fbpx

Ч.Амарбаатар: ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ГАДАГШАА ЧИГЛЭХ ЁСТОЙ

2020-01-20 361

Энэ сарын 16-нд “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” хөрөнгө оруулагчдын форум МҮХАҮТ-ын их танхимд боллоо.
Тус форумд хөрөнгө оруулагч аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид, Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, “Замын-Үүд”, “Алтанбулаг”, ”Цагааннуур“ чөлөөт бүсүүдийн Захирагчийн Ажлын албаны нийт 300 гаруй төлөөлөл оролцов. Тэд эдийн засгийн коридортой чөлөөт бүсийг уялдуулах арга зам, чөлөөт бүсүүдийн өмнө тулгарч буй асуудлыг хэлэлцэж, боломжийг тодорхойлоход төвлөрч байсан юм.

Энэ талаар “Барс” группийн Ерөнхийлөгч, Чөлөөт бүсүүдийн Нэгдсэн зөвлөлийн тэргүүн  Ч.Амарбаатараас тодрууллаа.

Монгол Улс чөлөөт бүс байгуулах санаачлагыг 20-иод жилийн өмнө гаргаж, хуулиа баталсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж, амилахгүй байна. Үүний шалтгааныг юу гэж харж байна?

Өнөөдөр хамгийн чухал асуудал бол чөлөөт бүсийн бодлогыг тодорхойлж байгаа, энэ бүсэд үйл ажиллагаа явуулахыг зорьж буй, эндээс улс орны эдийн засагт өсөлтийг бий болгохын төлөө ажиллаж байгаа бүх талууд нэг зүг рүү харах явдал.

Одоо манайд ажиллаж байгаа чөлөөт бүс дотогшоогоо чиглэсэн байдалтай байна. Гэтэл чөлөөт бүсийн үйл ажиллагааны 95 хувь гадагшаа, үлдсэн хувь дотооддоо чиглэх ёстой. Ингэж чадвал бид маш олон зүйлийг хийх боломжтой болох юм. Тиймээс Монгол Улсын холбогдох хууль, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу шинээр хуулийн болон процессын өөрчлөлт хийлгүйгээр чөлөөт бүсийн ажлыг явуулах хэрэгтэй байна. Энэ утгаараа Засгийн газраас Замын-Үүдийн чөлөөт бүсээ нээхийг хүсэж байна.

Нөгөө талдаа бид сэтгэлгээгээ өөрчлөх цаг нь болсон. Бид үгээгүй ядуу нийгмээс ардчилал, зах зээлийн нийгэмд хөл тавьсан. Энэ үедээ хэрэгтэй, хэрэггүй олон зүйлийг хамж шимээд хөгжлийн бодлогоо боловсруулж байсан. Гэтэл улс орны хөгжил хэрхэн бий болдог, түүнийг ямар бодлогоор хөдөлгөдөг вэ гэдэг дээр ойлголцолгүй явж ирсэн. Чөлөөт бүс дээр ч мөн ялгаагүй. Бид чөлөөт бүсийг дангаараа орших ёстой гэж ойлгоод байсан. Тэгвэл чөлөөт бүсүүд бүгдээрээ хамтран ажиллах, хамтын ажиллагааны тэс өөр горимоор явах ёстой юм. Эндээс улс орны эдийн засагт хөгжил нэмэх боломжууд гарч ирнэ.


Боломжийн талаар ярьж байна. Тухайлбал, ямар боломжууд байна вэ?

Дэлхий дээр 4000 орчим чөлөөт бүс байдаг. Түүний 2400 орчим нь БНХАУ-д байдаг. Хятад улс эдгээр чөлөөт бүсээрээ дамжуулан хөрөнгө оруулалт, техник технологи гээд бүгдийг татаж байна. Тэгвэл монголчуудад ийм боломж байна уу. Мэдээж байгаа.

Манай удирдлагууд ганцхан уул уурхай, нүүрсний аман дээр алалцаад чөлөөт бүсийг тойрсон боломжуудыг алдаж байна.

Монголчууд далайд гарцгүй гэж ярьдаг. Дэлхийн нэг номерын улсууд хажууд байхад бид далайн гарцаар яах юм. Монголчууд Орос, Хятад гэсэн хоёр том гүрнийг хооронд нь холбох, бараа таваарын ложистик хийхэд л болоод явчих зүйл. Дээр үедээ бид тэмээн хөсгөөр цай зөөдөг байсан. Хятадын цайг тэмээнд ачаад Алтанбулаг, Хиагтаар гараад зардаг цайны замыг бий болгосон. Тэгвэл одоо яагаад ганцхан нүүрс зөөгөөд байгаа юм бэ гэдгээ эргэж харах, бодох ёстой. Бодоод үзэхээр чөлөөт бүс хоорондын уялдаа холбоог хангах, нэгдмэл бодлого, зохицуулалтыг хийх нь эхний том алхам. Тиймээс энэ форумыг хийж байна.

Чөлөөт бүсийн үйл ажиллагаа гадагшаа, тэр тусмаа хөрш орнууд руу чиглэх тухай та хэллээ. Хөрш гүрнүүдийн зах зээл том. Гэхдээ нэвтэрч чадахгүй л байна. Гаргалгаа нь юу вэ?

Өмнө нь бид юм зардаг байсан. Одоо бол Хятадаас худалдаж аваад хятадаа хараагаад сууж байна. Яагаад бид өөрсдөө хятад руу юм зарж чадахгүй байгаа юм бэ. Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн бус дэлхийн бүх юмыг авчраад урд хөршид зарж болно. Гэхдээ 1,3 тэрбум хүнтэй хятад гүрэн тэр чигтээ манай бизнесийн орчин биш. Жининиэс Хөх хот, Бугат, Ордос гээд цаашаа явахад 30 гаруй сая хүн байна. Энэ бол манай зорилтот зах зээл. Өөрөөр хэлбэл бид бизнесийг хийхдээ бүсчилж харж сурах ёстой. Гуравхан сая хүнтэй жижиг зах зээл дээр супер ажиллаж чадаж байгаа менежерүүдээ бид нар яагаад 30 сая хүнтэй зах зээлд оруулж ажиллуулж болохгүй гэж. Ингэж чадвал бидний ярианы сэдэв эдийн засгийн агуулгаараа тэс өөр болж, үсрэнгүй хөгжлийн тухай ойлголт гарч ирнэ гэлээ.

Үйл ажиллагааны төгсгөлд тус форумаас гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж бизнес эрхлэгчдийн дуу хоолой, хүсэл шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлэхээр болж, үүнийгээ тууштай ажил хэрэг болгоно хэмээн дурдлаа.

Ямартай ч дэлхийн аль ч улсад чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эрхэлж ашиг олж, тэр хэмжээгээрээ улсынхаа эдийн засагт зохих хувь нэмрээ оруулах нь бизнесийн салбарын үүрэг байдаг. Тийм ч учраас Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хэлсэнчлэн Монгол Улс чөлөөт бүсийг хөгжлийн гарц болгохын тулд төрийн зүгээс зоримог шийдвэр гаргах, бодитой ажил хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.БАТЖАРГАЛ: БИД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗАМАА ТАВЬЖ ЧАДЛАА

2016 оны сонгуулиар томилогдсон аймгийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Х

2020-02-13

П.ТӨМӨРЦЭЦЭГ: Хүүхэд шиг алмайрч, гайхаж, биширч бүхнийг шинээр хүлээж авч сур

“Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” ТББ-ын тэргүүн П.Төмөрцэцэгтэй талархал ба түүнд орших хүч, бусдад х

2020-02-10

Г.Очирбат: Миний хөдөлмөрийн гараа туслах ажилтан

Монголчуудын хэрэглээнд “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живхээрээ хэдийнэ танил болсон “ТНГ

2020-02-08