fbpx

УРАН ЗУРГААС Ч НАРИЙН УТСАН НААМАЛ: Монголын анхны эрэгтэй утсан наамалч

2020-01-10 1690

Эрэгтэй хүн утсыг ширхэг ширхэгээр нааж уран бүтээл хийдэг гэвэл итгэх болов уу. Уран хамтгамал эсвэл уран зураг мэт бүтээлийг урлаач бол өдгөө 66 настай Б.Дашгомбо. Хөдөө буйдад ажиллаж амьдардаг Б.Дашгомбо 1999 оны хавар худгаас ус авах гээд очтол усанд яргуй унасныг харснаар түүний бүтээл хийх санаа төржээ. Энэ үеэс Б.Дашгомбо утсан наамалтай амьдралаа холбож 2016 оны долоон сар хүртэл нийтдээ 300 гаруй утсан наамал хийжээ.

ШИРХЭГ БҮРЭЭР НААЖ БҮТЭХ УТСАН НААМАЛ

Монголын уламжлалт гар урлал, тэр дундаа наамал урлал олон төрөл. Зээгт наамал, Алтан харганан наамал, Хачиг, шалзан наамал, Сүрлэн наамал, Өдөн наамал, Үйсэн наамал гээд олон төрөл байх боловч Б.Дашгомбын наамал нарийн чимхлүүр ажил ихтэй.

Тэрээр эхлээд бэлтгэсэн хавтан дээр өөрийн хийх гэж буй бүтээлийн хар зургийг гаргадаг. Үүний дараа өнгөний сонголтоо хийж, утсаа сонгоно. Бүтээлийн онцлогоос хамаарч саатай, даавуун, мяндсан гээд олон төрлийн утас хэрэглэнэ. Энэ бүгдийг бүрдүүлсний дараа их ажил эхэлнэ. Хар зургийн дагуу хэсэг хэсгээр цавуугаа түрхэж, ширхэг ширхгээр утсаа нааж эхэлнэ. Энэ нь ижил төрлийн бүтээлээс ялгарах гол онцлог юм. Утсаар наамал хийдэг урлагчид Монголд цөөн тоогоор, Япон улсад мөн байдаг тухай Б.Дашгомбо олж мэджээ. Гэхдээ тэдгээр урлагчид утсыг багц багцаар наадгаараа түүнийхээс ялгаатай гэнэ. Тийм ч учраас сайн бүтээл хийхэд их хугацаа зарцуулах нь мэдээж.

Б.Дашгомбын бүтээлийн сор нь бурханч лам Пүрэвбатын бүтээсэн Чингис бурхны хөрөг юм. Уг бүтээлийг хийхэд гурван жил найман сар найм хоногийг зарцуулжээ. 1,2м*1,9м хэмжээтэй энэхүү сүрлэг бүтээлийг ташуу, дугуй, тэгш өнцөг үүсгэн өнгө будгийн нарийн уусгалтайгаар наан урлажээ. Хар, цагаан туг, хааны сахал зэргийг хөдөлж байхаар бодож хийсэн нь нэн сонирхолтой. Чухам хичнээн метр, хэдэн төрлийн утас ашигласныг Б.Дашгомбо ер тооцоогүй юм билээ.

2015 онд өөрийн энэхүү арга технологийг Монгол Улсын оюуны өмчийн газар бүртгүүлэх хүсэлтээ өгчээ. Хоёр жилийн хугацаанд тус газар судалж үзээд хариуг өгөх ёстой боловч тэрээр одоогоор Оюуны өмчийн газраас ямар нэг хариу аваагүй байна.

Түүний бүтээлийн гол сэдэв нь Монголын эртний хаадын хөрөг, тэдний сургаал, номлол. Тухайлбал, нэг жил найман сарын хугацаанд сууж хийсэн Монголын 37 хааны хөрөг, 26 нүүр бүхий Дэвжин дээшлэхийн бэлгэдэл Галын тахилгын судар зэргийг энд дурдаж болно.

ЧИНГИС БУРХНЫ НААМАЛ УРЛААЧИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР 31 САЯ ТӨГРӨГ

Б.Дашгомбо 17 жил утсан наамал хийж, хол ойрын хүнд багагүй танигдсан. Танигдахын хэрээр бүтээлүүд өөрийн гэсэн үнэлэмжтэй болж, үр өгөөжөө өгөх болжээ. Тэрээр А4-ийн хэмжээтэй утсан наамлыг 36 мянган төгрөгөөр борлуулдаг байна. 2010 оны үед орон нутгийн иргэд чонын наамлыг ихээр хийлгэж байсан гэнэ. Мөн төрийн байгууллагууд гадны зочид, төлөөлөгчид ирэхэд түүний бүтээлээс авч бэлэглэдэг.
Б.Дашгомбын “Чингис бурхан” эзэндээ олон үзэсгэлэн, уралдаанаас шилдэг гэсэн нэр алдрыг авчирсан. Монголын Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, зөвлөх С.Юндэнбат зэрэг мэргэжлийн байгууллагын эрхмүүд ч эл бүтээлийг үнэлсэн тухай тэрээр ярьж байв. Тэрээр бүтээл бүтсэн хугацаа, гар ажиллагаа, ур хийц зэргийг тооцож 31 сая төгрөг гэсэн үнэлгээг гаргасан байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагт үзэсгэлэнгээ гаргасны дараа уг бүтээлийг худалдан авах санал иржээ. Хэрэв гадагш зарвал цааш дамлагдаж, эргээд Б.Дашгомбын бүтээл гэж үр хүүхдүүдэд дурсагдах зүйлгүй болно гэснээр уг саналаас татгалзжээ.

УТСАН НААМАЛ ТЭВЧЭЭР, ХАТУУЖЛЫГ ХҮНД СУУЛГАДАГ

Б.Дашгомбын наамлын арга нарийн чимхлүүр. Үзэсгэлэн, арга хэмжээний үеэр түүнд шавь ороё гэсэн хүсэлтүүд олноор ирдэг ч арга технологитой танилцаж анхны даалгавраа аваад л шантарч, сураг алдардаг байна. А4-ийн хэмжээтэй наамлыг хийхэд найман хоног зарцуулна. Энэ найман хоногт хооллож, бие засахаас бусад үед яс суух хэрэгтэй. Хувь хүнээс асар их тэвчээр, сахилга бат шаарддаг тул Б.Дашгомбын шавь нар замын дундаас алга болчихдог. Харин алга бололгүй бүрэн эзэмшсэн шавь нар нь түүний хүүхдүүд. Тэрбээр өөрийн зургаан хүүхдэд утсан наамлын арга, технологийг өвлүүлжээ. Дунд охин Д.Отгондэлгэр дизайнерын мэргэжил эзэмшсэн явдал аавд нь найдлага төрүүлж байгаа. Гэвч маш олон хүн техник, технологи хөгжсөн өнөө үед утсан наамал хийх нь утгагүй зүйл гэж үзэх болсон нь Б.Дашгомбын төдийгүй, утсан наамлын хувьд тааруухан мэдээ юм.

Түүний хэлж байгаагаар утсан наамлыг эзэмших явцад хүүхэд сууж сурдаг. Оюун бодлоо төвлөрүүлж,аливаад нухацтай ханддаг. Сууж сурсан хүн сурч мэддэг. Ажил, амьдралдаа хариуцлагатай болж, өөрийн хийх ёстой зүйлээ цаг тухайд нь чанартай хийх дадал эзэмшдэг гэнэ.

Тийм ч учраас 30 минутаас цааш суудаггүй, улмаар бүтэн бүтээл хийдэггүй шавь нараараа төлөөлүүлж залуу үеийнхэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа бидэнтэй уулзах үеэрээ Б.Дашгомбо илэрхийллээ.

2016 оноос хойш Б.Дашгомбо бүтээл хийгээгүй нь түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой аж. Гар салганах, хараа бүрэлзэх зэрэг бүтээл хийхэд хүндрэл дагуулах болжээ.
Хэрэв утсан наамал монголчууд, тэр дундаа уламжлалт гар урлалын нэг чухал хэлбэр мөн гэж үзвэл үүнийг Б.Дашгомбоор дамжуулан өвлүүлэн үлдээх шаарлага байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УРАН ЗУРГААС Ч НАРИЙН УТСАН НААМАЛ: Монголын анхны эрэгтэй утсан наамалч

Эрэгтэй хүн утсыг ширхэг ширхэгээр нааж уран бүтээл хийдэг гэвэл итгэх болов уу. Уран хамтгамал эсвэ

2020-01-10

Уурхайн хөлд нэрвэгдсэн “Бичигтийн боомтын зам”

Өнгө халиурсан намар цагийн сэрүү татсан нэг өдөр Өмнөд улсыг зорихоор Улаанбаатараас Сүхбаатарын Би

2019-10-30

“70 жилийн гэрч”- Шинэ Өвөрмонгол орноор зорчсон тэмдэглэл…

“70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага энэ сарын 11-ээс эхлэн Зүүн

2019-10-24