fbpx

“Залуу хүн өөрийн гэсэн ирээдүйгээ тодорхойлох нэг зүйлтэй байх ёстой гэж бодож продакшнаа байгуулсан”

2020-01-14 882

“The Reaction” продакшн анх яаж бүрдсэн бэ?

Манай продакшн СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн мэргэжлийн жүжигчидээс бүрдсэн. Нэг сургуулийг төгссөн бид хоорондоо байнга холбоотой байдаг болохоор продакшнаа байгуулахад надад амар байсан. МУСТА Б.Бямбадорж, С.Сүхбаатар, Ж.Номингэрэл болон миний бие гээд дөрвөн жүжигчид болон туслахуудтайгаа нийт 14-15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Танай продакшн ямар жанрын уран бүтээл ихэвчлэн гаргадаг вэ?

Анх продакшнаа байгуулж байхад ямар төрлийн уран бүтээл туурвихаа их бодож судалгаа хийсэн. Дан ганц инээдмийн чиглэлээр уран бүтээлээ гаргья гэхээр комеди, +17 гэх мэт энэ төрлөөр дагнаж контент бэлддэг газрууд их санагдсан. Аймшгийн төрлөөр хийдэг газрууд ч их байна. Харин инээдэм болон аймшгийн төрлийн аль алинаар нь контент бэлддэг ямар ч продакшн байдаггүй юм билээ. Ингээд бид аль алинаар нь контент гаргадаг хамгийн анхны Horror comedy продакшн болохоор шийдэж, уран бүтээлээ бэлдэн гаргаж байна.

Та “The Reaction”-ийг анх үүсгэн байгуулахдаа жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

Бидо буюу Бямбадорж, жүжигчин Жижгээ бид гурав хамгийн сайн найзууд. Жижгээ маань “+17” цувралаа дагнан хийж, Бидо бид хоёр цуг нэг продакшн болон ажиллаж байна. Бидо маань өдийг хүртэл надтай нэгэн зорилгын төлөө тууштай яваа түшиг тулгуур болсон ийм л сайн хүн.

Сүхээгийн хувьд гэвэл СУИС-д 2 курсээр доор сурдаг байсан дүү маань. Ямар хүүхэд гэдгийг нь оюутан цагаас нь л мэднэ гэсэн үг. Тийм болохоор дүүгээ бид 2-той хамт уран бүтээлд хамт оролцох боломжийг өгсөн юм. Маск продакшнд жүжигчнээр ажилладаг. Сэтгэл нь сүү шиг цагаахан нэг тийм хөдөөний хүүхэд байдаг даа. Хамтдаа уран бүтээл хийхэд урамтай байдаг, намайг маш сайн ойлгодог дүү байгаа юм.

Харин Номингэрэл гэдэг охиныг бид 3 их удаан харж байж, олон охидын дундаас сонгож Даариймаа кинондоо тоглуулахаар сонгож уулзсан юм. Бидний анхны уран бүтээлд тоглосон болохоор ч тэр юм уу дүү маань бидэнд яг нэг гэр бүлийн гишүүн шиг санагддаг болсон. Бас ах нарынхаа итгэлийг алдалгүй маш сайн ажилдаг болохоор бидэнтэй хамт ажиллах саналыг тавьсан юм. Ингээд 3-н хар залуучуудын дунд өнгө үзэмж нэмэн гэрэл гэгээ болж яваа дүү маань байгаа юм.

Сүхээгийн талаар нэг зүйл асууя. “3 сая инээд” нэвтрүүлэгт орж байсан санагдаж байна. Шүүгч нь жүжигчин Баярмагнай болон жүжигчин Батаа нар байсан. Сүхээг амжилттай оролцоход бага зэрэг Магнай ахынх нь арын хаалга орсон болов уу?

Үгүй. Манай Сүхээ угаасаа л хөгтэй хөгжилтэй явдлууд их ярьдаг ийм хүүхэд байсан. Хөдөө өссөн болохоор ч тэр үү гэнэн цайлганаар инээдтэй болсон явдалуудаасаа зөндөө ярьдаг байлаа. Яахав энэ шоунд оролцоно гэж байхад нь Магнай ах “Миний дүү гэгээлэг л зүйл яриарай” гэж зөвлөгөө өгсөн байдаг. Өгсөн зөвлөгөөний дагуу хөөрхөн гэгээлэг зүйл ярьсаар байгаад хоёр шүүгч болон үзэгчдийг ч инээлгэж чадсан гэж би боддог. Үзэгчид ч гэсэн надтай санал нэг байгаа байх.

Та Монголын инээдмийн “Маск” продакшнд жүжигчин байсан. Одоо “The Reaction” гэдэг өөрийн продакшнаа байгуулж уран бүтээлүүдээ гаргаж байна. Маск продакшнаас гарсан юм боловуу гэж үзэгчид харж байгаа байх? Энэ талаар тайлбар өгвөл?

“Маск” продакшнд 2010 оноос хойш одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. “Маск” продакшны бүтээсэн нэгэн сайхан уран бүтээл гэвэл “Соёлын довтолгоо” кино байгаа. Энэ кинонд тоглсоны дараа 2018 онд манай продакшнаас Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан. Одоо хүртэл “Маск” продакшндаа ажиллаж, тулгын гурван чулуу болсон жүжигчид М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан ах нараасаа суралцсаар байна. Шинэ продакшн байгуулж байгаа нь залуу хүн өөрийн гэсэн ирээдүйгээ тодорхойлох нэг зүйлтэй болох ёстой гэж бодсоных юм.

Шинэ он гараад танай продакшн гурван ч богино хэмжээний кино гаргалаа. Энэ богино кино зохиолуудыг хэн гаргадаг вэ?

Би өөрийн бодож олсон санаагаа цаасан дээр буулгаж кино зохиол болгодог. Хийж байгаа уран бүтээлүүдээрээ юу үзүүлэхийг зорьж байгаа вэ гэхээр залуусыг эерэг хандлагатай болоосой, буруу зүйлд битгий автаасай, амьдрал гэдэг эрээнтэй бараантай ч, аль нэг сайхан талыг нь олж хараасай гэж хүсэж уран бүтээлээ бүтээж байна. Нөгөөтэйгүүр нийгэмд тулгарч байгаа болж бүтэхгүй зүйлүүдийг ч гэсэн гаргаж үзүүлэх санаатай хэд хэдэн санааг оруулж контентоо бэлдэж байна.

Хийсэн уран бүтээлүүдээс дурдвал?

Гадаадын шорт филмийг дууриаж “Өлгүүр”, “Алуурчин” гэсэн хоёр шорт фильм хийж үзлээ. Дууриаж хийж байгаагийн гол учир нь өөрсдийн чадварыг сайжруулах санаатай байсан. Үүний дараа зохиолч П.Дашнямын “Сэгсгэр үст Даариймаа” өгүүллэгийг, найруулагч Б. Ууганбаяраар кино зохиол болгож “Dream entertainment”-тай хамтран “Даариймаа” киног гаргасан байгаа. 2020 он гаргаад “Буу+дал”, “Хоолайнуу”, “Андэээээ” гэсэн 3 контентуудыг цацсан.

Ямарваа нэгэн уран бүтээл гаргахад хөрөнгө санхүүгийн асуудал маш чухал байдаг. Богино хэмжээний кино гаргахад хэдий хэмжээний зардал гаргаж байна?

Одоо богино хэмжээний кинонууд хийж байна. Нэг анги нь 7-10 сая орчим төгрөгөөр босч байгаа. Сүүлд гаргасан гурван богино хэмжээний кинонуудыг нийлүүлээд 25 сая орчим төгрөгөөр хийсэн. “Даариймаа”-г бас 25 сая төгрөгөөр хийж байсан.

“Даариймаа” гарсан даруйдаа үзэгчдийн хандалтыг нэлээн авсан уран бүтээл болсон юм шиг санагдсан. IPTV-д төлбөртэйгөөр байршуулж байсан болохоор зардалаа эргүүлэн олсон уу?

“Даариймаа” эргээд зардалаа нөхөж чадаагүй ээ. Бид уул нь оюуны өмчийн эрхийг нь аваад хуулбарлах, хулгайлах, олшруулахыг хориглосон. Гэвч “Даариймаа” контентоо IPTV-ээр цацаж байхдаа хулгайд алдаад 600’000 гаруй хүнд үнэгүй үзүүлсэн байна. Монгол улсад оюуны өмчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин сул юм шиг санагдсан.

Танай продакшны цаашдын төлөвлөгөө?

Цаашид богино хэмжээний кинонууд гэлтгүй бүрэн хэмжээний кино, бүр цаашлаад тайзны уран бүтээл ч гаргана гэж бодож байгаа. Энэ зун бүрэн хэмжээний аймшгийн инээдмийн /Horror comedy/ кино хийхээр төлөвлөгөөтэй байна.

Үе тэнгийн залуучууддаа хандаж та юу гэж хэлэх вэ?

Залуусдаа хандаж хэлэхэд, бусдыг буруутгаж элдвээр хэлэхийн өмнө энэ хүмүүс юуг ойлгуулах гэж ийм зүйл хийсэн юм бол? гэж эхлээд тунгаан бодож үзээсэй гэж хүсдэг. Бас ямарваа нэгэн зүйлийг эерэг сэтгэлгээгээр харж, яагаад бид бие биендээ урам өгч амьдарч болохгүй гэж. Та бидний сэтгэл зүрхэнд монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай байдаг шүү дээ. Гэгээлэг эрч хүчтэй, эерэг байцгаая гэж уриалах байна даа.

Сүүлчийн асуултыг нээлттэй үлдээе.

Урлагийн бидэнд хамгийн том хүчин зүйл бол гэр бүл байдаг. Ар талд минь бат зогсож байдаг эхнэр хүүхэддээ болон аав, ээж дүүдээ баярлалаа. Продакшны хамт олондоо баярлаж явдаг. Бүгдэд нь хайртай шүү гэж хэлье.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Баярлалаа.

Д.Мижидбат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Мөнхмарал: Олон дагагчтай болохын тулд бусдыг дуурайх хэрэггүй

“Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцож нүүрээ цасаар угаалгасан охиныг хүн бүр андахгүй болсон биз ээ.

2020-01-24

Д.Алтанцэцэг: Энэ онд газрыб тосны үйлдвэрийн технологийн бус барилга, байгууламжийг барьж дуусгана

Монгол Улсын Засгийн газар өөрийн орны газрын тосны нөөцөө дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэс

2020-01-24

Д.Мөнхжаргал: Үнсийг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

Нийслэлчүүдийн “үйлдвэрлэдэг” үнс агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байга

2020-01-24