fbpx

Ц.Цэдэндаш: Төрөлт бол байгалийн жам ёсны үйл явц болохоос ямар нэгэн эмгэг, өвчин биш

2020-01-22 426

Энэ удаагийн ярилцлагаа бид нар жирэмсэн эхчүүддээ зориулан бэлтгэлээ. Эмэгтэй хүн бие давхар болсноо мэдсэн даруйдаа өөрт тохирох эмчээ сонгож, байнгын хяналтад орох нь зүйтэй. Ингэснээр жирэмсэн эмэгтэй өөрийн биеийн байдал, ургийнхаа өсөлтийн явцыг мэдэж, ямар нэг гажиг байгаа тохиолдолд түүнийг эрт үед нь илрүүлэх боломжтой болох юм. Ингээд та бүхэнд Интермэд эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Ц.Цэдэндашийн зөвлөгөөг хүргэж байна.

Эмэгтэй хүн жирэмсэн болоод хамгийн түрүүнд жирэмсний хяналтад ордог. Гэхдээ хяналтдаа ордоггүй эмэгтэйчүүд мэр сэр харагддаг…

Жирэмсэн эмэгтэйчүүд заавал хяналтад орох шаардлагатай. Хяналтад орсноор аливаа болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг юм. Тэгэхээр жирэмсний хяналтыг маш чухал үүрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө эрүүл жирэмсэн эх хамгийн багадаа хяналтынхаа эмчид 6 удаа үзүүлэх ёстой байдаг. Гэхдээ тухайн хүний жирэмслэлт эрсдэлтэй жирэмслэлт байвал 8-9 удаа эмчдээ үзүүлэх шаардлагатай. Хэвийн жирэмслэлтийг анхан шатны эмнэлгийн эмч нар хянадаг бол эрсдэлтэй жирэмслэлтийг нарийн мэргэжлийн эмч нар буюу 2,3 дахь шатлалын эмч нар хянадаг гэж ойлгож болно.

Эрсдэлтэй жирэмслэлтийг хэрхэн тодорхойлдог вэ?

Эрсдэлтэй жирэмслэлт нь 4 бүлэгт хуваагддаг. Ерөнхийдөө тухайн хүний нас, амьдралын боломж, хорт зуршил, архаг хууч өвчин, жирэмсэн байх үеийн зовиур, эрхтэн тогтолцооны эмгэг байгаа эсэх зэргийг хянаж үзээд жирэмсний эрсдэлийг нь тодорхойлдог.

Зарим ээжүүд улсын эмнэлгийн хяналтаас төвөгшөөж, хувийн эмнэлэгт хүүхдээ эход харуулаад л яваад байдаг. Тэгэхээр нийгэмд улсын эмнэлэгт төрөхгүй л бол хяналтад орох шаардлагагүй гэсэн ойлголт яваад байх шиг…

Эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ товлолт хугацааны дагуу шинжилгээнд хамрагддаг. Энэ нь аливаа эрсдэл, хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Хүн бүр жирэмсний 11 долоо хоногийн дотор хяналтдаа орж, жирэмсний бүх төрлийн шинжилгээнүүдэд хамрагдах ёстой. Дараа нь нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай юм.

Ингэснээр тухайн эх ямар нэг эрсдэлгүй, эсэн мэнд амаржина гэсэн үг. Аль эмнэлэгт төрөх эсэх нь хувь хүний сонголт хэдий ч улсын эмнэлэгт хяналтад орох нь олон давуу талтай. Жишээлбэл, жирэмсэн байх хугацаанд ямар нэг хүндрэл учирч, гэнэт өвдлөө гэж бодоход харьяаллынхаа улсын эмнэлэгт шууд очиж үзүүлдэг. Тэгэхийн тулд харин тухайн эх жирэмсний хяналтад орж, дэвтэр нээлгэсэн байх ёстой юм.

Олон жирэмсэн эхчүүд тонусаас болж их шаналдаг. Тэгвэл энэ тонус нь яг юунаас болж үүсдэг юм бэ?

Умайн булчингийн хатуурал, зангирлыг тонус гэж нэрлэдэг. Умай нь өөрөө булчинлаг эрхтэн учраас чангарч, сулрах тохиолдол байдаг. Гэхдээ тухайн хатуурал, зангирал нь урагт аюултайгаар нөлөөлж байвал сулруулах эмчилгээг хийлгэх нь зөв. Харин байгалийн жамаараа суларч, хатуураад байвал ажиглах нь зүйтэй юм. Хүмүүс тонустахаар зулбадаг, дутуу төрдөг гэж их ярьдаг. Энэ нь зөв боловч дутуу төрөх, зулбах эрсдэлийг умайн хүзүүний байдал, шинж чанарыг нь эход харж байж шинжилж тодорхойлдог. Түүнээс биш тонус нь дангаараа дээрх эрсдэлүүдийг бий болгодоггүй. Тэгэхээр эмэгтэйчүүд маань булчин зангирлаа физиологийнх уу аль эсвэл үнэхээр аюултай байна уу гэдгийг нь ялгаж салгаж, эмчээс зөвлөгөө авах нь чухал юм. Булчин зангирлаа гээд л юу юугүй эм уугаад байж болохгүй.

Эх удаан хугацаанд тонустай байвал хүүхэд нь тархины даралттай төрдөг гэх ярианууд байдаг. Энэ нь хэр бодитой вэ?

Энэ нь тонустай шууд хамаарахгүй. Хүмүүс хүүхдийн толгой хөлрөх, их уйлах зэрэг шинж тэмдгийг шууд тархины даралттай холбож ойлгодог. Яг үнэндээ тархины даралт нь маш том ойлголт юм. Хэрвээ үнэхээр тухайн хүүхэд тархины даралттай байвал маш аюултай байдаг.

Үүнийг нярайн эмч нар үзлэг шинжилгээгээ хийгээд, оношилдог. Түүнээс биш тонусаас болж хүүхэд тархины даралттай төрдөг гэсэн батлагдсан зүйл байхгүй.

Жирэмсний 3 сартайгаас хойшоо ээжүүд витамин хэрэглэж эхэлдэг. Та витамины хэрэглээний талаар зөвлөгөө өгөөч…

Юун түрүүнд ээжүүд маань фолийн хүчлээ уух хэрэгтэй. Энэ нь ургийн мэдрэл, нугас, зүрх судасны эмгэгүүдээс тодорхой хувиар урьдчилан сэргийлдэг. Мөн жирэмсэн байх хугацаанд ураг болон эхэд шаардлагатай витаминуудыг гаднаас нөхөж өгөх хэрэгтэй байдаг.

Ялангуяа Монгол хүмүүсийн витамины түвшин дэлхийн дунджаас нэлээн доогуур байдаг. Энэ нь газар зүйн байрлал, хоол хүнсний хэрэглээ зэргээс шалтгаалдаг юм. Жишээлбэл, витамин Д нь хүний биед байнгын нийлэгждэггүй учраас гаднаас нэмэлтээр зайлшгүй авах шаардлагатай болдог. Д витамин багатай хүнээс Д витамин багатай хүүхэд л төрнө шүү дээ. Д витамин нь кальцийг яс руу зөөх маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Үүнээс гадна бусад витаминууд ч гэсэн хэрэгтэй. Гэхдээ эмчтэйгээ ярилцаж, ямар витаминыг ямар тунгаар уухаа шийдэх хэрэгтэй. Хүмүүсийн дунд гадаадын үнэтэй витаминууд л сайн гэсэн ойлголт байдаг. Угтаа бол тэдгээр нь тухайн улс үндэстнийхээ хүмүүст зориулагдсан тунтай байх нь бий. Тэгэхээр уух гэж байгаа витаминыхаа тун, найрлагыг харж сонголтоо хийх нь зөв юм.

Жирэмсэн байхдаа товлолт шинжилгээнүүдээс гадна өөр зайлшгүй хийлгэх ёстой шинжилгээнүүд байдаг уу?

Жирэмсний 11-13 долоо хоногт ургийн шилний арын зай буюу хромосомын гажгийг эрт илрүүлэх шинжилгээг хийлгэж, 27 долоо хоногтойд ургийн анатомийн гажгийг шалгуулах хэрэгтэй. Мөн жирэмсний 24 долоо хоногтойд цусан дахь сахарын хэмжээгээ хянуулж, 36 долоо хоногтойд халдварын шинжилгээг хийлгэх шаардлагатай. Бусад шинжилгээнүүдийн хувьд бүгд товлолын дагуу хийгддэг.

Хүүхэд гэдсэнд байхдаа бүхнийг мэдэрдэг гэдэг. Тэгвэл ургийн мэдрэмжүүд хэдээс хэдэн сартайдаа хэрхэн хөгждөг вэ?

4 долоо хоногтойгоос ургийн зүрх нь цохилж, тархины хөгжил нь бага багаар явагдаж эхэлдэг. Тэгэхээр хүүхэд энэ үеэс буюу мэдрэлийн эрхтэн тогтолцоо нь хөгжиж эхэлсэн цагаас аливаа гаднах дуу чимээг мэдэрч, сонсдог гэж хэлж болно. Харин 11,12 долоо хоногтойгоосоо хойш хүүхэд бүхий л дуу чимээг бүрэн сонсож, ээжийнхээ сэтгэл хөдлөлийг хүртэл мэдэрч эхэлдэг. Жишээлбэл, эх ямар нэгэн байдлаар уурлаж бухимдах үед хүүхэд эсэргүүцлээ илэрхийлж, хариу үйлдэл үзүүлдэг. Тэр нь тонус байдлаар илэрдэг ч гэх судалгаа байдаг.

Зулбалтын шалтгаануудаас дурдвал…

Маш олон шалтгаанууд байдаг. Ер нь дутуу төрөх, зулбах эрсдэлээс сэргийлье гэвэл умайн хүзүүнийхээ уртыг мэргэжлийн эмчид үзүүлж, харуулах хэрэгтэй. Учир нь умайн хүзүү богинотой хүмүүсийн зулбах эрсдэл өндөр байдаг юм. Мөн ургийн гаж хөгжил, вирусийн болон үрэвслийн гаралтай халдваруудаас болж зулбаж болдог. Шалтгаан тодорхойгүй болон өсөлтгүй жирэмслэлтээс шалтгаалж зулбах нь ч бий.

Жирэмсэн болоод зулбасан тохиолдолд дараагийн жирэмслэлтээ хэр хугацааны дараа төлөвлөх хэрэгтэй вэ?

Шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөд ямар нэгэн архаг халдвар вирус илрэхгүй байвал 3 сар болон түүнээс дээш хугацааны дараа жирэмсэлж болно.

Хүсээгүй жирэмслэлтээс үүдэж үр хөндөлт гэх асуудал гарч ирдэг. Үүний хор уршгийн талаар мэргэжлийн эмчээс нь асууж тодруулмаар байна…

Үр хөндөлт бол мэс ажилбарын нэг хэлбэр юм. Ер нь аливаа мэс ажилбарууд араасаа заавал эрсдэл, хүндрэлүүдийг дагуулж байдаг. Аборт гэдэг нь умайн хөндийд бэхлэгдсэн ургийг хүчээр буюу механик аргаар гадагшлуулж, гаргахыг хэлдэг. Монгол улсын хуульд эх 11 долоо хүртэлх хугацаанд өөрийн хүсэлтээр үр хөндөлт хийлгэж болно гэж заасан байдаг. Харин хожуу хугацааны үр хөндөлтийг нарийн мэргэжлийн эмчийн заалттайгаар хийдэг. Өөрөөр хэлбэл эмч нарын зөвлөгөөний хурлын шийдвэрээр жирэмслэлтийг таслан зогсоодог гэсэн үг юм.

Абортоос үүдэж умайн хөндийн дотоод салст их хэмжээгээр гэмтдэг. Учир нь механик аргаар жирэмслэлтийг зогсоож, хусаж, соруулж ургийг гаргаж байгаа шүү дээ. Түүнчлэн энэ нь нөхөн төлждөггүй учраас дараа дараагийн жирэмслэлт дээр олон хүндрэлийг үүсгэдэг. Тийм болохоор залуус маань гэр бүл төлөвлөлтөд маш сайн анхаарах хэрэгтэй юм. Хамгийн аюултай нь, аборт хийлгэсэн эмэгтэй ахин жирэмсэн болохгүй байх нь ч бий.

Жирэмсний үед илэрч болох аюултай шинж тэмдгүүд юу вэ?

Толгой өвдөх, толгой эргэх, аюулхай, хэвлийн орчмоор өвлөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх, үтрээгээр цус эсвэл ус их хэмжээгээр гарах, хүүхэд хөдөлгөөнгүй болох, хөдөлгөөн нь цөөрөх гэх мэт шинж тэмдгүүд илрэх юм бол яаралтай харьяа төрөх эмнэлэг рүүгээ очиж, үзүүлэх хэрэгтэй.

Төрөлт нь өөрөөрөө болон кесар хагалгаагаар гэж 2 хуваагддаг шүү дээ. Тэр ч утгаараа зарим хүмүүс төрөхийн өвдөлтөөс айсандаа өөрийн хүслээр кесар хагалгаа хийлгэх болсон байна…

Ер нь байгалийн жамаараа буюу өөрөөрөө төрөх нь хамгийн зөв сонголт юм. Гэхдээ тухайн эх болон ургийн биеийн байдал зэргээс хамаарч эмч нар хамгийн аюулгүй замаар төрөх үйл явцыг удирддаг гэдгийг санах нь зүйтэй. Кесар хагалгаа нь мэс ажилбар учраас цус алдах, шарх халдварлах гэх мэт тодорхой эрсдэл хүндрэлүүдийг араасаа дагуулж байдаг. Түүнчлэн кесар нь эмчийн заалтаар, шаардлагатай тохиолдолд л хийгддэг хагалгаа юм.

Үүнээс гадна олон дахин кесар хагалгаа хийлгэсэн тохиолдолд сорвины жирэмслэлт үүсэх аюултай байдаг. Энэ нь умай дээр үүссэн сорвижилт нь дараагийн жирэмслэлтэд хүндрэл учруулахыг хэлж байгаа юм. Тиймээс байгалийн жамаараа төрөх нь төрсний дараах эрсдэлүүдийг тодорхой хэмжээнд бууруулж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс өвдөлт намдаах тариа хийлгэж өөрөөрөө амаржих болсон. Гэхдээ эхчүүд маань төрөлт бол байгалийн жам ёсны үйл явц болохоос биш ямар нэгэн эмгэг, өвчин биш гэдгийг хүлээн зөвшөөрч сэтгэл зүйгээ жирэмсэн байх хугацаандаа бэлдэж байх хэрэгтэй юм.

Тухайлбал,  8-10 цаг өвдөж байгаад эмчийнхээ заалтаар кесар хийлгэсэн хүмүүс ч байдаг. Тэгэхээр хүмүүс төрөлтийн үйл явц гэнэтхэн хаашаа ч эргэж болохыг ойлгох шаардлагатай. Эцсийн дүндээ эмч нарын гол баримталдаг зарчим бол эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулах л шүү дээ.

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Сэтгүүлч: Э.Анударь

Зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.БАТЖАРГАЛ: БИД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗАМАА ТАВЬЖ ЧАДЛАА

2016 оны сонгуулиар томилогдсон аймгийн Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Х

2020-02-13

П.ТӨМӨРЦЭЦЭГ: Хүүхэд шиг алмайрч, гайхаж, биширч бүхнийг шинээр хүлээж авч сур

“Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” ТББ-ын тэргүүн П.Төмөрцэцэгтэй талархал ба түүнд орших хүч, бусдад х

2020-02-10

Г.Очирбат: Миний хөдөлмөрийн гараа туслах ажилтан

Монголчуудын хэрэглээнд “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живхээрээ хэдийнэ танил болсон “ТНГ

2020-02-08