fbpx

“Тарвалин” хийдийн Да лам Ч.Гантулга: Хур бороотой, тариа будаа элбэг, мал сүрэг арвижих сайхан жил гарна

2020-01-09 8517

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил хоёрдугаар сарын 24-нд гарах гэж байна. Хулгана жил монгол түмний хувьд ямар байх талаар “Тарвалин” хийдийн Да лам, гэвш Ч.Гантулгатай ярилцлаа.

Хувьтай хүн хулгана жил үзнэ гэж монголчууд ярьдаг. Удахгүй гарах хулгана жил монголчуудын хувьд ямар жил байхаар зурхайд буусан байна вэ?

Нийтийн он тооллоор нэгэн шинэ арван эхэлж байгаатай адил 12 жилийн хамгийн эхний жил болох Хулгана жил гарах гэж байна. Ургаж буй хулгана жил нь долоон улаан мэнгэтэй, төмөр суудалтай, өтлөхүй, үхэхүй шүтэн барилдлагатай, амь ус, бие шороо, эрхтэн төмөр, хийморь мод, сүлд төмөр махбодьтой. Зурхайн ухаанаар үхэр хөтөлсөн хүний дүрээр тухайн жилийн өнгийг шинждэг. Тухайн жилийн зурлага дээр үхрийн гэдэс цагаан бол хур тунадас ихтэй, толгойн хэсэг ногоон бол ургамал ногоо элбэг зэргээр тайлах өөрийн аргатай. Энэ дагуу манай зурхайчид хулгана жилийн өнгө ямар байхыг зурж гаргасан.

Үхрийн тухайд толгойн хэсэг нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хэсэг хөх, эвэр, чих, сүүл хэсэг улаан, дөрвөн шийр, ходоод, ногт хэсэг шар, амаа ангайж, сүүлээ зүүн тиш шарвасан байдалтай байна. Үхэр хариулаач нь царай хэсэг шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан. Хөх өнгийн гутлаа өмсөж, мяндсаар томсон, бургасан, улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд дүртэй. Үхрийн өмнө яаравчлан гүйж байгаагаар дүрслэгдсэн байна.

Эндээс үзэхэд нялхаст сайн, өвгөд хөгшид, өндөр дээд суудалтанд дунд зэрэг, залуус буюу дунд суудалтанд харш, муу талдаа байх нь. Гэсэн хэдий ч залуу хүний ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх сайн талтай. Улс орны хэмжээнд иргэдийн амьдрал дунд байна. Төрийн хууль цааз чанд хэрэгжиж, улс орон амар төвшин байх боловч төр, иргэний харилцаа амаргүй, хулгай дээрэм элбэгших нигууртай. Хямрал тэмцэл ихтэй жил болохоор буусан. Хүйтэн чанарын, лусын өвчин гарах магадлалтай.

Жилийн ба улирлын эхэнд буюу зун, намрын сард цас бороо, хур тунадас ихтэй. Хавартаа хатуу, цастай. Багахан алтаа усархаг бороотой. Жилийн турш салхи тогтуун, өвөлдөө дулаан, тал нутаг, нам дор газар ургамлын гарц сайн. Тариа, хүнсний ногоо, ургац арвин. Малд сайн жил гарч байна.

Хулгана жилд ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ?

Энэ жил долоон улаан мэнгэтэй жил орж байгаа тул мэнгэ голлож байгаа хүмүүс заслаа хийлгэх хэрэгтэй. Жил орж байгаа 13, 25, 37, 49, 61, 73, 85 настай хүмүүс жилийн заслыг хийлгэх ёстой. Хулгана жилд морь жил их харш байдаг. Тиймээс морь жилтнүүд дүнсэр гэдэг заслыг хийлгэх хэрэгтэй. Мөн туулай, тахиа жилтнүүд бага харш тул тухайн жилийн онцлогоос хамаарч Наш дүрсэм заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Мөн ивээл жил нь орж байгаа луу, бич жилтнүүд ивээл жилийн Түнсэм заслыг хийлгэх нь зүйтэй.

Заслыг хэзээ хийлгэх нь зөв бэ?

Манай зарим багш нар эрэгтэй хүн тухайн жилээ угтаж нэг, орсны дараа нэг хийлгэх, эмэгтэй хүн жил орсны дараа болон гарсны дараа тус бүр нэг удаа хийлгэх зөв гэж хэлдэг. Гэвч тухайн хүний сүсэг, гэр бүлийн уламжлал, зурхайн зурлагаас хамаарч хүн өөрийн хийлгэдэг цаг, өдрөө сонгох нь зөв. Заслын тухайд Наш дүрсэм, Түнсэмээс гадна Дүнсэр, Шишиг зэрэг олон янзын засал байдаг. Энэ бүгдийг тухайн жилдээ хүн ямар заслыг онцгойлон хийх ёстой байна гэдгээ хараад хийлгэж байх хэрэгтэй. Бид эрдэнэт хүний биеийг олж төрсөн их хувь заяатай. Тиймээс энэ биеэ тэтгэж, өвчин зовлонгүй, барцадгүй амар мэнд, эд буян арвин сайн сайхан байхын тухайд авч явах ёстой юм.

Ер нь заслыг хийлгээгүйгээс бие эрхтэн доройтох, гаднын харшилтат шалтгаан эрэх, хий, шар бадганын өвчин тусах, санаандгүй бэртэж гэмтэх зэрэг олон муу зүйл тохиолддог.

Зарим хүмүүс засал ном хийлгэхэд ач холбогдол өгдөггүй. Ялангуяа залуус. Засал ном хийлгээгүйгээс үүдэх сөрөг үр дагавар байдаг уу?

Бурхны шашны үүднээс гэмтлийн эмнэлэгт судалгаа хийсэн байдаг. Тус судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 80 орчим хувь нь зурхайн үүднээс авч үзвэл Наш дүрсэм засал хийлгэхээр байж таарсан. Хамгийн сонирхолтой нь тэд бүгд уг заслыг хийлгээгүй байсан. Энэ заслыг хийлгэхгүй бол гэмтэж бэртэх, цаг бусын барцад саад учирдаг.

Та хүйтний өвчин эрэх, лусын хорлолд өртөх тухай дурдлаа. Энд ямар төрлийн өвчнийг хамааруулж ойлгох вэ?

Хүйтний өвчин гэдэгт ханиад томуу, яр шарх зэргийг хамааруулж үздэг. Лусын өвчин гэдэгт бэлхүүснээс доош янз бүрийн яр шарх, хөл, үе мөчний, халдварт, хавдрын төрлийн өвчнүүд багтаж байдаг. Лус нүдгүй гэж ярьдаг учраас ямар ч хүнийг хорлож болно. Тиймээс та хэн байх, тухайн жил ивээл сайн жил байхаас үл хамаарч лусын номыг маш сайн уншуулж байх хэрэгтэй. Би ч өөрөө лусын номыг байнга уншуулдаг. Хүн төрөлхтөн өөрөө байгаль дэлхийгээсээ тэтгэгдэж, эндээс амьдралынхаа ундаргыг авдаг шүү дээ. Тиймээс эх дэлхий, лус савдгаа аргадаж байх нь зүйн хэрэг.

Ер нь хий, шар бадгана гэж уламжлалт анагаах ухаанд судлагдахуун бий. Эндээс нийтдээ 404 төрлийн өвчин үүсдэг. Үүний 101 өвчин эмгэгт заавал засал ном уншуулж хавсарсан засал, эмчилгээ хийж байж бүрэн эдгэдэг гэж үздэг. Тухайлбал зарим хүмүүс эмнэлгээр байнга явдаг, олон төрлийн эмчилгээ хийлгэсэн ч сайжирдаггүй. Үүний шалтгаан миний дурдсан 101 өвчний аль нэгээр өвдсөн байж болзошгүйг харуулж байгаа хэрэг. Хүний шашин шүтлэг, итгэл үнэмшил олон янз байдаг учраас бурхны шашинтай хүмүүс үүнийг анзаарч байх хэрэгтэйг хэлье.

Зурхайд төр, иргэний хооронд тэмцэлтэй гэж буусан байна. Энэ бүхэн юутай холбоотой гэж харж байна?

Хэрэв зурхайд тэмцэлтэй, бэрхшээлтэй гэж буусан бол түүний учир шалтгаан, үүслийг зөв оношилж засахад болно. Төр, иргэний хооронд тэмцэлтэй гэж байгаа бол эв түнжингээ батжуулж, буруу үзэлгүй байх хэрэгтэй юм. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэж үгтэй. Тиймээс манай төрийг барьж буй дээдэс маань хийж буй үйлдэл, бодлого шийдвэртээ анхаарах шаардлагатай юм.

Зарим зурхайчид 2020 оны сонгуульд аль нам ялахыг зурж, хэлэх боллоо. Энэ хэр боломжтой зүйл вэ?

Тэр нам ялна, энэ нь ялахгүй гэж хэлэх боломжгүй.

Тарвалин хийд байгуулагдаад багагүй хугацааг ардаа орхисон байна. Танай хийдийн онцлог юу вэ?

Манай хийд 2007 онд үүсгэн байгуулагдсан. Бид бүгд Шашны их сургуулийг дүүргэсэн. Манай хийдийн хамба лам Ариунболд Баянхошууны хийдэд хурж байгаад 2007 онд тус хийдээс тасарч уг хийдийг байгуулсан түүхтэй.

Бурхны шашны Гэлүг-ва, Нингма-ва, Сажа-ва, Гарма-ва гэж дөрвөн урсгал бий. Манай хийд гадаад дүр байдал нь Гэлүг-ва, дотоод төлөв байдал Нингма-ва буюу улааны урсгалын хийд. Хийдийн гол онцлог нь Жод лүүжин уншдагаараа онцлог. Жод лүүжинг уг эрдэмд бүрэн боловсорч төгсөрсөн зоч лам нар уншина. Уншихдаа дээдэс, дамжлагын багш нараасаа унших эрх, ван лүнг хүртэж, Жарз хийх буюу хээрээр явж уг бясалгалыг гурван жилийн хугацаанд нийт 135 хоног хийдэг.

Энэ бясалгалыг танай лам нар хийдэг үү?

Хийлгүй яахав. Хээрээр дөрвөн сар 15 хоног явдаг. Ингэж явахдаа айлд орохгүй, унаа маланд суухгүй. Тохойноос өндөр зүйл дээгүүр гарахгүй.

Өвдөнө гэж эм уухгүй
Өлсөнө гэж хоол авахгүй
Өстөн таарна гэж мэс авахгүй
Ханатай гэрт орохгүй
Хамаагүй хүнтэй уулзахгүй гэсэн тангарагтай.

Зөвхөн Жод лүүжингийн бясалгалыг хийгээд жодгор/майхан шиг урц/-тоо унтаж, аглаг газрыг шүтэж, устай газар их явна. Хамгийн сүүлд үхээрийн газарт ирж долоо хоносны дараа жинсрэг гэх зан үйлийг хийж дуусгадаг.

Жод лүүжин гэдэг номын талаар дэлгэрүүлж өгөөч?

Уг ном нь бурхны шашны нингма-ва урсгалын тарнийн ёсны ном. Цөвүүн цагийн эм гэж нэрлэгддэг энэ ном цөвүүн цагт ихээхэн дэлгэрдэг. Цөвүүн цаг гэдэг ухагдахуунд цагийн, насны, үзлийн цөвүүн гэсэн ойлголтыг хамруулна. Цагийн цөвүүнд өвөл нь өвөл биш, намар нь намар биш болж байгаль дэлхий хямрахыг хэлнэ. Насны цөвүүнд хүн наслах наснаасаа өмнө цаг бусаар өнгөрөх, өвчин эмгэг тусах зэргийг хэлнэ. Үзлийн цөвүүн хамгийн хүнд буюу арван хар нүглийн хамгийн хэцүүд тооцогдоно.

Тэгвэл монголчууд бид арван хар нүглийн адагт тооцогдох үзлийн цөвүүнд нэрвэгдсэн байна. Наад захын жишээг олон нийтийн сүлжээгээр харж байна. Нэг эерэг сайхан мэдээлэл байхад түүний дор дандаа сөрөг сэтгэгдэл бичсэн байгаа нь хүмүүсийн сэтгэл буруудсаныг илтгэдэг. Энэ бүхнийг дарахын тухайтад уг номыг бүтээсэн байдаг. Тиймээс манай хийд энэ номонд голчилж лам нар маань жарз хийдэг.

Сүсэгтэн олон, монгол түмэнд хулгана жилийн өнгө ямар байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

Та бүхэнд мөн талархал илэрхийлэе. Монгол түмний маань буян хишиг арвижиж, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай. Ирж буй хулгана жил монгол хүн бүрт сайны үрийг түгээнэ гэдэгт итгэлтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Толгойгоо гашилгаад ч шаардлага хангаагүй мөрийн хөтөлбөрүүдийг таван өдөрт сайжруулна гэдэг үлгэр

Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслийн мөрийн

2020-04-06

Х.Баттулга: УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга

УИХ-ын хаврын чуулган нээлтээ цахимаар хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол У

2020-04-06

Энэ сард таны ажил, амьдралд юу тохиолдох вэ? /4-р сарын зурхай/

Урин дулаан цаг айлчлан ирж буй энэ цаг үед та бүхний маань сэтгэл санаа өөдрөг байгаа гэдэгт итгэлт

2020-04-02