The Hu хамтлаг дэлхийг байлдан дагуулсныг батлах амжилтууд

2019-12-23 Амжилт

Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй “The Hu” хамтлаг 2019 онд амжилт, бүтээлээр арвин байлаа. “Бид 2019 онд хийх ёстой ажлуудаа амжилттай хийж дуусгалаа. “The Hu” хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн.

АНУ-д байхдаа дөрвөн ч дуугаа клипжүүлж, хоёр, гурван ч дуу шинээр бичүүлсэн амжилттай шинэ оноо угтах гэж байна” хэмээн хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог хэлсэн юм. Ингээд тэдний 2019 оны амжилтуудаас сонирхуулъя.

МОНГОЛ ХАМТЛАГ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА “BILLBOARD”-ИЙГ ТЭРГҮҮЛЭВ

Монгол хамтлаг түүхэндээ анх удаа “Billboard”-ийг тэргүүлсэн нь “The Hu”. Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог нь өнгөрөгч дөрөвдүгээр сард “Billboard”-ийг тэргүүлж, тэдний араас Солонгосын алдарт BTS хамтлагийн Map Of The Soul: PERSONA жагссан юм. Ийнхүү ийнхүү хэдэн долоо хоногийн турш billboard-ийг тэргүүлсэн BTS-ийг “The Hu” хамтлаг ардаа орхисон нь тэдний анхны амжилт байлаа.

Youtube орчнооc The Hu-ийн дууг сонсохоор өдөр бүр ханддаг олон сая хэрэглэгч маш идэвхтэйгээр тэдний шинэ цомгийг худалдан авч байна. Хамтлагийн” The Gerege” цомог iTunes Chart-д хоёрдугаарт жагссан бөгөөд тэдний өмнө дуучин Yanny-гийн Ultimate Yanni хэмээх цомог тэргүүн байрыг эзэлсэн билээ.

ЕВРОПЫГ БАЙЛДАН ДАГУУЛСАН НЬ

“Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж буй тэд дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болж эхэлсэн. “The Hu” хамтлагийнхан 2019 оны зургадугаар сарын 6-наас долдугаар сарын 6-ны өдрүүдэд Европын аялан тоглолтоо хийсэн. Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоороо 13 улсад нийт 23 тоглолт хийж, хамгийн их үзэгчтэй дэлхийн найман рок фестивальд оролцоод ирсэн тухайгаа ярьсан юм.

“ГЭРЭГ” ЦОМОГ ДЭЛХИЙ ДАЯАР ЭРЭЛТ ҮҮСГЭВ

Тэдний “The Gereg” цомгийн нээлт есдүгээр сарын 13-нд АНУ-д болж, дэлхий даяар худалдаалж эхэлсэн. “The Gereg” цомог нийт есөн дуутай. Үүнд: “The Gereg”, “Wolf Totem”, “The Great Chinggis Khaan”, “The Legend of Mother Swan”, “Shoog Shoog”, “The Same”, “Yuve Yuve Yu”, “Shireg Shireg”, “Song of Women” зэрэг дуунууд багтаж байгаа юм.

АЛДАРТ ДУУЧИН ЭЛТОН ЖОН “THE HU” ХАМТЛАГИЙГ ОНЦЛОВ

Алдарт дуучин Элтон Жон Монголын хүннү рок хамтлагийн шүтэн бишрэгч болсон тухайгаа твиттер хуудас болон “Rocket hour” хөгжмийн нэвтрүүлэгээрээ дамжуулан хэлжээ. Тэрбээр “The Hu” хамтлагийг маш гайхалтай хэмээгээд ойрд ийм гайхалтай хөгжим сонсоогүй гэжээ.

Мөн өөрийн хөтлөн явуулдаг хөгжмийн нэвтрүүлэгээрээ “The Hu” хамтлагийн “Yuve Yuve Yu” дууг онцолсон байна.

АВСТРАЛИЙН АЛДАРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ МИЧ ЧАРЬЛТОНЫ ХАРААНД ӨРТӨВ

Австралийн алдарт хөгжмийн зохиолч, тоймч Мич Чарьлтон урлаг судлаачдын дунд алдартай нэгэн. Тэрбээр Монголын “The Hu” хамтлаг “ The Gereg” цомгийн талаар шүүмж, магтаал нийтлэл бичсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

“Хөгжимд хил гэж үгүй, хязгаар гэж байхгүй. Бразилд Сепултюра, Германд Раммштайн, Австралид Эй-Си Ди-Си, харин одоо Монголд “The Hu” байна. Дорно, Өрнө халз тулгарсан газраас та бидэнд одоохондоо хөгжмийн ертөнцөд буй бүхнээс тэс өөр, жинхэнэ язгуурыг авчирч байгаа нь энэ. Эдгээр Монгол залуус ой тоонд багтамгүй аялгуугаараа дэлхий дахинд өөрсдийн соёлоо таниулж байна. “The Hu” хамтлаг, басхүү, тоглож байгаа хөгжмийг таалахын тулд дуулж байгааг заавал бүрэн ойлгох ёстой бишийг ч баталж байгаа юм” гэж тэрбээр нийтлэлдээ онцолжээ.

ТЭД ХОЙД АМЕРИКИЙГ БАЙЛДАН ДАГУУЛЛАА

Хойд Америк дахь аялан тоглолт нь есдүгээр сарын 11-нээс эхэлж, арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолт хийсэн.

Тус хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрах “Бид Хойд Америкийн 50 гаруй хотод 60 гаруй амьд тоглолтыг амжилттай хийж, эх орондоо ирлээ. Хамтлагийн маань бие даасан тоглолтын билет ихэнх нь зарагдаж дууссан. Мөн дэлхийн хамгийн алдартай олон улсын фестивалиудад тоглолоо. Бидний тоглолтыг үзэх гэж асар олон хүн цугласан байсан. Тоглолт эхлэхээс цагийн өмнө үзэгчид “Хү хү хү” хэмээн орилж байсан. Хамтлагт маань олон улсын фестиваль зохион байгуулж байсан хүмүүс тусгайлан баяр хүргэсэн. Бид маш их урмыг авсан. Өдөр болгон тоглолтын бэлтгэлээ хийж байсан. Цаашдаа улам их хичээх болно” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

“THE HU” ХАМТЛАГТ ЧИНГИС ХААНЫ ОДОН ГАРДУУЛЛАА

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн Монгол бахархлын өдөр /2019.11.27/ “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг олгосон билээ. Анх 2005 оноос Чингис хаан одонг олгож эхэлсэн бөгөөд энэ жил “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондогт тус одонг гардуулсан юм.

ЖЭЙКОБИ ШАДДИXТАЙ ХАМТРАН “WOLF TOTEM” ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ГАРГАЖЭЭ

“The Hu” хамтлаг АНУ-ын рок хамтлаг “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран “Wolf Totem” шинэ уран бүтээлээ гаргажээ. Уг клипийг youtube сайтад байршуулсан, одоогоор 116.080 хандалтыг аваад байна.

“Папа Роач” хамтлагийн тухайд 2000 онд Infest цомгоороо нэр алдарт хүрч байжээ. Анх 1993 онд байгуулагдсан Калифорни мужийн Вацавиллээс гаралтай Америкийн рок хамтлаг нь юм. Хамтлагийн амжилт нь тэдний Lovehatetragedy (2002) алтан цомог, Getting Away with Murder (2004) платинум цомог, 2006-т The Paramour Sessions зэргээр үргэлжилж байв. Ингээд The HU болон “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран дуулсан шинэ уран бүтээлийн клипийг танилцуулъя.

ИРЭХ ОНД ЯПОН УЛСАД ТОГЛОЛТОО ХИЙНЭ

“The Hu” хамтлаг ирэх онд Япон улсад тоглолтоо хийхээр төлөвлөөд буй. Тодруулбал, “THE GEREG TOUR JAPAN-2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас Umeda Club Quattro клубт тус тус тоглох юм байна. Тасалбарын хувьд 7000 иенийн үнэтэй худалдаалагдах аж.

Ийн олон улсад Монголын рок урсгалыг амжилттай таниулж буй “The Hu” хамтлаг эх орондоо ирээд удаагүй ч 2020 оны нэгдүгээр сард Европыг дахин байлдан дагуулахаар шинэ оны төлөвлөгөөндөө багтаажээ.

 

Холбоотой мэдээ

Б.Доржпагмын үзүүлбэр Дэлхийн шилдэг үзүүлбэрт багтжээ

"VOICE mongolia" нэвтрүүлгийн С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийн багийн уянгалаг хоолойтой, үзэсгэлэн

2020-06-12

Монголчууд азийн АНХНЫ ВИРТУАЛ модель АМАРА-г бүтээжээ

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугиж зарим

2020-05-19

Гэрэл зургийн үнэгүй сургалтыг сонирхоорой

Nikon  компани 250 ам.доллараар үнэлэгдэх сургалтаа үнэгүй болголоо. Ихэнх цагаа гэртээ өнгөр

2020-04-03