсөн оны ардын их хурлаар 45 их наяд юанийн хөрөнгө оруулалтыг улсаас хийнэ гэж зарласан. Энэ бол маш их тоо.  Азийн хямралын үеэр Хятад улс 4 их наяд юанийн хөрөнгө оруулалтыг хийгээд татсан. Энэ удаад бол 45 их наяд гэхээр түүнээс 10 дахин их хөрөнгө оруулалтыг хийгээд татна гэж тооцоолж байна. Ингэснээрээ тэд эдийн засгийн байдлаа маш хурдан хугацаанд сайжирна гэж үзэж байгаа.

-Саяханаас манай залуучууд Хятадын зах зээлд бараа бүтээгдхүүнээ гаргах тухай их ярих боллоо?

-Энэ асуудалыг Монголчууд саяханаас ярьж эхэлж байна. Манай холбоо ч мөн адил эхлээд Монгол руу хөрөнгө оруулагчдыг татах бодлоготой байсан бол өнөөдөр Монголын хөрөнгө оруулагчдыг гадны зах зээл рүү гаргах тал дээр ажиллаж хэрэгцээ шаардлага үүсэж байгаа учир энэ тал дээр ажиллаж байна. Энэ бол маш зөв алхам. Өнөөдрийн байдлаар “Эхлэл” брэнд компани Монголдоо үйл ажиллагаагаа эхлүүлээд Хятадын Гуанжу мужид компаниа байгуулсан байна. Гуанжу бол Хонг Конгтой  ойр учир хоорондын холбоо сайн байдаг. Тэнд компаниа байгуулвал Хонг Конгийн зах зээл дээр гарах боломж маш өндөр байдаг.

-Монголын бизнес эрхлэгчид ямар бүтээгдхүүнээр Хятадын зах зээл рүү гарах боломжтой вэ? Мэдээж бид Хятадыг давсан үйлдвэрлэгч биш шүү дээ?

-Монгол бараа Хятадад нэр хүнд сайтай. Мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, гар урлал, урлагийн бүтээлүүдээрээ  Хятадын зах зээлд өндөр байр суурь эзлэх боломжтой. Монголын уран зураг өнөөдөр Хятадын зах зээлд үнэлгээ өндөртэй байдаг. Үүнийг дагаад үндэсний урлаг болох хөөмий, бүжиг, дуу зэрэгээ үзүүлбэр болгон гаргах хэрэгтэй. Өвөрмонголчууд үндэсний урлагаа Хятадуудад түгээн дэлгэрүүлж байгаа ч миллард хүн амтай  учир тэр бүр хүмүүс сайн мэдэхгүй байна. Урлагийн энэ салбарт Монголчууд зах зээлээ нээж болно. Эхний ээлжинд  Монголчууд бараа бүтээгдхүүнийхээ тоог олшруулж чадвал эрэлт нь байгаа зах зээл дээр ашиг олох боломж өндөр.  Хятадад  бизнес эрхлэх гэж буй залуучууд зах зээлээ маш сайн судлах хэрэгтэй. Тэгэж байж юу хийх боломжтой вэ гэдэгээ олж харах юм.

-Өвөрмонголын Шилийн гол аймгийн  Шилэн хотод бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдлүүлэх талаар та ярьж байсан тэр тухайгаа дэлгэрэнгүй яриач?

-Шилийн гол аймгийн Шилэн хотод 100 гаруй мянган хүн амьдардаг. Олон улсаас ирдэг жуулчдын урсгал тасардаггүй хот.  Энэ хотод олон улсын худалдааны төв хотхон байгуулагдаж Орос, Монгол бизнес эрхлэгчдийг татах бодлого гаргасан. Хэрвээ Монголчууд очиж дэлгүүр түрээслэж ажиллах юм бол эхний жил түрээсээс чөлөөлнө. Дараа жилээс нь маш бага түрээс төлөөд ажиллах боломжтой. Өнөөдрийн байдлаар тэнд Монгол талаас цөөн хэдэн компаниуд орсон байгаа. Хэрвээ олон Монгол компаниуд тэнд очоод бараа бүтээгдхүүнээ борлуулах юм бол энд Монгол бүтээгдэхүүн зарагддаг гэх уур амьсгал үүснэ. Түүнийгээ дагаад хэрэглэгчид Монгол бүтээгдхүүнийг зөвхөн тэндээс авна гэж зорьж очдог болох таатай боломж нээгдэж байгаа юм.

-Та хоёр улсын бизнес эрхлэгчдийн  холбогч гүүр болж байгаагийн хувьд манай улсын эдийн засгийг хэдий хугацааны дараа сэргэнэ гэж  харж байна. Бид нар хөрөнгө оруулагчид ихээр татахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд Монголчууд эдийн засгийн зөв ойлголттой болох хэрэгтэй. Монголын эдийн засаг өнөөдөр юунаас болоод уналтад орсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ногоон эдийн засагтай больё гэж ярьж байна. Энэ бол зөв. Хөдөө аж ахуйн салбар бол хөрөнгө оруулалт ихтэй, ашиг багатай урт хугацаанд явж байж бодит ашигаа өгдөг бизнес. Эдийн засагаа тогтвортой барьж байя гэвэл хөдөө аж ахуйн  салбарыг улс бодлогоор дэмжих хэрэгтэй. Харин хямралаас хурдан хугацаанд гарья гэвэл уул уурхайгаа түших нь мэдээж. Ашигаа маш хурдан хугацаанд өгнө. Монголыг дэлхий нийт зэсний эх орон гэж ярьдаг байлаа. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэр гучин жилийн туршид улсын төвийн ихэнх хувийг бүрдүүлж байсан. 2010 оноос эхлээд Хятад улсад нүүрсний хэрэгцээ ихээр гарч Монголоос их хэмжээгээр нүүрс худалдаж авсан. Энэ үеэс эхлээд зэснээс илүү нүүрсний орлого давамгайлж эхэлсэн. Ингээд 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. 17 хувьд хүрсэн гол шалтгаан нь нүүрс юм. Сүүлийн үед Хятадын эдийн засаг дотоодын зохицуулалт хийгээд зарим нэг салбар нь саадтай болоод нүүрсны хэрэгцээ багассан. Үүнийгээ дагаад нүүрс  бусад уул уурхайн бүтээгдхүүний эрэлт Хятадын зах зээлд эрс буурч  Монголын эдийн засаг уналтад орж байна. Эдийн засаг нэг зүйлээс хараат байж болдоггүйн тод жишээ. Гэхдээ өнөөдөр Хятадын эдийн засаг сэргэж байна. Үүнийг дагаад уул уурхайн бүтээгдхүүний эрэлт ихэснэ. Энэ үед Монголчууд уул уурхайн салбараасаа мөнгө босгож бусад салбаруудадаа хөрөнгө оруулалтаа хийж дэд бүтэцээ сайжруулж  чадвал эдийн засаг нь нэг салбараас хараат болохгүй. Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ салбар бол төрөөс дэмжлэг шаарддаг салбар. Дээр нь залуучуудаа мэргэжилтэн болгож бэлтгэх хэрэгтэй. Ингэж чадвал Монгол улс хөгжих зам ойрхон байна.

-Бид үйлдвэрлэгч болвол  эдийн засагаа тогтвортой байлгаж чадна гэсэн санааг дэвшүүлэх хүмүүс олон болсон. Бодит байдал дээр үйлдвэрлэгч болох  нөхцөл бидэнд хэр зэрэг байна вэ?

-Үйлдвэрлэгч болох нь  зөв. Энэ буруу бодол биш. Гэхдээ бодит байдал дээр яг юу хийх үү, ямар юмыг хийж чадах, зах зээл дээрх  бусад бүтээгдхүүнээс илүү чанартай хямд үнээр борлуулагдаж чадах уу гэдэгээ маш сайн бодох хэрэгтэй. Импортын бүтээгдхүүнийг орлох хэмжээний,  үнийн хувьд түүнтэй адил байвал болж байна. Ядаж  валютын ханшийг тогтвортой хэмжээнд барьж чадна.

Өвөрмонголчууд яг ийм гашуун зовлонг туулсан туршлагхтай. 1980  онд Өвөрмонголчууд Хятадууд бидний ноосыг авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж бидэнд зарж байна. Яагаад заавал бид түүхий эдээ тэдэнд өгөх ёстой гэж өөрсдөө үйлдвэрлэгч болье гэж нэг хэсэг шуугисан. Тэгээд үйлдвэр байгуулсан  ч хэдэн жилийн дараа маш хүнд байдалд орж бүгд дампуурсан. Шалтгаан нь тэдэнд технологи, мэргэжилтэн, зах зээл нь байгаагүй. Бизнест зах зээлийн тусгай бүс гэж байдаг. Нэг бүсэд нэг л бүтээгдэхүүн зарагддаг. Жишээ нь: Хятадууд ноосыг нарийн, бүдүүн гэж ангилаад бүтээгдэхүүн гаргадаг. Хамгийн эцсийн үлдэгдэл болох шаарыг нь хүртэл бүтээгдэхүүн болгон зардаг. Гэтэл Өвөрмонголчууд ноосноос сайныг авч бүтээгдэхүүн гаргаад мууг нь хаяна. Ингэхээр эдийн засгийн өгөөж бага. Үйлдвэрлэгч байхад мэргэжлийн ажилтан хэрэгтэй. Инженерийг бол хаанаас ч урьж авчраад ажиллуулж болно. Харин бүх зүйлийг гардаж хийх ажилтан бол тусдаа бэлтгэгдсэн хүн байдаг. Чадах бол үйлдвэрлэгч бай. Чадахгүй бол түүхий эдийн сайн нийлүүлэгч бай. Австрали бол хамгийн сайн түүхий эд нийлүүлэгч. Тэд хонины ноосныхоо 80 хувийг 30 жилийн туршид Хятад улсруу нийлүүлж ирсэн. Өндөр  хөгжилтэй тэр улс яагаад эцсийн бүтээгдэхүүн хийгээд Хятад руу нийлэхгүй  заавал түүхий эд нийлүүлж байгаан. Өнөөдөр Хятадын гаднаас авч буй нүүрсний нийлүүлэлтийн хамгийн их хувийг  Монгол биш Австрали улс эзэлдэг. Австралчууд Хятадад нүүрс, төмрийн хүдэр, ноосоо өгдөг. Өөрсдөө яагаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж дэлхийн зах зээлд нийлүүлэхгүй байгаа вэ гэхээр маш нарийн бодлого явагдаж байна гэсэн үг. Магадгүй түүхий эд нийлүүлэгч байх нь эцсийн бүтээгдэхүүн гаргахаас өндөр ашигтай байж болох талтай. Сайн үйлдвэрлэгч байж чадахгүй бол сайн түүхий эд нийлүүлэгч бай. Австралийн коксжих нүүрс бол угаасан, ангилсан маш өндөр түвшинд стандартчлагдсан байдаг. Тэгэхэд Монголчууд нүүрсээ шууд ухаад аваачаад өгдөг. Монгол нүүрсийг цаана нь асуудалгүй авдаг учраас заримдаа тохиолдолд хагас нь шороо,  чулуу ухаад холиод өгдөг. Энэ нь овоолсон хог болж түншлэлийн итгэл алддаг. Монголчууд энэ сэтгэхгүйгээсээ салж чадвал урт хугацааны бизнесийн түнштэй болж чадна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

“Асарч хамгаалж чадахгүй бол ядаж хүүхдийнх нь мөнгийг хүүхдэдээ өгчих”

Сар бүр олгодог хүүхдийн 100 мянган төгрөг, Засгийн газрын дэмжлэг болох 300 мянган төгрөгийн ал

2021-04-30

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль