fbpx

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

2020-01-19 1144

Ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрах гэрээ байгуулсан тухай Букингэмийн ордноос Бямба гарагт мэдээлжээ.

“Харри, Меган, Арчи нар үргэлж миний гэр бүлийн хайртай гишүүд хэвээр байх болно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэдэнд тулгарсан бэрхшээлүүдийг би ойлгож, хараат бус амьдралаар амьдрах хүслийг нь дэмжиж байна” гэж хатан хааны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Гэрээний дагуу хосууд Британийн эрхэм дээд язгууртны “Суссексын гүн, гүнгийн ахайтан” гэсэн хэргэм зэргээсээ татгалзахаар болжээ.

Тэд бас Уиндсорын шилтгээний ойролцоох гэртээ засвар хийхэд Британийн татвар төлөгчдийн мөнгийг ($3.1 сая орчим) зарцуулснаа буцааж төлөхөөр болсон байна.

Мөн одооноос эхлэн Британийн төсвөөс ямар ч санхүүжилт авахгүй амьдрахаар шийджээ.

Хатан хааны мэдэгдэлд “Өнөөдрийн гэрээ бол тэдэнд маань аз жаргалтай, тайван амьдрах боломж олгох гэсэн миний гэр бүлийнхний бүгдийн хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм” гэсэн байна.

Харри, Меган нар нэгдүгээр сарын 8-ны өдөр анх удаа хатан хааны гэр бүлээс салж, бие дааж амьдрах шийдвэрээ зарлаж байв.

Тэд Канадад шинэ амьдралаа эхлэхээр төлөвлөж байна. Хосууд 2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд хуримлаж, жилийн дараа Арчи нэртэй хүүтэй болсон юм.

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын иргэн, өнгөт арьстан, жүжигчин Меган Мэркл Британийн язгууртны хатуу дэгтэй амьдралд дасах болов уу гэсэн яриа хэвлэлийн байнгын сэдэв болж байсан.

Энэ долоо хоногийн эхээр хатан хаан Элизабет, аав ханхүү Чарьлз, ах ханхүү Уилльям нар Харритай уулзаж, асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцсэн юм.

Харри нь Британийн хаан ширээг залгамжлагчдын зургаадугаарт аав, ах, ахынхаа хүүхдүүдийн дараа бичигдэж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.5 сая давлаа

БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ шинэ коронавирусний халдварын анхны тохиолдлуудын та

2020-04-09

ОХУ вакцины туршилтыг ирэх сард эхлүүлж магадгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анагаахын эрдэмтэн судлаачидтай цахимаар холбогдож “COVID -19” цар

2020-04-09

АНУ-д хоногт 33 мянган шинэ халдвар, 1970 нас баралт бүртгэгдлээ

“Covid-19” өвчний халдварын тохиолдлын тоо өнөөдөр (2020.04.08)-ийн байдлаар дэлхий даяар 1,4 сая да

2020-04-08