Д.Санчир: “Тавиул хүүхдүүд” хүчирхийллийн золиос болох нь их

2020-01-14 Ярилцлага

Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв ТББ нь байгуулагдаад 25 жил болж байна. Тус байгууллага эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг эцэс болгох, хохирогчдыг хамгаалах чиглэлээр ажилладаг.

Бид энэ удаад тус төвийн Хуулийн зөвлөх Д.Санчиртай уулзаж, 2019 онд гарсан хүчирхийллийн тоо, түүний хэлбэр болон хүчирхийллийн эсрэг явуулж буй үйл ажиллагаанд тулгарч буй асуудал, ахицын талаар ярилцлаа.

Та бүхэн 2019 оны ажлаа дүгнэж тайлангаа нэгтгэж буй үед бид уулзаж байна. 2019 онд хүчирхийллийн нөхцөл байдал өмнөх онтой харьцуулахад ямар дүр зураг гарч байна вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн хувьд 2018 онд бүртгэгдэж байснаас 25 хүнээр нэмэгдсэн. Өнгөрсөн онд манайд 1150 хүн хандаж зөвлөгөө, үйлчилгээ авсан. Насны байдлыг авч үзвэл 18-34 насныхан 53,7 хувийг, 35-54 насныхан 35 хувийг, 55-аас дээш насныхан 8 хувь, хүүхдүүд 4,2 хувийг эзэлж байна. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд манай байгууллагын гаргасан статистик хүчирхийллийн гаралтыг шууд илэрхийлэхгүй. Ер нь хүчирхийллийн мэдээлэгдэх байдал өссөн боловч гаралт буурахгүй хэвээр байна.

Бид энэ тоог дэлхийтэй харьцуулж харахдаа гамшигт хүрсэн гэж ойлгох хэрэгтэй. Дайн байлдаангүй улс орон атлаа жилд осол аваар, хүчирхийллийн улмаас нас барж байгаа хүний тоо маш өндөр байдаг. Хэдийгээр эрүүл саруул мэт нийгмийн харилцаанд ороод явж байгаа боловч сэтгэл зүйн дарамтад, ар гэртээ хүчирхийлэлтэй бидний олж мэдээгүй хүмүүс олон бий.

Хүчирхийллийн хэлбэрийн хувьд сэтгэл санааны, бие мах бодийн, бэлгийн, эдийн засгийн гэсэн үндсэн дөрвөн хэлбэр байгаа. Бид сэтгэлзүйн, хууль зүйн туслалцаа өгөхийн зэрэгцээ өмгөөллийн үйлчилгээг үзүүлдэг. Амь нас нь аюултай бол түр хамгаалах байраар хангадаг. Мөн итгэлийн утасны үйлчилгээг үзүүлж байна.

Хүчирхийлэлд өртөж буй хохирогчдын хүчирхийллийн үүсэх болсон шалтгааныг тодруулах үүднээс танд халдаж, нийгмээс тусгаарлаж байна уу, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байна уу, амиа хорлох бодол төрж байсан уу, эсвэл тухайн хүнээ гэмтээх бодол төрж байсан уу зэрэг асуулгыг нэмж авах замаар хүчирхийлэл үүсэх, нөгөө талаар хүчирхийллийн хохирогч болсон шалтгааныг тодорхойлж байна. Ингэснээр бид цаашид хүчирхийллийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ нарийвчлах боломжтой.

Өнгөрсөн онд бид эмэгтэйчүүдийн хорих ангиар явж судалгаа хийсэн. Энэ үеэр гэр бүлдээ хүчирхийлэл үйлдээд хоригдож байгаа эмэгтэй байхгүй боловч өөрөө олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байснаасаа болоод өрсөж бусдын аминд хүрсэн тохиолдол байсан. Тийм учраас нэмэлт асуулгаар нарийн тодорхойлдог.

Мөн манайхаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж үйлчилгээ авдаг. Үүнд сонсголын болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг. Сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд бидэнд хэлмэрч байхгүйгээс бэрхшээл үүсдэг.

Хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байгаа учраас түлхүү энэ чиглэлд анхаарлаа хандуулдаг гэж хэлж болно.

Монгол Улсад хүчирхийлэл үүсч буй суурь шалтгааныг хэрхэн тодорхойлж байна вэ?

Хамгийн гол шалтгаан нь ярилцаж ойлголцохгүй байгаа явдал. Манайхан багаасаа эцэг эхтэйгээ ярилцдаггүй. Хүүхдээ аливаа зүйлийн талаар хэлж, ярих гэхээр “Битгий олон юм яриад бай, эмэгтэй хүүхэд шиг шалчганалаа” гэх зэргээр эрэгтэй хүүхдийн мэдрэмжийг дарчихдаг. Ингэж өссөн хүүхдүүд амьдрал дээр гарч, эхнэртэй болоод ирэхээрээ гэр бүлдээ тулгамдаж буй асуудлаа ярилцаж чаддаггүй. Аливаа бэрхшээлийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй явсаар эцэстээ хүчээр асуудлыг шийдэх замыг сонгодог.

Даамжирсаар найз нөхөдтэйгээ нийлж уух тохиолдол байна. Гэтэл энд ямар нэгэн гаргалгаа, зөв арга замын талаарх зөвшилцөл огт үүсдэггүй. Адилхан согтсон хүмүүс нэгэндээ зөвлөгөө өгч чадахгүй шүү дээ. Ингэсээр асуудлаа эерэгээр бус сөргөөр шийдэж байна. Дээрээс нь хүчирхийлэл үүсэхэд тухайн улсын уламжлал, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээн дэх шүүлтүүргүй мэдээлэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Жишээ нь, Жалам хар гэдэг шар айрагны сурталчилгаанд эрэгтэй, эмэгтэй хоёр гэрлэж байгаагаар гардаг. Эрэгтэйг нь дээш шидэхэд пиво бариад буугаад ирдэг бол эмэгтэйг нь шидэхэд индүү, хайруулын таваг бариад бууж ирнэ. Энэ нь үндсэндээ эмэгтэй хүн гэртээ байж, гэрийн ажил хийх, эрэгтэй нь гадуур гарч ууж идэх ёстой юм шиг ойлголтыг өгч байна.

Өнгөрсөн онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл нийгмийг маш их цочроолоо. Танай зүгээс хүүхдүүдэд чиглэсэн ямар ажил, арга хэмжээг зохион байгуулсан бэ?

Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн агентлаг Гэр бүл хүүхэд хөгжлийн газар байгаа учраас тус байгууллага илүү ажиллаж байгаа. Гэхдээ бидний хувьд ээжтэйгээ болон дангаараа ирсэн 50 хүүхдийн кэйс дээр агентлагтай гэрээлэх замаар ажилласан. Дан эдгээр хүүхдүүдэд бус тэдний ар гэртэй нь давхар ажиллаж, хүүхэд хүмүүжлийн чиглэлээр ажилласан. Хүүхдийн тухайд үл хайхрах болон бэлгийн хүчирхийллийн кэйсүүд түлхүү байна. Би хүчирхийллийн кэйсүүдийг дэлгэрэнгүй ярахаас зайлсхийж байна. Яагаад гэхээр манай улс жижигхэн, хүчирхийллийн хэлбэр, үйлдэгддэг нөхцөл нийтлэг учраас надад тохиолдсон зүйлийг ярьчихсан байна гэх зэргээр хохирогчдын хувьд хүндээр тусна. Нөгөө талдаа хохирогчийн эрхийг бид хамгаалах ёстой.

Хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд яагаад өртөөд байна вэ?

“Тавиул хүүхдүүд” буюу эцэг, эхээсээ хол амьдарч байгаа хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болж байна. Хотоос хөдөө орон нутагт эмээ, өвөө, хамаатныдаа амьдарч байгаа эсвэл хөдөөнөөс сум, аймгийн төв, хот руу сурахаар орж ирсэн хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Хүчирхийлэгчийг нь судлаад үзвэл ураг төрлийн холбоотой хүмүүс үйлдсэн байх нь түгээмэл. Тиймээс, аймаг, нийслэлийн анхан шатны нэгж дээр ажиллаж буй хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаа зэрэг хамтарсан багийн үйл ажиллагааг чадваржуулах, улмаар урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой юм. Наад зах нь сургууль, цэцэрлэгт хүрч, хүүхдийны нас, сэтгэхүйд тохирсон мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх, тухайн гэрт амьдарч буй гэр бүлийн гишүүдийн нарийн судалгааг гаргаж, эрсдэл бүхий бүлгийг тодорхойлж нөхцөл байдлын үнэлгээг хийх ёстой.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн түр хамгаалах байр 14, нэг цэгийн үйлчилгээний төв 14 байдаг. Эдгээр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, төр иргэдээ хамгаалах ажлаа эрчимжүүлчихвэл бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тэмцэлдээ үсрэнгүй ахиц гаргаж чадна.

Хамгаалах байранд маш хүнд нөхцөлд орсон иргэд ханддаг байх. Энэ байранд ирснээр хохирогч ямар үйлчилгээ авдаг вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд маш олон хэрэгцээ байдаг. Орон байрны хэрэгцээ, хүүхдээр нь барьцаалж хүчирхийлэл үйлдэх зэрэг хүндрэлүүд үүсдэг учраас сургууль, цэцэрлэгийг нь яах вэ гээд нарийн зүйлс их. Тиймээс түр хамгаалах байранд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан ажиллаж дэмжлэг үзүүлж байна. Тэд маань тухайн хохирогчийг ажилд зуучлах, хамт олонтой болгох, сөрөг зан үйлтэй бол түүнийг засах зэрэг олон талт үйлчилгээг үзүүлдэг. Хуулийн зөвлөхийн тухайд гэр бүлээ салгах, эд хөрөнгө хуваах зэрэгт дэмжлэг үзүүлж ажилладаг.

Хүчирхийллийн хэрэг нэг гараад дуусчихдаггүй. Тур тусмаа гэр бүлийн хүрээний хүчирхийлэл дахин гарах магадлалтай. Тэгэхээр дахин гаргахгүй байх чиглэлд ямар бодлого барьж ажилладаг вэ?

Үнэхээр ийм асуудал гардаг. Зарим хохирогчийн хувьд манайхаар 4-5 жил дараалан үйлчлүүлэх ч тохиолдол бий. Тийм учраас манайх үйлчлүүлэгч нартайгаа аюулгүйн төлөвлөгөөг гаргадаг. Өмнөх онуудад хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүд биднийг ирэхэд гадаа нүцгэн зогсож байдаг байсан. Энэ бол төлөвлөгөө байхгүйтэй холбоотой. Уг төлөвлөгөөнд гараад явахад хувцсаа хаана байрлуулах вэ, бичиг баримтаа хаана хадгалах вэ, хүчирхийлэл хүндэрвэл цагдаатай хэрхэн холбогдох вэ, аюулгүй байдлаа хэрхэн яаж хангах вэ гээд эрсдэл үүсэх хувилбар бүрт тохирсон нөөц төлөвлөлт хийж өгдөг.

Хохирогч заавал хүчирхийлэл үйлдэгчээс сална гэсэн шийдвэрийг гаргах албагүй. Сонголт өөрт нь байдаг. Сэтгэл зүйн салалт байхгүй нөхцөлд гэр бүлийн батлалтыг салгасан ч үр дагавар зогсохгүй байх талтай. Нэгнээ миний эхнэр, эсвэл нөхөр гэсэн нүдээр хараад хэсэг хугацааны дараа хамтран амьдрагч болох жишээтэй. Эндээс харахад эрсдэл олно янзаар үүсэх магадлалтай учраас боломжийг нь хэлэх замаар аюулгүйн төлөвлөгөөг боловсруулдаг.

Танай мэдээллээс харахад өндөр настнууд хүчирхийлэлд өртсөн байна. Ямар төрлийн хүчирхийлэлд настнууд маань өртдөг юм бэ?

Ахмад настны эсрэг хүчирхийлэл тэдний санхүүгийн болон хөрөнгийн нөхцөл байдалтай холбоотойгоор үүсдэг. Бид бүгдийн мэдэж байгаачлан өндөр настны тэтгэврийн зээлийг маш олон сараар авахуулдаг. Үүний дараагаар гудамжинд хөөгөөд гаргачихна. Зээлийн төлөлт дуусахад сайхан загнаад буцаагаад өөр дээрээ авах тохиолдол бий. Эсвэл орон байрыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг шахаж шаардах явдал бий. Үүнийг дагаж гэмтэж бэртээх, дарамт үзүүлэх тохиолдол байна.

Тайлангийн мэдээлэлд нийт хүчирхийлэлд өртөгсдийн 6,4 хувийг эрчүүд эзэлсэн гэх тоо байна. Эрэгтэйчүүд ямар төрлийн хүчирхийлэлд өртдөг юм бэ?

Хүчирхийлэлд эрэгтэй хүн өртөхгүй гэсэн зүйл байхгүй. Эрчүүд ихэнхдээ гэр бүлийн зүгээс эхнэрийнхээ үзүүлж буй сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг. Мөн эдийн засггийн хүчирхийлэлд өртдөг. Ажлын байрны бэлгийн дарамтад дан ганц эмэгтэй хүмүүс өртөх биш эрэгтэй хүмүүс ч өртөх тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал нэг залуутай өөрөөс нь өндөр албан тушаалтай, ахимаг насны эмэгтэй харилцаа тогтоогоод дараа нь өөрийн эрхшээлдээ байлгахаар удаа дараа дарамт үзүүлж, хүслийг нь гүйцэлдүүлэхгүй бол бусдад хэлнэ гэж сүрдүүлсэн тохиолдол гарч байсан.

2020 онд танай төв ямар үйл ажиллагаанд төвлөрч ажиллах вэ?

Анхан шатны нэгжүүдэд ажиллаж байгаа хүмүүс маань хандлагын хувьд болон ур чадварын хувьд өөрчлөгдсөн байх нь маш чухал.

Өнөөдөр тухайн иргэн хүчирхийлэлд өртөөд хороондоо хандахад тухайн хохирогчид зөвлөгөө тусламж үзүүлэх нийгмийн ажилтанд ганцаарчлаад уулзах өрөө байхгүй байна. Дээрээс нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ зөв хандлага гаргах нь чухал. Өөрөө ширээний ард өндөр сандал дээр суучхаад бусдын амьдралд нуугдаж буй хүнд сэдвийг нээх, түүнд тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэг өөрөө боломжгүй зүйл. Тийм учраас бид амьдрал дээр холбогдох хуулиа хэрэглээд явахад дэмжлэг үзүүлэхээр чадавхжуулах сургалтуудыг хийхээр зорьж байна. Ингэхдээ ажлын байранд дагуулан сургах нь маш чухал байдаг. Бид өнгөрсөн онд нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд дагуулан сургах аргачлалыг ашиглаж сургалтаа явуулсан. Кэйсийг нээхээс хаах хүртэлх прецессийн бүхий л ажлыг зааж, сургасан. Энэ жил мөн энэ аргачлалыг ашиглаж анхан шатны нэгжүүдэд төвлөрч ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа.

Б.ЧИНБАТ

Холбоотой мэдээ

Т.Ням-Очир: Бүх хүүхдийн сурах бичгийг түрээсийн журмаар хангана

2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил ямар байгаа талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын

2020-07-08

Б.Барсболд: Цар тахал дотоодын аялал жуулчлалыг хурдасгаж байна

“Discover Mongolia travel” аялал жуулчлалын компанийн захирал Б.Барсболдыг энэ удаагийн “Бизнес, хөг

2020-07-08

С.Рэгзэн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байдаг

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэнтэй ярилцлаа. -Танай яа

2020-07-08