fbpx

“Happy art” урлангийн багш Т.Ундармаа: Ганц бие үйлчлүүлэгчид ихэвчлэн хосын зураг зурдаг

2020-01-14 474

Хүн бүрт зураг зурах нууцхан хүсэл эрмэлзэл байдаг бөгөөд тэрхүү авьяас нь ч нуугдаж байдаг гэлтэй. Тэгвэл зураач болох хүсэл эрмэлзлийг багахан ч болов биелүүлж, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг олгож байгаа нэгэн сонирхолтой газар нь “Happy art” урлан юм. Үүд хаалгаа нээгээд гурван жилийн нүүрийг үзэж байгаа энэ гэгээлэг урланд хүүхэд ч гэлтгүй томчууд ч аз жаргалтайгаар зураг зурж байсан юм. Ингээд тус урлангийн багш Т.Ундармаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байна уу. Танай урлангаар орж ирэхэд надад маш гэгээлэг, гоо зүйн мэдрэмж өгсөн сайхан санагдлаа. Энэ урлангийнхаа талаар танилцуулахгүй юу?

Манайх байгуулагдаад гурван жил болж байна. Бид хүмүүсийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, шинэлэг орчинд шинэ зүйл хийж өнгөрүүлээсэй хэмээн хүсэж, анх энэ урлангаа нээж байсан. Анх нээгдсэнээсээ өдийг хүртэл өөрсдийн зорьсон зорилгоо биелүүлсээр явна. Гурван жилийн турш манай урлангаар орж ирж үйлчлүүлж байгаа хүмүүсийг ажиглаад байхад баяр хөөр, аз жаргалаар цэнэглэгдээд гарч байгаа харагддаг. Яагаад гэвэл хүн болгоны дотор зураг зурах болон урлан бүтээх бяцхан авьяас нуугдаж байдаг. Бид тэр авьяасыг нь нээж, заавар зөвлөгөө өгч, материал хэрэгслийг л бэлдэж өгдөг.

Зураг зурах хоббитой, сонирхолтой хүмүүс олноор ирдэг байх даа?

Анх манай урланд хүүхдүүд л ирж зураг зурах ёстой гэсэн ойлголттой байдаг байсан. Дараа нь энэ ойлголт өөрчлөгдөөд хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн зураг зурж болох юм байна гэж бодогдсон. Залуучууд ч гэсэн төрсөн өдрөөрөө караокед орох, хоол идэхийнхээ оронд цуг сууж, зураг зурж цагийг өнгөрөөж болох юм байна гэдэг ойлголттой болж байгаа. Бид залууст ийм ойлголтыг өгч чадсандаа баяртай байгаа.

Танайхаар хэдэн насны орчим хүмүүс ихээр үйлчлүүлдэг вэ?

Одоогоор нас насны үйлчлүүлэгчид ирж байна. 5 – 80 нас хүртэл төрөл бүрийн хүмүүс ирдэг болсон. Хүүхдүүд эмээтэйгээ цуг зураг зурна гээд л, эсвэл охин нь настай ээжийгээ баярлуулж цуг цагийг өнгөрөөх гэж ирж байсан тохиолдол ч бий.

Анхлан зураг зурж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд бүгд адилхан нэг зураг зурж эхэлдэг үү, эсвэл өөрсдийн төсөөллийг уран зураг болгон буулгадаг уу?

Манайд маш олон зурагтай нэг том каталог байдаг. Анхлан зураг зурч үзэж байгаа хүмүүс маань тэндээс хараад энэ зургийг зурахыг хүсч байна гэж сонгоод санаа авдаг гэсэн үг. Тэгээд зураг дээрээ дэлгэрүүлээд нэмж өөр зүйл зурж, уран бүтээл нь бий болдог байгаа. Хүсвэл үйлчлүүлэгчид маань өөрсдөө утас дээрээ ч юм уу өөрсдийн зурахыг хүссэн зурагаа татаж авчраад зурах боломжтой. Манай каталог дээр байгаа зурагнууд ихэвчлэн анх зураг зурж байгаа хүмүүст зориулсан, анхан шатны хүмүүс маш гоё зурж чадна аа гэсэн зурагнуудыг сонгож авсан байгаа. Үйлчлүүлэгчид өөрсдөө зургаа авчирвал тухайн зургийг зурах амархан уу, эсвэл хэцүү юу гэдэг талаар зөвлөгөө өгдөг. Анх зураг зурж байгаа мөртлөө мэргэжлийн зураачийн хэдэн жилийн хөдөлмөр зарцуулж бүтээж байсан бүтээлийг зурна гээд байвал хэцүү шүү дээ, тийм ээ.

Танай урлангийн ханаар дүүрэн гоё зурагнууд байна. Энэ бүтээлүүд ирж үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн зураг уу?

Манайд анх удаа ирж байгаа үйлчлүүлэгчид гэж байхаас гадна байнгын суралцагчид гэж байдаг. Ханан дээр байгаа зурагнууд бол байнгын суралцагчдын зураг байгаа. Анх ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид маань ихэвчлэн зурагаа өөрсдөө авч явдаг. Зураачдын зурсан зураг гэрийн хананд олон жилээр хадгалагдаж үлддэг шиг үйлчлүүлэгчид маань ч гэсэн өөрсдийн зурсан зураг болон хүүхдийнхээ зурсан зургийг жаазлаад гэрээ чимдэг болсон. Өөрсдөө хичээж сууж зурсан болохоор тэдэнд маань их үнэ цэнэтэй санагддаг байх. Үнэ цэнэтэй уран бүтээлээ үлдээнэ гэж бараг байхгүй дээ.

Зургийн хэрэгсэлээр ямар материал ихэвчлэн ашиглаж зураг зурдаг вэ?

Манайд байгаа зургийн хэрэгсэл бол мэргэжлийн зураачдын зурдаг материал хэрэгсэл байгаа. Зотон даавуун дээр акрилкан будгаар буддаг. Ийм учраас зурсан зураг болгон 50 болон түүнээс дээш жилийн настай байж, өнгөө алдахгүй байх боломжтой байдаг.

Найз нөхдөөрөө ирж зураг зурж байгаа хүмүүс ер нь ямар сэдвийн зураг их зурж байна?

Зураг сонгох болон зурах явцад тэр хүнийг яг ямархуу хүн бэ гэдгийг шууд хараад ойлгож болдог. Яг одоогийн байдал нь ямар байгаа вэ гэдгийг ч тодорхойлж харж болно. Жишээ нь гэр бүлтэй хүмүүс бол ихэвчлэн гэр бүлийн зураг зурдаг. Ганц бие байгаа хүмүүс ихэвчлэн хосын зураг зурдаг. Хосын зураг зураад ханандаа өлгөвөл өөрийн хосоо даллан дууддаг гэдэг бэлгэдэлээ боддог юм билээ.

Танайх зураг зуруулахаас гадна өөр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Манайх зураг зуруулахаас гадна сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудаар тоглуулах, баримлын шавраар бүтээл хийх сургалт явуулах, модон дээр зураг зуруулах сургалтууд гэх мэтчилэн төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулж байна.

Та уран бүтээлч залуу хүний хувьд залуучуудад хандаж юу гэж хэлмээр байна?

Залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөгөөрэй, илүү их бүтээлч байгаарай, өөрийн гэсэн цор ганц давтагдашгүй бүтээлийг манай урлан дээр ирж урлаарай. “Бүх анхаарлаа бийрний үзүүрт төвлөрүүлэхэд би, та, бид бүгдээрээ зураач болох боломжтой” шүү гэж хэлмээр байна.

Д.Мижидбат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Мөнхмарал: Олон дагагчтай болохын тулд бусдыг дуурайх хэрэггүй

“Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцож нүүрээ цасаар угаалгасан охиныг хүн бүр андахгүй болсон биз ээ.

2020-01-24

Д.Алтанцэцэг: Энэ онд газрыб тосны үйлдвэрийн технологийн бус барилга, байгууламжийг барьж дуусгана

Монгол Улсын Засгийн газар өөрийн орны газрын тосны нөөцөө дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэс

2020-01-24

Д.Мөнхжаргал: Үнсийг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

Нийслэлчүүдийн “үйлдвэрлэдэг” үнс агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байга

2020-01-24