“Гилгэрэм” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Батцэцэг: Найзууд маань хүртэл намайг шоолоод “Аая манай авилгатай тэмцэгч” гээд л ёжилдог байсан

2020-01-14 Ярилцлага

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа уншигчдадаа өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулъя.

Баярлалаа. Намайг Чагдгаагийн Батцэцэг гэдэг. Одоогоор “Гилгэрэм” брэндийн үүсгэн байгуулагч, “Styletto” компанийн захирлаар ажиллаж байна.

“Гилгэрэм” брэнд үүсгэн байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Олон ч хэрэглэгчид “Гилгэрэм”-д “онц” үнэлгээг тавьдаг шүү дээ. Одоо ер нь ажлууд нь хэр ахицтай явагдаж байна вэ?

“Гилгэрэм”-ийг яг л хүүхэд шиг бойжуулж байгаа. Би шууд маргааш өглөө нас биед хүргээд л, нөгөөдөр том болгоод огцом томруулж чадахгүй. Би “Гилгэрэм”-ийг огцом өсөлттэй байлгахаас илүү органик өсөлттэй байлгахыг зорьдог. Огцом өсөлттэй байлгая гэсэн ч ур чадвар маань хүрэлцэхгүй байна. /Инээв/ Тийм ч учраас “Гилгэрэм” хэрэглэгчдийнхээ дэмжлэг, сэтгэл, оролцоотойгоор маш удаан боловч эрүүл саруул бойжиж байна. Ерөнхийдөө бүх зүйл маш сайн байгаа шүү. Ер нь аливааг хурдан хийх нь биш, тогтвортой, тууштай хийх нь чухал байдаг гэж боддог.

“Гилгэрэм” өөрийн тань анхны гарааны бизнес үү?

Би өмнө нь нэг, хоёр удаа гарааны бизнес эхлүүлэх гэж оролдож байсан боловч одоо яг жинхэнэ утгаараа энэ компани дээрээ өөрөө бойжиж, хөгжиж, хүмүүжиж байна. Захирал хүний хувьд би ямар зан ааштай байх уу, юу мэдэх хэрэгтэй, асуудалд яаж хандах, аливааг хэрхэн шийдвэрлэх ёстой гээд маш олон зүйлсэд суралцаж байна. Тэгэхээр “Гилгэрэм” бид 2 хоёулаа л зэрэг өсөж торниж байна даа. Энэ бол маш том амжилт шүү дээ.

“Гилгэрэм” гэдэг нэрийн утга учир нь юу вэ?

Энэ нь орчин цагийн Монгол хэлэнд төдийлөн ашиглагддаггүй “Өнгө зүс жавхлантай сайхан” гэсэн утгатай үг. Өөрөөр хэлбэл гоё арьстай эмэгтэй хүнийг “Гилгэрэм сайхан эмэгтэй” гэж хэлдэг байсан гэдэг.

“Гилгэрэм”-ийн гэр бүлд хэдэн гишүүн байдаг вэ?

Сав баглаа боодол, түгээлтээ бид нар өөр компаниар хийлгэдэг. Ерөнхийдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр 1 хүн, захиалга дээр 1 хүн, санхүү дээр 1 хүн ажилладаг. Маркетингаа би өөрөө хариуцдаг.

Өөрөө цалин авч ажиллах, хүн цалинжуулж ажиллах хоёрт их ялгаа бий. Харин танд яг ямар ялгаанууд мэдрэгдэж байна вэ?

Би урьд нь маркетингийн менежерээр нэлээн хэдэн компанид ажиллаж байсан. Хэд хэдэн төсөл дээр ч мөн ажиллаж байсан туршлагатай. Хамгийн сүүлд хувиараа бизнес хийж эхлэхээсээ өмнө уул уурхайн компанид үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг байсан. Ерөнхийдөө доороо олон хүн удирдаж ажилладаг байсан л даа. Тэгээд олон хүн удирдах нь цөөхөн хүн удирдахаас илүү амархан байдаг юм байна лээ. Цөөн хүн удирдах нөхцөл байдал руу шилжээд хүний нөөцийн арга барил, стратеги шал өөр байдаг гэдгийг ойлгосон. Хүн цалинжуулах амархан л даа. Гэхдээ ажилчдынхаа сэтгэлийн татах маш хэцүү байдаг. Олон хүмүүс байгууллагынхаа дотоод дүрэм, журамдаа захирагдаад ажилладаг.

Харин цөөхөн хүнтэй тулж ажиллахаар дундаа ордог талтай. Би анх биеэ даагаад 2012 онд 5-аас 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр компаниа байгуулж байсан. Ажилтан хүн удирдлагуудынхаа итгэлийг яаж даах вэ гэж боддог. Харин цөөхөн ажилтантай компанид захирал хүн ажилчдынхаа итгэлийг яаж даах уу, сэтгэл зүрхийг нь компанитайгаа яаж урт хугацаанд уях вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй болдог. Яг үүнд одоо ч суралцаад л явж байна.

Өөрөө цалин авдаг байх маш гоё. Харин бусдыг цалинжуулаад эхлэхээр хамгийн сүүлд өөрөө цалинтай, цалингүй дээрээ эргэлзэнэ дээ. /Инээв/

Батцэцэгийг “Авилгын эсрэг НЭГ үйлдэл” аянаар нь олон хүмүүс мэддэг. Энэ аяных нь хэрэгжилт, хамрах хүрээ хэр явагдаж байна вэ? Бусдад нөлөөлнө гэдэг өөрөө маш их хугацаа, тууштай байдлыг шаарддаг шүү дээ…

Би маш богинохон хугацаанд нийгмийг өөрчлөхөд ганцхан миний хүч дутах юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд эхлээд би өөрийгөө өөрчлөх ёстой юм байна, би өөрөө нийгмийн нэг хэсэг учраас өөрөөсөө эхэлж НЭГ алхмаа хийх ёстойг ойлгосон. Би өөртөө шударга байдлын үнэ цэнийг бий болгож байж бусдад нөлөөлж чадна шүү дээ. Тийм ч болохоор өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд энэхүү аян дээрээ “Ганцаараа” ажиллалаа. Хамтарч ажилласан болон тусалж дэмжиж байсан байгууллагууд байсан. Гэхдээ яг тууштай, сэтгэл зүрхээ зориулаад ажиллаж байсан хүн нь бол би өөрөө л байлаа. Бүх зүйл нэг нэгжээс бүтдэг. Тиймээс нэг нэгж нь заавал бусадтай нийлж биш, ганцаараа байхдаа ч бие даасан бөгөөд сэтгэл зүйн дархлаатай, тэмцэх чадвартай байх ёстой гэж үзсэн учраас өөрөөсөө өөрчлөлтийг эхлүүлэхээр шийдсэн.

Ийм л учраас аянаа эхлүүлсэн цагаас эхлээд өөртэйгөө маш сайн тулж ажиллалаа. Миний хувьд асуудалд хандаж байгаа болон түүнийг шийдэж байгаа байдал, өөрийнхөө үнэ цэнийг хамгаалах чадвар маш сайн ахиж дэвшсэн. Харин энэ жилээс эхлээд би бусдад нөлөөлөх тал дээр илүү анхаарч байна. Гэхдээ Батцэцэг шударга ч юм уу, сайн байгаа учраас би ч гэсэн тийм болох ёстой гэж бодож болохгүй л дээ. Тэгэхээр тухайн хэн нэгнийг даган дуурайж бус яг л над шиг “БИ”-гээсээ бүх зүйлийг эхлэх хэрэгтэй. Дусал бүр нь тунгалаг байж гэмээнэ нуур цэнгэг устай байна шүү дээ. Тиймээс хүн бүр л өөрөөсөө эхлэх ёстой. Миний хийж байгаа зүйл бол хүмүүст нөлөөлөх гэхээсээ илүү сэдэл өгөх зорилготой.

Тэгэхээр ойрын хүрээллийнх нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа байх даа…

Мэдээж тэгэлгүй яахав. Анх гэрийнхэн маань “Энэ чинь ямар ашигтай юм бэ? Дэмийн юм хийх юм” гэж хэлж байсан. Гэхдээ энэ чинь иргэн хүний нийгмийн хариуцлага шүү дээ. Одоо бол манай гэр бүлийнхэн намайг дэмждэг, миний лайвуудыг үзэж , лайк дардаг болж эхэлж байна. Найзууд маань хүртэл намайг эхэндээ шоолоод л “Аая манай авилгатай тэмцэгч” гээд л ёжилдог байсан бол одоо эсрэгээгээ өөрт тохиолдсон асуудлаа ярьж, гарц шийдлийг асууж зөвлөгөө авдаг болсон. Мөн бусад хүмүүсийн ч хандлага өөрчлөгдөж “Тууштай юм аа. Битгий зогсоорой” гэж урам өгдөг болсон. Би улс орон даяар нөлөөлж чадахгүй юм аа гэхэд эргэн тойронд байгаа хүрээллийнхээ хандлагыг өөрчилж чадах юм бол тэр нь бага багаар тэлээд л улам өргөжөөд л явна шүү дээ.

Авилгатай нүүр тулсан учраас л “Авилгын эсрэг НЭГ үйлдэл” аянаа эхлүүлж, үүнтэй тэмцэх ёстой гэдэг ухаарсан болов уу?

Тийм ээ. Анх авилгатай нүүр тулчихаад сэтгэл хөдлөлөөрөө хариу үзүүлж, би үүний эсрэг юу хийж чадах вэ гэж бодсон. Цахим орчинд энэ асуудлын талаар хөндөж тавьсан ч би илүү бодитой юм хийхийг хүссэн учраас авилгын эсрэг савангаа хийсэн. Тухайн үедээ тэгэж л өөрийнхөө бухимдлыг тайлж байлаа. /Инээв/ Тэдгээр савангуудаа худалдааны зориулалтаар бус нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, савангуудаа том хурал чуулган, семинар, авилгын эсрэг үйл ажиллагаанд хандивлах юм уу, тараах байдлаар хүмүүсийг сэдэлжүүлж, соён гэгээрүүлэх зорилгоор ашигладаг. Ямартай ч 1 жилийн дотор 300 хайрцаг саван маань дуусаад, саяхан дахиад 1000 орчмыг гаргасан.

“Гилгэрэм” брэнд гадаадын зах зээлд хөл тавих тал дээр хэр анхаарч байна вэ? Ямар бэрхшээл, саад тулгарч байгаа талаар яривал…

Энэ нь дан ганц “Гилгэрэм”-ийн асуудал биш л дээ. Тийм ч болохоор гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдээд “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ-ыг 2019 оны 9 сарын 9-нд албан ёсоор байгуулаад 11 сарын 1-нд нээлтийн арга хэмжээ, хамтын ажиллагааны өдөрлөгөө зохион байгуулсан. Үүнд 11 үйлдвэрлэгч, 2 төрийн бус байгууллага, 2 түүхий эд бэлтгэн нийлүүлэгч байгаа. Ерөнхийдөө манай улсад гоо сайхны бүтээгдэхүүнд зориулсан хууль алга, дотоодын зах зээлийг импортын бүтээгдэхүүнээс хамгаалах эрх зүйн орчин алга, дээрээс нь гадаадын зах дээлд хөл тавих гэхээр бидэнд олон улсын стандартууд нь байхгүй байна. Монголд байгаа стандартууд нэлээд хоцрогдсон байгаа учраас шинэчилж, илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Мөн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй байна.

Монголд үйлдвэрлэгдэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихэвчлэн малын тосыг ашигладаг. Гэтэл малын тосыг боловсруулах боловсруулалтын технологи хүртэл дутмаг байна шүү дээ. Жишээлбэл, малын тосыг сайтар цэвэршүүлэх, үнэргүйжүүлэх, молекуиар нь ангилж, тосны хүчлүүдээр нь ялгах технологи, тоног төхөөрөмж, үйлдвэр нь алга байна. Түүнчлэн бусад төрлийн ургамлын гаралтай түүхий эдийг Монголд төдийлөн тариалдаггүй учраас бид нар тэдгээрийг гадаадаас авдаг. Гэтэл гаднаас авахаар импортын татвар өндөр, ханшийн зөрүү ихтэй, зах зээлд импортын бараатайгаа өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг гэх мэтчилэн олон асуудал тулгардаг. Тийм ч болохоор үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээнд хөгжүүлж, туршилт, судалгаа хийж чадахгүй байна.

Иймд наад зах нь дотоодоосоо хангах боломжтой бараа бүтээгдэхүүнээ бодлогоор дэмжиж, импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хяналтыг сайжруулж, бүртгэл мэдээллийг нь албажуулж, хариуцлага тооцож, татварыг нь нэмэх, тоо хэмжээг нь зааж өгөх гэх мэт аргуудаар үндэсний үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг дэмжмээр байна.Тэгэж байж бид нар ашиг олж, гадаадын зах зээл рүү хөл тавьж чадна шүү дээ. Мөн гадаад руу бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тээврийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Тэгэхээр тээврийн асуудлыг төр засгаас бодлогын түвшинд дорвитой шийдэх хэрэгтэй байна.

Нэмж дурдахад, Италийн Боланиа хотод 3 сард болох Космопроф дэлхийн олон улсын үзэсгэлэнд кластераараа Монгол компаниуд хамтдаа улсаа төлөөлж оролцохоор болсон. Ингэснээр Европын холбооны орнууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжууд нээгдэнэ гэж найдаж байна.

Гэрийн эзэгтэй, ээж хүн учраас ар гэрийн ажлуудаа зохицуулж, бүх л зүйлийг амжуулах шаардлагатай болдог байх. Хажуугаар нь ажлаа хийдэг гэхээр цаг төлөвлөлтөө маш сайн хийдэг болов уу?

Ээж байх чинь амархан шүү дээ. /Инээв/ Би хүүхдээ биш манай хүүхэд намайг хүмүүжүүлдэг гэж хэлж болно. Бид 2 гэртээ яг эрх тэгш эрхтэй байдаг. Хэн хэн нь эрүүл саруул, стрессгүй, сэтгэл зүйн хувьд тогтвортой байх нь чухал шүү дээ. Заримдаа мэдээж үл ойлголцох асуудлууд гардаг. Гэхдээ тэрийг хүчирхийллийн журмаар биш харилцан ярилцаж шийдвэрлэхийг эрмэлздэг. Ингэснээрээ хүүхэд маань надаас үлгэр дуурайл аваад сэтгэл зүй болон оюуны хувьд маш хурдтай биеэ дааж байгаа.
Мөн аливаа асуудалд хандах хандлага, шийдвэр гаргах байдал, сонголт хийх чадвар нь сайн хөгжиж байгаа нь мэдрэгддэг. Мэдээж ээж хүний хувьд хүүхдэдээ анхаарал тавьж, суралцахад нь тусалж, дуртай хоолыг нь хийж өгч, хамтдаа цагийг өнгөрүүлдэг.

Ерөнхийдөө манай ээж надад тусалдаг учраас гэрийн ажлууд дээр нэг их санаа зовдоггүй. Харин бусад ажлуудаа заримдаа яаж амжуулаад байгаагаа өөрөө ч мэддэггүй юм. Гэхдээ би өөрийгөө юу ч амжуулж чадахгүй байна л гэж боддог. /Инээв/ Түүнчлэн аливаа зүйлийг хийхэд заавал золиос шаарддаг шүү дээ. Өөрийгөө олон хувилж болохгүйгээс хойш бүгдэд нэгэн зэрэг анхаарна гэдэг хэцүү. Тэгэхээр тухайн цаг мөч, нөхцөл байдалд юу нэн тэргүүнд байх ёстой вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Энэ нь шийдвэр гаргахад маш чухлаар нөлөөлдөг.

2020 онд яг өөртөө буюу хувь хүндээ ямар зорилго тавьсан бэ?

Би энэ жил “Мөрөөдөл-Зорилго-Төлөвлөгөө” гээд 3 төрлийн жагсаалт гаргасан. Мөрөөдөл бол сэтгэл хөдлөлтэй хамааралтай байдаг шүү дээ. Тэгэхээр боломж гарвал 6 сард буцаад мотоциклоо унахыг мөрөөдөж байна. Гэхдээ миний авч унахыг хүсэж байгаа мотоцикл 8000 долларын үнэтэй. /Инээв/ Тийм болохоор мөрөөдлөө биелүүлэхийн тулд санхүүгийн асуудлаа шийдэхээс эхлээд хэд хэдэн зүйлийг золиослох шаардлагатай болж байгаа учраас би үүнийгээ зорилго руу оруулж чадаагүй. Зорилгын хувьд энэ жил компанийнхаа ашиг орлогыг 4 дахин нэмэгдүүлж, компаниа системчилж, үйл ажиллагаа нь миний оролцоогүй тогтвортой явдаг болгохыг гэж хүсэж байна. Мөн гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, эхнээсээ эмнэлгээр явж, үзлэгт хамрагдаж байгаа. Энэ далимаараа бас эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд анхаарч, болохгүй байгаа асуудлууд дээр нь дуугарахыг эрмэлзэж байна.

Яг өөртөө гэвэл би өгзөгнийхөө тойргийг 10 см нэмж, бэлхүүсний тойргоо 10 см-аар нарийсгана гэсэн зорилго тавьсан. /Инээв/

Эмэгтэй зочдоосоо миний асуудаг нэг асуулт байдаг юм. Өөрт чинь жендерийн эрх тэгш бус байдал хэр мэдрэгддэг вэ?

Би өөрөө хэт феминизмийн эсрэг байр суурьтай байдаг хүн. Мэдээж квот, эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярих нь зөв л дөө. Гэхдээ аливаа асуудалд феминист байдлаар хандах нь олон сөрөг талуудыг дагуулж байдаг. Үүний бодит жишээ бол, миний мэдэхээр барууны орнууд тэр дундаа Америк байна. Монголын хувьд аваад үзвэл эрчүүдийн хүч, чадамж жаахан суларсан энэ үед хэт феминизм байх тохиромжгүй юм. Өөрөөр хэлбэл, эрчүүдийгээ муучилж, эмэгтэйчүүдэд давуу эрх олгож, дөвийлгөх нь хэрэггүй. Харин ч эсрэгээрээ эрчүүдийгээ чадавхжуулах тал дээр илүү анхаарах шаардлагатай байна. Хүссэн хүсээгүй л эрэгтэй, эмэгтэй 2 хүн нийлж гэр бүл болдог шүү дээ. Тиймээс аль аль нь л зэрэг хөгжөөд, нэг нэгнээ дэмжих хэрэгтэй болов уу…

16 настай Батцэцэг яг одоогийн Батцэцэгийг бий болгоно доо гэж мөрөөдөж байсан болов уу?

Би 16 настайдаа тагнуулч болохыг мөрөөддөг байсан. /Инээв/ Тэгээд сургуулиа төгсөөд тагнуулын сургуульд шалгалт өгье гэж бодсон боловч шаардлагуудыг нь хангаагүй. Гэхдээ би яг одоо байгаа Батцэцэгийн зан ааш, үнэ цэнээ эрхэмлэдэг, зорилготой чанаруудад дуртай. 16 настайдаа ч яг л ийм зан чанаруудтай эмэгтэй болохыг хүсдэг байсан.

Хүүхэд төрүүлээгүй л бол хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Өөрийн тань хувьд охиноос ээж болох шилжилт ямар санагдсан бэ?

Би нэг зүйлийг ерөөсөө мартдаггүй юм. Жирэмсэн байхдаа өөрийгөө хүүхдээрээ гэж бодоод л гэрийнхэндээ “Надад ууттай бэлэг өгөөрэй. Миний хүүхэд байх сүүлийн шинэ жил шүү” гэж хэлж байсан юм. Тэгсэн гэрийнхэн маань тоглож байна гэж бодоод надад бэлэг өгөлгүй дүү нарт маань бэлэг тараачихсан. Би өөрөө их догдолчихсон, бэлэг авна гэж бодож байсан болохоор шууд уйлчихсан. /Инээв/ Тэгээд гэрийнхэн маань сандраад дүү нарын бэлгүүдээс нэг, нэг юм аваад надад бэлэг боож өгч байсан юм.

Маш хөдөлгөөнтэй, мотоцикл унадаг, эрч хүчтэй охиноос ээж болох их сонин мэдрэмж байсан. Гэхдээ найз нөхөд, гэр бүлийнхээ тусламжтайгаар маш сайхан амаржаад, хүүхдээ өлгийдөж авсан.

Охид бүсгүйчүүддээ хандсан урмын үгсээр яриагаа өндөрлөе.

Одоо цагтаа л амьдарч байгаарай гэж хэлье. Хэзээ ч биелэхгүй зүйлсийг мөрөөдөж, өөрийгөө бусадтай харьцуулж урам зоригоо битгий мохоо. Болоогүй байгаа зүйлсэд санаа зовж, өнгөрсөнд хоргодож аливааг буруутгах хэрэггүй. Хүн бүр л яг одоо цагт буюу өчигдрийнхөө ирээдүйд амьдарч байгаа шүү дээ. /Инээв/ Тиймээс өнөөдөртөө л анхаарал хандуулж, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрдэг байгаарай.

Эмэгтэй хүний алхсан жимээр өнгө өнгийн цэцэгс алаглан ургадаг гэдэг. Тиймдээ ч бүсгүй хүнийг хамгийн сайхан бүхэнтэй зүйрлэдэг байх. Та ч мөн адил байгаа газар бүрдээ тодоос тод гэрэлтэж, бусдад гэгээлэг бүхнийг түгээж байгаарай.

Маш их баярлалаа. Танай редакцын хамт олонд амжилт хүсье.

Сэтгүүлч: Э. Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

У.Болдбаатар: Дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчид ачаалал ихтэй ажилладаг

Бид энэ удаа Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянгол дүүргийн Криминалистикийн шинжилгээний т

2020-05-25

Б.Даваасүрэн: Өнөөдрийн бүтээсэн хийгээд ирээдүйд бүтээх бүхэн өвөөгийн минь надад үлдээсэн өв хөрөнгө, үнэт зүйлс

"Чимээгүйхэн өөрийнхөө хэмжээнд зогсолтгүй хөдөлмөрлөж байгааг минь үнэлж, хүндэтгэж зочноор урьсанд

2020-05-24

Ц.Цэцэгжаргал: Төв аймгийн 17 дурсгалт газрыг улсын хамгаалалтад бүртгэсэн

“Зууны мэдээ” сонины “Монгол өв соёл” буланд Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжа

2020-05-22